Омикронтой ШИНЭ ЖИЛ

Admin | 2022-01-06


Монголд омикроны 12 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээллээ. Тэгэхээр омикрон аль хэдийнэ ороод ирсэн бололтой. Бүр омикронтой Шинэ жилдсэн ч болж таарлаа. Өчигдөрхөн БНСУ-ын “News1.kr” мэдээллийн сайтад “Өнгөрсөн сарын 15, 25, 28-ны өдрүүдэд Монгол Улс болон АНУ-аас ирсэн 3 иргэнээс омикрон илэрсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсаас ирсэн нэг иргэн, энэ сарын 2 болон 3-ны өдөр АНУ-аас ирсэн хоёр иргэн омикрон вирустэй гэж оношлогдсон" гэж бичсэн байв. Гэтэл энэ мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үгүйсгэж "Одоогоор хоёр иргэнээс омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй.  Манай улс омикрон илрүүлэх аппараттай болсон. Энэхүү аппаратаар урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол гарсан. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний ээлжид 16 сорьцыг өгсөн, 100 сорьцыг Япон руу давхар явуулсан байгаа. Эдгээр нь өнгөрсөн гурван сарын сорьц. Бид өмнө нь Япон руу сорьц явуулахад сар болон хоёр сарын дараа хариу ирдэг байсан бол энэхүү аппарат маань тодорхой үйлчлэлтэйгээр гаргадаг. Эхлээд хийсэн сорьцоо уншина, боловсруулна гэх зэргээр 14-21 хоногийн хугацааны дараа хариу нь гарна. Хэрэв БНСУ-д манай иргэнээс омикрон илэрсэн бол ХӨСҮТ-д мэдээлэх ёстой. Ийм мэдээлэл ирээгүй” гэлээ. Гэвч ганцхан хоногийн дараа Монголд омикрон ороод ирчихсэн болохыг ийн хүлээн зөвшөөрлөө.

Эрүүл мэндийн сайдын мэдээллээс омикрон хувилбар аль эрт манай улсад ороод ирчихсэн гэж харагдаж байна.Омикроны сэжигтэй эхний ээлжинд 16 сорьц, ахиад 100 сорьц баталгаажуулахаар явуулсан гэдгээ тодорхой хэллээ. Тэгэхээр монголчууд бид өнгөрсөн сард өөд уруугүй Шинэ жилийн баяр гэж гүйсэн. Хувийн хэвшлийнхэн л баяраа тэмдэглэж болно гэсэн боловч төрийн байгууллагууд мэр сэр хийсэн тохиолдол яригдсаар байгаа. Дээр нь Ерөнхийлөгч өдөр шөнөгүй одон медаль, шагнал тараасан. Үүний гороор он гараа юу үгүй юү ковидын халдварын тоо 500 хол давчихсан. Оны өмнө 200 тохиолдлоос буурч, бүр нас баралтгүй өдөр хүртэл байлаа. Гэвч одоо халдварын тоо дээшээ өсч байна.

Оноос өмнө омикрон орж ирсэн болох хэд хэдэн хардлага бий. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр арванхоёрдугаар сарын 14-нд өгсөн нэгэн ярилцлагадаа ийн хэлсэн байдаг. Тэрээр “Нэг сарын дараа гэхэд Омикроны давлагаа дэлхийн олон улсад эхлэхээр байна. Тиймээс үүнд бэлдэх ёстой. Хэдийгээр энэ хувилбарын шинж тэмдэг хөнгөн байгаа ч халдварлах чадвар өндөр учир олон хүн өвдөнө. Өвдсөн олон хүн дотроос вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүс, хавсарсан өвчтэй хүмүүс хүндрэх нь нэмэгдэнэ. Манай улсаас маш олон хүн гадагшаа явж байгаа учраас Омикрон хувилбар орж ирж, шинэ жилийн хүлээн авалтад олон хүн халдвар авч, тэр нь цаашаа халдварыг өргөн тархааж, том давлагаа энэ оны сүүлээр үүсэх эрсдэлтэй байна” гэж ярьсан. Мөн БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Омикрон орж ирсэн ч сургалтыг танхимаар үргэлжлүүлэхээр ажиллаж байна” гэж ярьсан.

Тэгэхээр омикрон аль хэдийнэ орж ирсэн байх магадлалтай нь дээрх албаны хүмүүсийн ярианаас ил байна. Омикроны хувилбар дэлхийн 140 орчим оронд тархчихсан байхад манай улс нислэгээ үргэлжлүүлж иргэд гадагшаа, дотогшоо чөлөөтэй ирж буцсан. Ийм тохиолдолд омикрон орж ирэх нь тодорхой.

ДЭМБ-аас хүртэл баярыг өргөн тэмдэглэхгүйг анхааруулсаар байхад манай эрх баригчид төрийн байгууллагаас бусад нь бол гээд сул тавьчихсан. Товчхондоо асуудлыг өөрсдөөсөө түлхэж баяр тэмдэглэсэн иргэдийн буруу болоод үлдлээ. Одоо тэгээд дельтагаа дийлэхгүй байсан монголчууд омикроны эсрэг яажшуухан тэмцэх юм бол доо.  

                                                                                                                              Д.Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)