БИД ер нь Монголдоо БҮРТГЭЛТЭЙ байгаа...

Admin | 2023-01-16


Хүүхдийн мөнгөнөөс хасагджээ гэсэн сэтгэгдэл өчигдөр цахим орчинд дүүрэн хөврөв. Ганцхан энэ үйл явдлаас харахад л манай улс өнөө сайд дарга нарын бараг хоёр жил яриад байгаа цахим, дижитал улс болох яагаач үгүй харагдана. Бүр цахим яамтай улс шүү дээ.

Гэтэл иргэд “Манайх 2 хүүхэдтэй. Гэтэл 3 хүүхэдтэй гэж бүртгэгдсэн байна”, “Хүүхдүүдийн маань овог өөр өөр байна”, “Нөхөр бид хоёр ажиллаад ч жилийн 50 сая төгрөгийн орлогогүй. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс хасагдчихсан байна” гэх мэтчилэн сэтгэгдэл маш их гарлаа. Бухимдсан иргэд лавлах гэхээр лавлах дугаар нь холбогдохгүй. E-mongolia, ehalamj.mn гэсэн албан ёсны бүртгэлийн сайтууд нь гацчихсан. 

Ичмээр ч юм даа, манай улс цахим шилжилт хийгээд бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Өнгөрсөн намар цахим яам хүртэл байгуулагдлаа. Хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулчихсан салбар гэхэд хэлэх үг олдохгүй юм. Харин бодит байдал дээр байж байгаа царайг нь хар. Бүр манай улс хүүхдийн мөнгөө таслахгүй олгоно гээд Азийн хөгжлийн банкнаас зээл авчихсан яваа. Тийм атал нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно гээд 9 хувиа гадуурхчихсан байдаг. Дахиад харвал 50 сая төгрөгөөс дээш орлоготой гээд олон мянган өрх хассан бололтой. Эсвэл энэ зүгээр цахим системээр далдалсан мөнгө идэх бас нэг арга уу. 

Ямартай ч цаасан архиваасаа долоон дор цахим мэдээлэл нь зөрүүтэй алдаатай. Ганц айлын бүртгэлийг зөв хийчиж чадах мэргэжилтэн байхгүй хэрэг үү. Эсвэл төрийн байгууллагын ажилтнууд ажилдаа ингэж хайнга ханддаг хэрэг үү. Бодит байдал ийм байхад манай сайд дарга нар бараг л цахим улс болчихсон, удахгүй иргэд гэрээсээ ч гарах шаардлагагүй төрийн үйлчилгээг цахимаар авдаг болно гэж том яриад байгаа нь үнэндээ үлгэр бололтой. Төрийн үйлчилгээний ийм төөрөгдсөн мэдээллийн дунд иргэд л цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохирч үлддэг нь ганц үнэн. Наад зах нь хүүхдийн мөнгөө авах гэсэн мэдээлэл нь худал бүртгэгдсэн иргэд ойрын хэдэн өдөртөө төрийн байгууллагын хаалгыг татна. Ингээд төрийн үйлчилгээ эргээд иргэндээ төвөг уддаг жишээ дурдвал түмэн бий. Улсын хэмжээнд тэдэн мянган хүүхэд бий, түүнээс 91 хувь хүүхдийн мөнгө авна гэдэг тоогоо мэдэж байгаа юм чинь, мэдээллийг нь нягтлаад бэлтгэчихэж болно доо.

Хүүхдийн бүртгэл ч гүйцэт хийгдээгүй байхад бидний бусад бүртгэл ч базаахгүй л бололтой. Бид ер нь улсдаа бүртгэлтэй байгаа даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)