Энэ жил улсын төсвөөр шинээр барилга, байгууламж барихгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Харин өмнөх онуудад царцаад байсан барилгуудыг хөдөлгөж дуусгахаар болсон. Улмаар барилгын материалын үнийн зөрүүнээс үүдсэн алдагдлыг төсөвт тусгаж өгсөн нь түүхэнд бичигдэх үйл явдал болсон билээ. Учир нь тендер авч улсын төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниудын хувьд ковидын нөхцөл байдлаас үүдсэн үнийн зөрүүний алдагдалд орж бараа материалаа авах нь битгий хэл дампуурахад хүрээд байсан юм. Ямартай ч улсын төсөвт үнийн зөрүүг суулгаж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл компаниудын санхүүжилт орж ирэхгүй байна гэх шүүмлжлэл гарах болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Гүйцэтгэлээ батлуулсан компаниудын санхүүжилт хэвийн үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар үнийн зөрүүг тусгасан санхүүжилтын талаар манай яамтай холбоотой гомдол лав ирээгүй. Хэвийн үргэлжилж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Ч.НАРАНБААТАР: Нэг албан тушаалд 3 удаа хүн солигдож эхний хүний гарын үсэг хүчингүй болдог. Дахиад л материал бүрдүүлж чирэгдэл учруулж байна
Түүнчлэн энэ асуудлаар Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-ийн тэргүүн Ч.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Сангийн яамнаас төсвийн ажил гүйцэтгэж байгаа компаниудын үнийн өсөлтийн санхүүжилт хэвийн явагдаж байна гэсэн хариулт өгсөн. Тэгвэл төсвийн хөрөнгөөр барилга барьж буй компаниудын үнийн зөрүүний санхүүжилт хаана гацаад байна вэ?
-Сангийн яамнаас гүйцэтгэлийн санхүүжилт саадгүй явж байгаа. Хамгийн гол нь Захиалагч яамдуудын санхүү хөрөнгө оруулалтын газрууд дээр маш их удах, хүнд суртал гарч байгаагаас үүдэлтэй үнийн өсөлтийн зөрүү олгогдохгүй байна гэж яригдаад байна. Хэд хэдэн шалтгаан байна нэгдүгээрт, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яаманд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд олон дахин солигдож байгаагаас маш олон компани цаг хугацаа, банкны хүү, зээлийн алдагдал хүлээж бухимдаж байна.
-Хоёрдугаарт ямар асуудал байна гэж?
-Хоёрдугаарт, Сангийн яамнаас гаргасан 2022 оны 12-р сарын 16-ны өдөр гарсан 01/8591 тоот үнийн өсөлтийн зөрүүг олгох чиглэлийг захиалагч бүр нэгдсэн ойлголтгүй байгаагаас олон төрлийн материал нэхэж чирэгдэл гаргах явдал их байна. Гуравдугаарт төрийн албан хаагчдын хүнд суртал зэргээс шалтгаалж байна.
-Та дарга нар солигдоод ажил удаад байна гэлээ. Үүнийг тодруулж болох уу?
-Бидэнд Ковидын хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтнууд солигдож байна гэдэг мэдээлэл өгсөн. Жишээлбэл, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар гэхэд сүүлийн сарын хугацаанд нэг албан тушаал дээр 3 удаа хүн солигдоод эхний гарын үсэг зурсан хүний гарын үсэг хүчингүй болж бүрдүүлсэн материалаа ахин бүрдүүлэх зэргээр маш их хүндрэл учруулж байна. Нийслэлийн ЗДТГ гэхэд ажлын хэсэг одоо болтол томилоогүй, компаниудтай гэрээ байгуулах ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаас олон аж ахуй нэгжүүд хохирч байна. Гэтэл Сангийн сайдын чиглэлийн дагуу үнийн өсөлтийг олгох бэлтгэл ажил 2022 оны 12-р сарын 31-ний дотор хийгдсэн байх ёстой байсан. Гэтэл Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч байгууллагуудын асуудлаас болж өнөөдрийг хүртэл зарим асуудлууд ойлгомжгүй байгаа маш их чирэгдэлтэй байна. Хамгийн гол нь энэ бүхний ард үнийн өсөлтөд нэрвэгдэж их хэмжээний алдагдалд орсон аж ахуй нэгжүүдийн аж амьдрал, өр зээлийн асуудал хүндэрч байна.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13