Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны өндөр настан Найдангийн Жаргал сар шинэдээ бэлдээд тун ч завгүй сууна. Долоовор хуруундаа хуруувч зүүчихээд, тооноор тусах нарны гэрэлд утас зүүгээ төвөггүйхэн сүвлэж өрхөө шинэ бүрээсээр өнгөлж байгаа нь энэ. Харин хоёр зээ нь гэрийн хоймор дахь ширээнээ дэвтэр, номоо дэлгэчихсэн гэрийн даалгавраа хийж суугаа харагдана. Тэд IV сургуулийн тав, долдугаар ангийн сурагчид. Ээж нь ажилдаа явсан гэнэ. Өдрийн уртыг Жаргал хоёр зээтэйгээ өнгөрүүлдэг аж. Модон морь жил гарвал 73 нас хүрэх юм байна. Тэрээр Увс аймгийн Малчин сумын уугуул ажээ. Жаргал охин Ганчимэг, түүний хүүхдүүд болох Баасанхүү, Энхбаяр нартайгаа амьдардаг юм байна. Зээ нарынх нь эцэг дөрвөн жилийн өмнө өөд болжээ. Хоёр зээ сургуульд явахын зэрэгцээ ус авч, түлээ дөхүүлж эмээдээ тус хүргэнэ. Эмээ нь харин ээжийг нь эзгүй хойгуур энэ хоёрынхоо хичээл номыг хийлгэж, сургуульд нь хүргэж, хувцас хунарыг нь зэхдэг ажилтай. Ойрдоо Жаргал зав муутай байгаа болохоор хоёр зээгээ сургуулиас авч амжихгүй байгаа тухайгаа ярив.
Жаргал өрх оёнгоо галдаа хаа нэг нүүрс хийх. Ойрдоо гадаа дулаахан байгаа болохоор өдөртөө нэг л хувин нүүрс хийдэг гэнэ. Монгол гэр амархан хөрөх гээд байдаг болохоор ойр ойрхон галаа манаж байхгүй бол хэмээн даруухан инээмсэглэнэ. Өнөөдөр өрхөө оёод дуусчихвал өнөөдрийн ажил ард гарч байгаа нь тэр гэнэ.
Харин ирэх хагас сайн өдөр буюу бямба гаригт охиноо амрахаар буузаа хийх тов гаргажээ. Багавтар үхрийн нэг гуяны махаар бууз хийхээр тооцоолсноо ч ярив. Ойрдоо дулаахан хонож байгаа болохоор бууз хөлддөг болов уу хэмээн санаа зовнингуй ярингаа зээ хүү Энхбаяртаа хандаж зурагтаар цаг агаар хэдэн хэм хүйтэн гэж байгааг сайн нягталж харж өгөөрэй гэж үүрэг өгөөд авав. Тавгийн идээ засахад орох ёотон, үрэл, цагаан самар зэргийг дэлгүүрээс аль хэдийнэ аваад авдартаа хийчихсэн байна. Хөгшчүүл ихэвчлэн сар шинээр цагаан идээгээр тавгаа засдаг уламжлалыг Жаргал гуай одоо ч дагаж мөрддөг хэвээрээ аж. Ганц саалийн үнээтэй. Үнээгээ Ногоон толгойд айлд зохих хөлсийг нь өгч маллуулдаг байна. Үнээгээ зундаа өөрөө сааж, сүүг нь борлуулж өвөлдөө хэрэглэх ааруул, шар тосоо бэлдээд авчихна. Тэгж дарсан цагаан идээгээ ёстой л цагаан сараар гаргаж хэдэн хүүхдүүддээ өгдөг байна.
Энэ жил мөн л худалдааны ааруул авч таваг засахгүй өөрийнхөө бэлтгэсэн цагаан идээгээ хэрэглэх аж. Жаргал эмээ "За тэгээд цагаан сараар зөвхөн идээ будаа гэлтгүй өмсч зүүхээс эхлээд өнгөтэй өөдтэй байж тэр жилдээ элбэг, хангалуун орно шүү дээ" гээд авдраасаа хэдэн баадантай дээл гаргаж ирлээ. Өнгөрсөн жил тэрээр хар ногоон үйтэн хуаран дээл өмсчээ. Мөн хурган дээл, том алтлаг шар цэцгэн хээтэй тэрлэг гээд хэд хэдэн дээл байна.
