Хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно

Admin | 2023-02-08


“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өчигдөр санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын асуудлаар үндсэн илтгэгчидтэй уулзаж, ярилцлаа.

 

Ирэх долоо хоногт (2023.02.14-15) болох хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 орчим иргэн мөнхүү санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно. Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм. Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдоржпрофессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.АлтанзулБ.Баясгалан, Б.Нарантулгадэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгөх юм. Илтгэгч нар хариуцсан сэдэв, асуудлуудынхаа үндэслэл, шаардлага болон тэдгээрийн гарц, шийдлийн давуу ба сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэж, оролцогчдын 15-аас ихгүй хүнтэй жижиг хэсгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх үүрэг хүлээх юм.

Уулзалтын үед илтгэгч нар өөр хоорондоо зөвлөлдөж, илтгэлүүддээ хариуцсан сэдэв, асуудлынхаа агуулгыг ямар хэлбэр, дараалаар ярих, хэрхэн хуваарилах гэх мэт зохион байгуулалтын асуудлуудаа ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)