“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын зөвлөх, хуульч Ц.Мандхайхатантай ярилцлаа.
-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр та сонгогдсон. Харамсалтай нь тус зөвлөлөөс таныг эгүүлэн татсан. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Манай байгууллагын удирдах зөвлөлөөс зөвлөлдөх зөвлөлийн гишүүнд намайг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Бидний хувьд нийгэм, эдийн засгийн асуудалд залуусын дуу хоолой, оролцоог хүргэх маш чухал арга зам хэлбэр хэмээн үзсэн учраас зөвлөлийн гишүүн болох нь чухал гэж үзсэн. УИХ-ын 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар иргэдийн санал бодлыг тодруулж, эрэмбэлж тодорхой шийдэл санал болгох нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн үүрэг. Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсан цагаас хойш бүх хурлуудад оролцож нийгэм, эдийн засгийн асуудлын санал асуулгын талаар өөрийн байр суурийг илэрхийлээд явж байлаа. Асуулгын эхний хувилбарыг 60 орчим асуулттай бэлтгэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал авахаар тус хорооны хуралд суусан. Гэвч Тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хурлын төгсгөлд Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуултыг заавал тусгах чиглэл өгсөн нь манай байгууллага болоод миний бие Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаанд цаашид оролцохгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн. Учир нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд уг саналыг заавал хүлээж авах ёстой гэсэн байр сууриар хандсан. Бидний хувьд Үндсэн хуулиасаа давсан санал асуулгыг асуух нь хууль зөрчсөн, манай байгууллагын үнэт зүйлд нийцэхгүй үйлдэл гэж үзсэн. Улс орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан. Гэтэл эргээд улс төрийн, хуульзүйн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй эрсдэлтэй үйл явцад оролцохоос татгалзсан. Энэ бол Үндсэн хуулиас давсан асуудал.
-Үндсэн хуультай холбоотой асуулт дээр Үндсэн хуулийн зарим нэг зүйл заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна уу, аль эсвэл Үндсэн хуулиа шинээр бичих асуудал хөндөгдөж байна уу?
- Бид шүгэл үлээсний хүчинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль батлах талаар асуулт асуух байсныг болиулж чадсан. Одоо бол иргэдээс “Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй юу, шинэчлэн найруулахыг та дэмжих үү” гэсэн утгаар асууж байгаа гэж Зөвлөлийн зүгээс олон нийтэд мэдээлсэн. Хэдийгээр Зөвлөлийн зүгээс одоогийн Үндсэн хуулийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж тайлбарлаж байна. Бидний хувьд яг ямар зүйл заалт, аль хүрээнд шинэчлэн найруулах талаар тодорхой асуугаагүй тун ерөнхий асуулт байгаа нь Үндсэн хуулийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна гэж үзэж байна. Жишээ дурдвал, 2017 онд зөвлөлдөх санал асуулгыг явуулах УИХ-ын тогтоолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлүүдийг тодорхой зааж өгч байсан. Тийм ч учраас олон нийтийн санал асуулга яг тэр хүрээнд өрнөсөн. Харин энэ удаагийн асуулгын тухайд нийгэм, эдийн засаг асуудлаар байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн талаар тусгаагүй. УИХ-ын хуралдааны үеэр ч Үндсэн хуультай холбоотой асуулт асуухгүй байх талаар чиглэл өгч байсан. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуультай холбоотой асуулт асуух чиглэл өгч түүнийг нь Зөвлөлдөх зөвлөл хүлээж авна гэдэг нь зарчмын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй асуудал.
- Таныг Зөвлөлдөх зөвлөлөөс нэрээ татсаны дараахан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан баг Шинэ Үндсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулсан нь одоо ч маргаан дагуулж байна. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байна?
- Шинэ Үндсэн хуультай холбоотойгоор болгоомжлолд хүргэсэн асуудал бол хууль эрх зүйн тогтворгүй байдал үүсэх вий гэдэгт санаа зовж байна. Учир нь Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Төрийн ордонд зохион байгуулсан “Иргэдтэй зөвшилцье” сэдэвт хурал дээр Шинэ Үндсэн хуулийн төслийн танилцуулга тараасан. Тиймээс цаашид Зөвлөлдөх санал асуулга хууль эрх зүйн бүх суурийг ганхах эрсдэлд оруулчих вий гэдэг асуудалд болгоомжтой хандахад хүргэсэн. Зөвлөлдөх зөвлөл Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэх асуултыг яагаад оруулах ёстой талаар тайлбар сонсохгүйгээр шууд ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг шинэчлэхтэй холбоотой асуулт асууж байгаа нь хуулиас давсан асуудал. Ер нь бол хэн нэгэн хүн, ямар нэгэн байгууллагаас ийм чиглэл өгөх ёсгүй. Түүнийг нь Зөвлөлдөх зөвлөлийнхөн хүлээж авах ёсгүй. Үнэхээр тийм чиглэл өгөх ёстой бол УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох эсэхийг асууж болно. Түүнээс биш Үндсэн хуулийг шинэчлэх, халах, шинэчлэн найруулах гэсэн чиглэл өгч болохгүй. Хэрэв манай улс хууль зүйн тогтворгүй байдалд орвол өнгөрсөн 30 жилд олж авсан бүхий л ололт амжилтуудаасаа ухарсан явдал болно.
-Санал асуулгад оролцох 1570 иргэнийг түүврийн аргаар сонгож оролцуулсан. Үнэхээр нийт иргэдийг төлөөлж чадах болов уу?
-ҮСХ-ноос түүврийн аргаар сонгох аргачлалаа танилцуулсан. Ер нь бол 2017 оны санал асуулгын жишгээр явж байгаа юм билээ. Тиймээс миний хувьд зөв буруу гэсэн дүгнэлтийг шууд хэлэх боломжгүй. Гагцхүү Үндсэн хуультай холбоотой санал асуулга ороод ирэхээр эдгээр 1570 иргэний санал хангалтгүй л болно. Учир нь 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахдаа 900 гаруй мянган иргэний саналыг ямар нэгэн байдлаар авч, тусгасан. Тухайн үед манай улсын нийт хүн ам хоёр сая гаруй байсан. Үүнээс сонгуулийн насны иргэдийг аваад үзвэл тэдний 80 орчим хувийг оролцуулсан өндөр үзүүлэлттэйгээр Үндсэн хуулийг баталсан. Тэр цагаас одоог хүртэл Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байхад дараагийн шинэ Үндсэн хуулийн асуудал гаргаж тавих, одоогийн Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг өөрчлөх үндэслэл болох юм бол 1570 гэсэн тоо хангалтгүй болно.
- Сүүлийн үед нийгэмд өрнөж байгаа асуудал бүрийг Үндсэн хуультай холбож тайлбарлах болсон. Тэгвэл бид яагаад Ардчилсан Үндсэн хуулиа хамгаалж үлдэх ёстой юм бол?
-Энэ асуудлыг 2017 оноос хойш ярьж, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон гацааг шийдэж, ҮХНӨ дагуу 30 гаруй хууль батлагдахаас арав гаруй хууль нь одоо болтол батлагдаагүй байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн санхүүжжилтийн тухай хууль, Баялагийн сангийн тухай хууль гэх мэт органик хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаагүй байна. Эдгээр хуулиудаар иргэдийн шаардаж буй улс төрийн хариуцлагатай болгох, намын санхүүжилтийн асуудлыг ил тод болох, жижиг намуудыг бэхжүүлэхтэй холбоотой олон асуудлыг нэг мөр шийдэх боломж бий. Энэ мэт ҮХНӨ-тэй холбоотой гол гол хуулийн заалтууд хэрэгжихгүй байхад дахин Үндсэн хуулиар оролдож тогтолцоогоо өөрчилнө гэдэг бол одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлэх үндэслэл болж чадахгүй. Иргэдийг бухимдуулж байгаа гол асуудал бол нийгэм, эдийн засгийн асуудал асуудлуудыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар шийднэ гэдэг боломжгүй зүйл. Харин ч бид Шинэ Үндсэн хууль бичих юм уу шинэчлэн найруулах юм бол өнгөрсөн 30 гаруй жил бий болгосон ололтуудаасаа ухарсан үйлдэл болох эрсдэлтэй. Учир нь Үндсэн хууль суурь хууль учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хууль хүчингүй болж дахин шинэ хуулиуд батлах, шинэ тогтолцоо ажиллахын тулд төсвийн хөрөнгө, хүн хүчийг ажиллуулна. Тэгэхээр эдийн засаг, нийгмийн хөгжил улам л удаашрах эрсдэлтэй. Манай улсын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн гадаадын хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ мэт том эрсдлээ олж хараад одоогийн Үндсэн хуулийнхаа хүрээнд хэрэгжиж байгаа хуулиудаа сайжруулахад нэн тэргүүнд анхаарах нь чухал байна.
-Үндсэн хуулийн дархлаа гэдэг маш чухал асуудал бий. Гэтэл ойр ойрхон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, оруулсан өөрчлөлтөөсөө ухрах тохиолдлууд гарч байгаа нь Үндсэн хуулийн дархлаанд сөргөөр нөлөөлж байна. Үндсэн хууль дархлааг хамгаалын тулд юу хийх ёстой вэ?
-Үндсэн хууль тогтворгүй, дархлаагүй байх нь олон сөрөг талтай. Аль нэг нам эвсэл хууль тогтоох байгууллагад олонх байгаа үедээ ойр ойрхон Үндсэн хуульд гар хүрч байгаа нь Үндсэн хуульд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Энэ байдал үргэлжилсээр байвал нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, төрийн эрх мэдлийг хувиарлах, хяналт, хариуцлага тооцох механизм эргэлзээнд орж болзошгүй. Улс төрийн намуудад байгаа олон асуудлууд Улс төрийн намын тухай хуулиараа л цэгцлэгдэх ёстой. Энэ асуудлуудыг Үндсэн хуулиар шийдэхгүй шүү дээ. Мөн бидний хувьд хувь улс төрчид төвлөрсөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг бид дэмжиж байгаа ч Үндсэн хуулийг өөрчлөх замаар шийднэ гэдэгт эсрэг байр суурьтай байна. Учир нь сонгуулийн тухай хуулиараа уг өөрчлөлтийг хийж, тогтолцоог шинэчлэх боломж бүрэн бий. 2019 онд Үндсэн хуульд сонгуулийн тухай хуулийг ээлжит сонгууль явагдахаас жилийн өмнө өөрчилж болохгүй хэмээн хамгаалсан. Тиймээс энэ оны зургадугаар сар хүртэл сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх эсэх асуудлыг ярьж, сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх шаардлагатай цаг үед бид энэ талаар ярьж эхлээгүй байгаа нь цаг алдсан хэрэг болж байна уу гэж хөндлөнгөөс дүгнэж байна.
П.БАТЗАЯА
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13