Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-17-ны хооронд Бүгд найрамдах Солонгос улсад (БНСУ) албан ёсны айлчлал хийсэн. Өмнөд Солонгост олон мянган монголчууд суралцаж, ажиллаж тэнд олноороо оршин суудаг. Мөн БНСУ-д аялж, хоёр орны хооронд бизнес хийж, эмчлүүлэх журмаар байнга ирж, очдог нөхөрсөг харилцаатай улс билээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 53.032 иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Харилцан зорчиж байгаа иргэдийн тоо жилд 250 мянгад хүрсэн буюу сүүлийн үед огцом нэмэгдсэн аж. Тиймээс манай иргэд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалд чих тавин хүлээсэн.
Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Түүнээс хоёр улсын харилцаа стратегийн бүрэн түншлэлийн хэмжээнд хүртэл хөгжсөн. Монгол Улс, БНСУ-ын харилцаа боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эдийн засаг, улс төр, худалдаа, аялал жуулчлал гээд бүхий л салбарт өндөр түвшинд хүрлээ. Төрийн өндөр түвшний айлчлал тогтмол хийхийн сацуу ард иргэдийн харилцаа их буюу БНСУ-д сурах оюутнууд, хөдөлмөрлөх иргэдийн тоо ч нэмэгдсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд асар их боломж бий. БНСУ нь техник технологи, үйлдвэрлэлийн түвшин өндөртэй бол манайх түүхий эд, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээрээ хамтарч дэлхийн зах зээлд гарах боломж байгаа юм. Хоёр улсын хоорондын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ гэхэд 1990 оноос хойш 130 дахин өссөн гэсэн үзүүлэлт бий. Мөн БНСУ нь манай улсын гол хөрөнгө оруулагчдын нэгд зүй ёсоор тооцогддог ба олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийгээд байгаа.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол, Солонгосын бизнес форум болсон. БНСУ болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан энэхүү форумд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллага оролцжээ. Хоёр орны бизнес форумд Монголын төдийгүй Солонгосын эдийн засгийн томоохон төлөөлөлүүд болсон компаниудын захирлууд уулзсан. Энэ үеэр хоёр орны ажил хэрэгч хүмүүс бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан аж.
Айлчлалын бас нэг сонирхолтой арга хэмжээ бол Сөүл хотноо зохион байгуулсан “Welcome to Mongolia” хөтөлбөр байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх БНСУ-ын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. 2023 он Монгол, Солонгосын хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээсэн жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Welcome to Mongolia” арга хэмжээнд KT group, К bank, Samsung C&T, Hyandai E&C зэрэг БНСУ-ын салбар бүрийн 200 орчим томоохон бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл, Монголын 100 гаруй бизнес эрхлэгч оролцов. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хэлсэн үгэндээ “Ирэх 30 жил Солонгос, Монголын харилцааг шинэ шатанд гарах алтан үе болно гэдэгт итгэж байна. Хоёр улсын харилцаа эдийн засгийн агуулгаар өргөжиж, эрчим хүч, аялал жуулчлал, харилцаа холбоо, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хүлээлттэй байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын 100 мянган гаруй иргэн Монгол Улсад зочилж очиж байсан. Монголын уудам тал нутаг, байгалийн үзэсгэлэнг олон мянган солонгос залуус үзэж, сонирхоосой гэж хүсэж байна” гэсэн аж.
Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголын сайд нар ч сэтгэгдлээ илэрхийлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хоёр талдаа хийгээд явж байна. Энгийнээр хэлбэл чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр юм. Монгол Улс Японтой байгуулсан ийм гэрээ байдаг. 5700 орчим бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү тарифийн хөнгөлөлтэй гаргадаг. Буцаагаад 8000-9000 барааг хөнгөлөлттэй үнээр Монгол руу оруулж ирнэ. Үүн шиг гэрээг Солонгосын засгийн газартай хийж ойрын хугацаанд оруулна. Мөн хөрөнгө оруулагчдыг харилцан хамгаалах, эрх ашгийг нь дэмжих хэлэлцээрийг хийж байна. Жижиг зах зээлтэй Монголд хөрөнгө оруулалт хийхэд цаашаа том зах зээл рүү гарах боломжийг нээж өгөх тусам манайд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ” хэмээв.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулахаар боллоо. Хөгжингүй орнууд Монголын газрын ховор элементийг сонирхож байгааг Солонгосын Ерөнхий сайд уулзалтын үер хэлж байсан. Япон, АНУ, Европын холбооны орнууд манай газрын ховор элементийг сонирхож түүхий эдэд хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс Солонгосын тал манайхтай хамтран судлах зорилгоор судалгааны төв нээнэ. Ер нь энэ талаар хөгжсөн улсууд мэдээллээ нууцалдаг учраас бидэнд гадны Ноу Хау хэрэгтэй. Солонгосын технологийг оруулаад цаашид эрж хайх, одоо байгаа ордуудаа хөдөлгөөнд оруулах зорилготой. Гэхдээ газрын ховор элементийг үйлдвэрлээд, олборлоод, экспортод гаргахад 5-10 жилийн хугацаа хэрэгтэй байдаг” гэж онцолж байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан зарим асуудлаас дурдвал:
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов.
-Хөшигийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
-Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
-Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 5 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13