Хөгжлийн банкны зээлтэй холбоотой СОНСГОЛ эхэллээ

Admin | 2023-01-15


    Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах Түр  хорооны сонсгол эхэллээ. Сонсголд оролцох болон гэрчээр дуудах хүмүүсийн нэрийг олон нийтэд  зарласан. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.4, 39 дүгээр зүйлийн 39.2, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны сонсголд нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудахаар болсон. Өмнөх Ерөнхийлөгчид, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд 160 гаруй албан тушаалтай хүмүүсийг дуудахаар болсон. Мөн хуулийн байгууллагын удирдлагууд ч сонсголд оролцох болно.

Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болно. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Тодруулбал,  Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх юм байна. 

Дашрамд сонирхуулахад, УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:

  • Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
  • Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
  • Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
  • Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)