Өөрөө урласан гэнэ. Жил болгон л шинэ дээл өмсөхийг боддог тухайгаа ярингаа "Дээлээ өмсчихье. Настай хүн зураг дээр намбагүй харагдана" гээд том алтан шаргал хээтэй цэнхэр дээлээ өмсчихөв. Тэрээр энэ жил өнгөрсөн жилийн сараар өмссөн хар ногоон үйтэн хуаран дээлээ өмсье гэж бодож байсан юм байна. Харин охин нь ээждээ заавал шинэ дээл өмсүүлнэ гээд хөх өнгийн үйтэн хуараар дээл оёулахаар бэр рүүгээ аваад явсан гэнэ. Жаргал гуай өөрөө дээл оёж, үйл мэтгэхээ болиод удсан болохоор хүүгийнх нь эхнэр сүүлийн үед дээл оёж өгдөг болжээ. Харин энэ жил дахиад дээл хийлгэнэ гэхээс санаа нь зовоод хуучнаа өмсье гэж байсан аж.
Тэрээр "Хотын бид яах вэ хүүхдүүдийн зав зайгаар ажлаа амжуулж, тэднийхээ дөхүүлж өгсөн идээ, будаагаар болоод л явчихна. Хөдөө байсан бол долоохон хоноод шинэлэх гэж байхад юун ингэж суух. Малын хашаа, хороогоо цэвэрлэхээс эхлээд ажил ид ундарч байгаа. Одоо ч мөнгө төгрөг нь бэлэн л бол амар болж дээ" хэмээн хөдөө байсан үеэ дурсав. Жаргал гуай арваад жилийн өмнө ханиа өөд болоход хот газар бараадсан нь энэ. Төрсөн ах, эгч хоёр нь хотын захад амьдардаг бөгөөд шинийн нэгэнд хамгийн түрүүнд очиж золгодог байна. Мөн талийгаачийнхаа эгч дээр одоо ч шинийн нэгэндээ багтаж золгодог гэнэ. Жаргал эмээ өөрөө дөрвөн хүү, нэг охинтой. Ханьтайгаа мал маллаж, нөхөр нь хааяа хөдөө орон нутагт тээвэрт явдаг байж. Ханийгаа эзгүй хойгуур таван хүүхдээ асрахаас гадна цагаан сар дөхөөд ирэхээр ганцаараа л бүх ажлаа амжуулна. Өвлийн хүйтэнд голоос мөс зөөж гэсгээж хувцас хунараа угаахаас гадна хоол ундаа бэлдэнэ. Тухайн үед шинэ жилийн баяртай хамт цагаан сар хийдэг байсан болохоор их л нүсэр тэмдэглэдэг байж л дээ. Орж, гарах хүний тоо тоймгүй их. Харин хотынхон цагаан сараар хамар хашааныхандаа ч ордоггүйг анх гайхаж байснаа дурсав. Тэрээр "Хотод ирээд арваад жил боллоо. Одоо миний хүүхдүүд түмний үрсийн адил сайхан л амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж л байна" гэж ирээд их л сэтгэл хангалуун ярилаа. Том хүү Ганхуяг барилгын компанид менежер, удаах хүү Гансүх "Хурд" компанид жолооч, Ганбат IV цахилгаан станцад жолооч, Ганзориг Шведэд гэр бүлтэйгээ ажиллаж амьдарч байгаа бол Гантулга хүү нь одоогоор ажилгүй, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлүүлж аваад наймаа хийхээр явсан гэнэ. Таван хүү нь бүгд л гэр бүлтэй. Жаргал эмээ арваад ач, зээтэй.
