Б.ЭНХБАЯР: Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана

Admin | 2023-01-29


Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсголыг энэ оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 

Энэ талаар УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-аар баталсан хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүний дагуу ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх хоёр дахь сонсголын талаар мэдээлэл хүргэж байна.

Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.

  1. Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт нь миний бие өөрөө байгаа. Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана.
  2. Хөгжлийн Банкны охин компани болох "Ди Би Эм Лизинг" ХХК-аас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоотойгоор нийт 35 гэрч дуудагдана.
  3. Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудах ба энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага гарвал нэмж дуудна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна.

Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын таван өдөр гэж тооцож байсан. шалгалтын хүрээнд ярих танилцуулгыг зэргийг харахад ажлын гурав хоногт багтах боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулагдана" хэмээв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)