УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.06/ үдээс өмнөх хуралдааны эхэнд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
Үргэлжлүүлэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулан хуулийн төслд тусгасныг танилцуулгадаа онцолсон. Эрх зүйн байдлыг нь тусгай хуулиар тогтоосон, албан ёсны гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, нийтийн чиг үүрэг гүйцэтгэж буй нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллагаас ялгах бөгөөд эдгээр байгууллагад хамаарах хуулийн үйлчлэлийн хүрээг нарийвчлан тодорхойлжээ.
Холбооны зорилгын ач холбогдлыг чухалчлан, тавигдах шаардлагыг нарийвчлан, холбоо нь өөрийн дүрэмдээ зорилгоо тодорхой заахаас гадна зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг олон улсын ашгийн төлөө бус салбарын жишиг ангиллын дагуу тодорхойлсон байх, зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө, эсхүл санхүүжилтийн талаар тодорхой заах, төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлох, татан буугдсаны дараа хөрөнгийг хүлээн авах этгээдийг тодорхойлох зэрэг шаардлагыг төсөлд тусгасан байна.
Мөн холбооны дотоод засаглал, санхүүгийн зарцуулалтад ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хөрөнгө, орлого, ашгийг шууд ба шууд бусаар хандивлагч байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх, сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчид ашгийн төлөө бус хуулийн этгээдээс хандив, эд хөрөнгө өгөхийг хориглох зэрэг хязгаарлалтыг хэвээр хадгалсан аж.
Холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон хэмээн танилцуулсан. Энэхүү аж ахуйн үйл ажиллагаа нь холбооны гол зорилго, үндсэн үйл ажиллагаа байж болохгүй шаардлага, хязгаарлалтыг хуульчлах үүднээс төсөлд аж ахуйн үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны 50 хувиас хэтрүүлэхгүйгээр явуулахаар заажээ. Дээрх хязгаарлалтын хүрээнд аж ахуйн үйл ажиллагааг явуулж болох бөгөөд хязгаарлалтаас хэтэрсэн тохиолдолд тухайн холбоог ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсанд тооцож, татан буулгах зохицуулалтыг тусгажээ. Мөн холбооны орлогоос ажилтны ажлын хөлс, цалин болон зардлыг нөхөхөөс бусад үндэслэлээр үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл болон аливаа зөвлөлийн гишүүн, ажил олгогч, ажилтанд ашиг хуваарилахыг хориглохоор заасан аж.
Төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлжээ. Холбооноос гадна бусад ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой санхүү, татвар, үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргах эрх зүйн орчныг тодруулан тусгасан байна. Түүнчлэн төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэсэн бол ашгийн төлөө бус хуулийн этгээд нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа төрийн байгууллагад хүргүүлэх, тухайн төрийн байгууллага болон ашгийн төлөө бус хуулийн этгээд нь тайлангаа нийтэд ил тод нийтлэх үүрэгтэй байхаар тусгасан аж. Холбооны гүйцэтгэж байгаа аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагаанаас олсон орлогыг орлогын албан татвараас чөлөөлөх хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг үүрэг бүхий “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл”- ийг байгуулах эрх зүйн үндсийг тогтоожээ. Уг зөвлөл нь Монгол Улсын иргэний нийгмийн хөгжил, чадавхыг дэмжих хөгжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн жишгийг тогтоож хөгжүүлэх, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нийтлэг хөгжлийн асуудлаар төр болон олон улсын байгууллагуудтай харилцах, бүртгэлийн болон статистикийн байгууллагуудтай хамтран мэдээлэл боловсруулалт хийх, нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн болон нийтэд тустай үйл ажиллагааны үр нөлөөг нэгтгэх, тэдгээрийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон бусад дэмжлэгт хамруулахтай холбоотой санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байхаар зохицуулжээ. Шинэ хууль хүчин төгөлдөр болсонтой холбоотой шилжилтийн үеийн зохицуулалт, дагаж мөрдөх журмыг мөн хуулийн төсөлд тусгасан бөгөөд Холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Иргэний хуулийн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрлөөр буюу ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нэгдсэн зохицуулалттай болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг холбооны ил тод, хариуцлагатай байх зарчмаар дамжуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх тул хүний эрхийг хангах чиглэлд эерэг үр нөлөөтэй гэж хэллээ. Түүнчлэн холбооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийн талаар бүртгэл, хяналтын үр ашигтай тогтолцоо бүрдэж, мэдээлэл цуглуулах, мэдлэг бүтээх, дүн шинжилгээ хийх замаар төрийн зүгээс иргэний нийгэм, ашгийн төлөө бус салбар, үр нөлөөний талаар баримтлах үр дүнтэй бодлого чиглэлийг тодорхойлоход чухал нөлөөллийг үзүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцүүлгийн шатанд байгаа Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хэрхэн уялдах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад улсын төлөөлөгчийн газар, сангийн асуудлыг энэ хуулийн төслөөр захицуулах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, холбоодыг улстөрчид, төрийн захиргааны албан хаагчид даргалдаг асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар төсөлд тусгасан уу хэмээн тодруулсан.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан ажиллахыг хориглосон байна. Мөн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.17-д заасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээд холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллахыг хориглохоор төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор хийлгэх нь үр дүнтэй байдагхэмээгээд шинэ хуулийн төсөлд төрийн ямар ажил үйлчилгээг холбоодооор хийлгэхээр, ямар ажлыг хориглохоор тусгасан бэ. Тэрхүү холбоодыг хэрхэн сонгон шалгаруулах вэ гэсэн асуулт тавьсан.
Төрийг зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, ТББ-аар гүйцэтгүүлэх асуудал өмнө нь зохицуулалтгүй явж ирсэн гэдгийг Ажлын хэсэг онцлоод хуулийн төсөлд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хуульд заасан зарим чиг үүргийг холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно хэмээн тусгасан гэлээ.Холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг холбоогоор гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг сонгон шалгаруулалтын дүн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргах ажээ.
Холбоог сонгон шалгаруулах, гэрээ байгуулахад холбооны хараат бус байдлыг хүндэтгэх, үл ялгаварлах, тэгш боломж олгох, нээлттэй, ил тод байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг баримтална гэж төсөлд тусгажээ.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн саналыг нэгтгэх шаардлага үүссэн учир хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13