Тэрээр "Жилдээ ганц удаа сар шинээр л хүүхдүүд гэр бүлээрээ золгохоор ирж, бид нар халуун ам бүлээрээ цугларна. Энэ гэрийг чинь өргөөд тавьчих шахна шүү дээ. Хүүхдүүд ирэхээр гэр орон дүүрч, гэгээ татаад сэтгэл онгойгоод сайхан байдаг юм" хэмээн их л догдлонгуй ярина. Ганц охин Ганчимэг нь саяхан "Өгөөж"-ийн хэвийн боовны үйлдвэрт ажилд оржээ. Охиныхоо цалинг буухаар тавгийн идээгээ, хүний гар цайлгах бэлэг сэлтээ бэлдэх гэнэ. Харин Ганбат хүү нь сар шинийн баярын ширээнд тавих ууц авч өгчээ. 250 орчим мянган төгрөгөөр авсан бололтой. Жаргал гуай Ганбат хүүгээ "Манай гэр бүлийн холыг ойртуулж, хоёрыг нийлүүлдэг ганц шүү дээ. Түлээ нүүрс, мод дөхүүлнэ" хэмээн магтах. Ер нь жил бүрийн цагаан сараар хүүхдүүд нь бэлэг, сэлтийг нь бэлтээд өгөх боловч аль болох тэтгэврийн хэдээрээ өөрөө болгох санаатай. Цагаан сараар хөгшнийд төрөл, төрөгсөд, ах дүү хамаатан садан, үр хүүхэд, ач зээ гээд 50 гаруй хүн ирж золголт хийдэг аж. Хөгшин нялх гэлтгүй хүн болгоны алгыг дээш харуулж, цайлгаад гаргахыг хүснэ. Төрсөн хүүхдүүддээ дараа нь ядаж өмсчихөөр өмд, цамц тусгайлан авдаг байна. Ер нь тэгээд ч сар шинээр орж ирсэн зочдын алга дээш харуулахад бэлэгний том жижиг нь ялгаагүй гэж үздэгээ Жаргал гуай ярьж байна. Зарим нэг хүүхэддээ авсан бэлгээ хүртэл харуулав. Зээ Энхбаяр нүдээрээ инээж ирээд л зурагт үзэнгээ "Манай эмээ дандаа гоё бэлэг өгдөг" гээд хэлээд авав. Харин эмээ нь "Хичээлээ хийгээд дуусчихсан юм уу. Дандаа хүүхэлдэйн кино үзнэ энэ моньд. Их сэргэлэн. Тэр харахгүй юу нүдээрээ инээгээд" гээд зээгийнхээ толгойг илж, үнсэв. Одоо 100 гаруй мянган төгрөгөөр бэлэг бэлдчихвэл болчихно гэнэ.
Уг нь Жаргал гуай сарын 180 мянган төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй. Гэсэн ч жилдээ ганц хийдэг цагаан сараа аль болох сайхан тэмдэглэх гээд тэтгэврийнхээ зээлийг олон сараар нь зээлчихдэг гэнэ. Энэ жилийн хувьд тэтгэврээ зээлэх боломжгүй байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард зүрхний хагалгаанд орохдоо тэтгэврийнхээ долоон сарын мөнгийг зээлчихжээ. Арай гэж саяхан хугацаа нь дуусч тэтгэвэртэй золготол хүү нь наймаа хийнэ гээд аваад явчихсан. Наадам хүртэл тэтгэвэргүй болсон болохоор тэтгэвэр нэмэгдэх сургийг чих тавин чагнаж байгаа гэсэн. Тэгвэл нэмэгдэж орсон зөрүү мөнгөөр нь үлдсэн бэлгээ бэлдээд, охиныхоо цалинг хашааныхаа түрээсэнд өгчих санаатай аж. Учир нь тэднийх Дөлгөөн нуурын ардхан талд сарын 25 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн хашаанд амьдардаг юм байна. Түрээслэгчид нь залуу хосууд байдаг бөгөөд түүнийг ээж, эмээ шигээ л хүндэлж орж гардаг гэнэ.
Шинийн таван өнгөртөл тэднийд хөл тасрахгүй. Хажуугийн айлаа танихгүй мөртлөө "Та нар хөгшин настай хүнээ хүндэлж золгоно гэдгийг мэддэггүй улс уу" гээд загнаж байгаад цай уулгадаг байна. Хорооныхоо таньж мэдэх ганц нэг хөгшинг бас цай уулгана. Цагаан сар дөхөөд ирэхээр хорооныхоо хөгшчүүдийг цуглуулж, цайлдаг байна. Энэ цугларалтыг Жаргал гуай харин ч нэг хүлээдэг. Тэрнээс бусад өдрүүдэд гэр өрхийн эмнэлэг, зээ нарынхаа сургууль хооронд өнжинө. Тэрээр өрхөө өнгөлж дуусчихаад авдарнаасаа хурган дотортой дээлээ гаргаж салхи үзүүлж, тоосыг нь гөвчихөөд утаа шингэчихнэ гээд далд хийчихэв. Тэр зуур хажуу айлын хүн буузаа хийнэ гээд элдүүр, гурилын гампанзыг нь аваад гарах нь харагдлаа. Айл болгон болж бүтэхээрээ ингэж л сар шинэдээ бэлдэж байна.
Д.ДАВААСҮРЭН Өдрийн сонин,2014 он
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө