Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувьд нээлттэй

Admin | 2023-01-31


ЛОНДОН. /Financial Times/. ОХУ-д тавиад буй Барууны хориг арга хэмжээ Монгол Улсын эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлж байгааг тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.  “Монгол Улс ардчилсан орон хэдий ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг мэдэрч байгаа. Энэ хориг арга хэмжээ нь “бидний буруу биш ч гэсэн манай улсын эсрэг давхар хориг арга хэмжээ” болж байна" гэж тэрбээр хэлэв. 

Украинд үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын хоорондох зөрчилдөөн биш гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод энэ нь дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлээд зогсохгүй далайд гарцгүй, жижиг улсуудад бүр ч илүү нөлөө үзүүлж байгаа, бусад улс орнуудад том хэмжээний, сөрөг нөлөө үзүүлж буй учир өргөн хүрээний судалгаанд үндэслэн эдийн засгийн хориг тавих нь зүйтэй гэв. Тухайлбал, Монгол Улс Европоос Ази руу Орос, Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг байсан агаарын тээврийн компаниудын төлдөг навигацын хураамжийн орлогыг алдаад байна гэж Монголын Засгийн газрын тэргүүн тайлбарлалаа. Түүний хэлснээр, ЕХ-ны эсрэг авсан ОХУ-ын хариу арга хэмжээ нь тэдгээр компаниудын ихэнхийг Хойд туйлын дээгүүр эсвэл Төв Ази, Туркээр дамжин нисэхээс аргагүйд хүргэсэн байна. Түүнчлэн ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа, хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын түншүүдээсээ ихэвчлэн авдаг хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан зэргийг Монголын Ерөнхий сайд дурдлаа. Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг сүүлийн саруудад хийсэн дипломат яриа хэлэлцээний үеэр, тэр дундаа өнгөрсөн оны 10 дугаар сард Германд айлчлахдаа, мөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийг Улаанбаатарт айлчлах үеэр онцолсоор ирсэн. Хятадын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ван И Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн болсныхоо дараа Монголд мөн өнгөрсөн оны сүүлчээр айлчилсан юм. 

“Бид Хятад, ЕХ, Герман улс Украины нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Энэ утгаараа би Германд албан ёсны айлчлал хийж, мөн Хятадын түншүүдтэйгээ, ялангуяа Ван И сайдыг Монголд айлчлах үеэр яриа хэлэлцээ хийсэн” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон ба түүний Засгийн газар уг төмөр замын тусламжтайгаар цар тахлын өмнө жилд 30 сая тонн байсан нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэхийг зорьж байна.

"Бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүний хувьд ч хараат байдаг. Гэвч Монгол Улс нь парламентын ардчилсан засаглалтай улс бөгөөд манай ард иргэдийн бодол санаа, нийгэм нь эдгээр улсуудаас маш өөр. Монгол Улс далайд гарцгүй хэдий боловч монголчууд оюун санааны хувьд хязгааргүй ард түмэн юм" гэж тэрбээр хэллээ. Ийм ардчилсан сэтгэлгээ нь Монголын эрх баригчдыг Орос, Хятадын удирдагчдад тэр бүр тохиолдоод байдаггүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэдэг байж болох юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр нүүрсний гэх асуудалд дургүйцсэн иргэд Улаанбаатар хот дахь Засгийн газрын ордон руу дайран орохыг завдсан. “Өнгөрсөн 32 жилийн хугацаанд бий болсон баялгийн тэгш бус хуваарилалтаас болж олон нийт бухимдаж, жагссан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “FT” сонинд тусдаа ярилцлага өгөхдөө хэлжээ.  Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит уул уурхай, тээврийн компаниудын удирдлагуудыг шалгах томоохон ажиллагааг эхлүүлээд байна. Монголын Засгийн газар олон арван хүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд цагдаа нар төрийн өмчит төмөр замын компанийн удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбум төгрөгийг /2.1 сая ам.доллар/ хураан авчээ. 

Гэхдээ Засгийн газар 1995 оноос хойш нүүрсний экспортын орлого 45.2 их наяд төгрөг байсантай харьцуулахад төрийн нүүрсний нөөцөөс 40 их наяд төгрөг хулгайлсан гэж жагсагчдын мэдэгдэж байгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. 

                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: Монцамэ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)