Ардчилсан намын хувь заяаг ДЭЭД ШҮҮХ энэ удаа эцэслэх үү

Admin | 2023-02-06


   Ардчилсан намын аль даргыг бүртгэхийг Дээд шүүх энэ долоо хоногт шийдэх сурагтай. Ардчилсан нам цагтаа төрийн эрх барьж, зарим жилүүдэд чадалтай сөрөг хүчин явсан үе саяхан. Харин өнөөдөр нам дотроо хөл толгойгоо олохгүй жийлцэж, эрх баригч намын хогийн хутгуур болж, ард түмний элэг доог болж явна. Хоёр талд хоёр шинэхэн даргатай ч хэн нь намаа төлөөлөх нь одоо хэр тодорхойгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Дээд шүүх гэсэн хоёр газрын шийдвэрээс үндсэндээ энэ намын хувь заяа хамаарна. Нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан намын ҮБХ, Их хурал хуралдаж Лу.Гантөмөрийг даргаар сонгосон. Нэгдүгээр сарын 28-нд Ардчилсан намын ээлжит бус XVI Их хурал хуралдаж Д.Ганбатыг даргаар сонгосон. Харин хэн нь чухам Ардчилсан намын дарга болохыг Дээд шүүх шийдвэрлэх л үлдлээ.

Үндсэндээ С.Эрдэнэ болон Х.Баттулга гэсэн хоёрхон хүний хоржоонтой тулаанд бусад гишүүд нь өртөөд байх шиг. Намын гишүүд нь хууль ёсны тамгатайг нь бодохоор С.Эрдэнийг дагамаар, нэр нөлөөг нь бодохоор Х.Баттулгыг дагамаар ч юм шиг санагдаж хоёр талд дагаж намирсаар сүүлийн жилүүдийг хий хоосон үрлээ. Гэхдээ С.Эрдэнэ намын даргын сонгуулиа явуулсан хэр нь сонгогдсон хүндээ өнөөх алдарт тамгаа гардуулж өгөхгүй байгаа нь бүр ч хоржоонтой. Нөгөө талд С.Баярцогтыг оруулж ирж нэлээд итгэл найдвар тээж байсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-аас ирээд мэдээлэл хийгээд Лу.Гантөмөрийг дарга болгочихоод явчихав. Ийм л хоржоон дунд Ардчилсан намын үнэт зарчим алдагдаж, төрийн эрх барьж буй Монгол Ардын намын утсан хүүхэлдэй ч болж харагдах юм. Үнэндээ энэ бүхнийг хараад ард түмэн ч залхаж ханалаа. Хэдэн ч удаа сонгууль явуулав, хэдэн ч дарга томилов. Ганц л зүйл тодорхой байгаа нь Ардчилсан намын маргааныг тэд хэзээ ч өөрсдөө шийдэж чадахгүй, хоорондоо ойлголцохгүй бололтой. Харин Ардчилсан намын хувь заяа Дээд шүүхээс л хамаарахаар байна. Хоёр талд хуралдаж, даргаа сонгоод Дээд шүүх дээр очоод л хүчингүй болчихдог. Ингэсээр өнгөрсөн сонгуулиас хойш Ардчилсан нам сэхэл авсангүй улам дордлоо. Тиймээс энэ удаа Дээд шүүх АН-ын асуудлыг эцэслэх үү, эсвэл дахин хойш тавих уу гэдгийг харах үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)