Г.ЧУЛУУНБААТАР: Хэлэлцүүлгийн явцад “шинэ” Үндсэн хууль батлах тухай санал олонхын дэмжлэг авалгүй хасагдсан

Admin | 2023-02-01


“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг шинээр батлах гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар тус санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатараас тодрууллаа.

-Нэр бүхий улс төрчид “шинэ” Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа олон нийтэд танилцуулсан. Уг төслийг батлахын тулд Зөвлөлдөх санал асуулга явуулж байна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тухай Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны 80 тоот тогтоол гарсан шүү дээ. Уг тогтоолоор зөвлөлдөх санал асуулгын зорилгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, тэдгээрийг эрэмбэлэх, гарц шийдлийг иргэдтэй зөвлөлдөх, улмаар нийгмийн зөвшилцлийг хангах гэж заасан. Энэ бол Зөвлөлдөх зөвлөлийн ажиллах асуудлын хүрээг тодорхойлж өгсөн хэрэг. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөх, шинээр батлах тухай ямар нэгэн үг үсэг, утга агуулга байхгүй. Тэгэхээр зөвлөлдөх санал асуулга хийх замаар “шинэ” Үндсэн хууль батлах гэж байна гэх мэтийн элдэв яриа ташаа юм гэдгийг энд онцолж хэлье.

-Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултуудыг боловсруулсан. Үүний дотор Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуулт байхгүй гэсэн, гэтэл байна гээд олон нийтийн сүлжээгээр хүмүүс зураг, тайлбартай пост оруулаад байгаа шүү дээ?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд буюу зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат эхлэхийн өмнөх өдөр Зөвлөлдөх зөвлөл Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үед сэтгүүлчдийн тавьсан Үндсэн хуулийн хүрээний ямар асуудлууд хөндөгдөж байгаа вэ гэсэн асуултанд бид, шинээр Үндсэн хууль батлах тухай ямар ч агуулга байхгүй гэж хариулсан. Харин одоогийнхоо Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага бий эсэх тухай нэг л асуулт орсныг хэлсэн. Шинээр батлах, шинэчлэн найруулах гэдэг бол хоёр өөр ойлголт.

-Үндсэн хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой асуултыг ямар үндэслэлээр оруулсан юм бэ?

-Миний дээр дурдсан Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолоор үүрэг болгосны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал-Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултуудыг боловсруулахдаа энэ хоёр арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дэвшүүлэн тавьсан санал, томъёоллуудыг анхааралтай авч үзсэн. Эдгээр хурал, чуулганд оролцсон эрдэмтэн судлаач нар, иргэдийн гаргасан санал, Ерөнхий сайдын болон холбогдох илтгэлүүдэд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван хувилбараар хөндөгдсөн. Эхнийх нь, одоогийн Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр, 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хувилбар. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж, хэрэгжүүлэх шаардлагатай Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Баялгийн сангийн тухай зэрэг гол гол хуулиудыг нэн даруй шинэчлэн батлах хэрэгтэй гэдэг асуудал хөндөгдсөн. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дөчөөд хуулийг шинээр болон шинэчлэн батлахаас одоо арав гаруй хууль батлагдаагүй байна. Эдгээрийг батлаад, Үндсэн хуулиа дахин ямар нэг байдлаар хөндөхгүй явж болно гэсэн хувилбар яригдсан. Хоёр дахь хувилбар нь, Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт хийх хувилбар. Үүний хүрээнд иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөн сайжруулах гэх мэт асуудлууд яригдсан. Гурав дахь хувилбар нь одоо яригдаад байгаа хоёр танхимтай парламентын тогтолцоо бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ Үндсэн хууль батлах тухай саналууд хөндөгдсөн. Зөвлөлдөх зөвлөл эдгээр саналын хувилбаруудыг бүгдийг нэг бүрчлэн, маш олон талаас нь шүүн хэлэлцэж, тодорхой томъёоллууд дэвшүүлэн санал хурааж, олонхын саналаар асуудлыг шийдээд явсан. Гурав дахь хувилбарын тухайд хэд хэдэн томъёолол гаргаж ярилцсаны эцэст Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж хэлэлцүүлэх гэсэн агуулгатай томъёолол дэмжигдэж асуултад орсон. Гэхдээ энэ бол одоо тараагдаж, яригдаад байгаа Үндсэн хуулийн төсөлтэй ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье.

Дашрамд дурдахад, шинээр Үндсэн хууль батлах тухай хувилбар дэвшигдэж, хэлэлцүүлгийн явцад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн олонхын санал авч чадалгүй хасагдсан. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор “шинэ Үндсэн хууль”, “Үндсэн хуулийг шинээр батлах” гэх мэт томъёолол огт ороогүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)