ТОЙМЧИЙН ҮГ: Нүүрсний хэрэглээ өсөх үү, буурах уу?

Admin | 2023-03-01


Манай улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд үнэ нь өссөн. Энэ нь манай улсын төсөв, мөнгөний санд их нэмэр болж буй. 2022 онд гэхэд Монгол Улс өмнөд хөрш рүү 30 сая 295.5 мян.тн нүүрс гаргаснаар экспорт өмнөх оны мөн үеийнхээс 90 хувиар нэмэгдсэн. Манай урд хөрш БНХАУ нь манай гарагийн нүүрсний хамгийн том хэрэглэгч болоод байгаа. Нүүрсний үнэ цаашид өссөөр байх уу, буурах гэдэг нь Хятадын хэрэглээнээс хамаарна. 

БНХАУ-ын хил нээгдэж, нүүрсний хэрэглээ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор Монголын 2022 оны нүүрсний олборлолт 21.7 хувь өсөж 39.3 сая тн, экспорт нь 72.9 хувь нэмэгдэж 27.5 сая тн болсон юм. 

Энэ оны нэгдүгээр сард л гэхэд жилийн өмнөхөөсөө 9.7 дахин өссөн буюу 4.3 сая тн нүүрс экспортлоод байна. Түүнчлэн Хятадын зарим компани коксжих нүүрсний үнийг тн тутамд 100-110 юаниар нэмэх санал гаргаад буй. Тэгэхээр үүнийг дагаад манайд орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэх нь. БНХАУ 2022 онд долоо хоног тутамд хоёр нүүрсний цахилгаан станцад зөвшөөрөл олгожээ. Энэ нь 2015 оноос хойших хамгийн олон зөвшөөрөл олгосон тохиолдол болов. Зөвшөөрөл олгосон нүүрсний цахилгаан станц (НЦС)-ын хүчин чадал 106 ГВт-д хүрсэн нь 2021 онд зөвшөөрөл авсан НЦС-уудын хүчин чадлаас дөрөв дахин нэмэгдсэн байна. 

Нүүрсний хэрэглээ БНХАУ-д яагаад өсөв? 

Өнгөрсөн жил Хятадад сүүлийн 60 жилд тохиогоогүй ган гачиг тохиолдсон нь усан цахилгаан станцаас хамааралтай мужуудад хүндцохилт болжээ. 

Тиймээс эрчим хүчний хямралыг багасгахын тулд нүүрсний үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулаад буй. Хятадын эрчим хүчний нүүрсний  хэрэглээ өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрч байсан.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын нүүрс хүчлийн ялгаралтын хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Улмаар Хятадын утааны хэмжээ Америкийнхаас хоёр дахин их болжээ. Хамгийн өндөр ачаалал нь 230 ГВт-аар нэмэгдэж эрчим хүчний хямралтай нүүр тулсан тэд нүүрснээс гадна нар, салхины эрчим хүчний хүчин чадлыг 125 ГВт-аар нэмэгдүүлсэн нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний хоёр хувийг бүрдүүлсэн байна. 

Хятадын ойрын болон дунд хугацааны нүүрсний хэрэглээнэмэгдэж байгаа ч 2026-2030 онд нүүрсний хэрэглээгээ бууруулахаар төлөвлөж буй. Тэгэхээр манайх цаашид зөвхөн нүүрсэнд найдалгүй бусад олон төрлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй.

2025 он хүртэл нүүрсний хэрэглээ өсөх төлөвтэй

Олон улсын Эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар өнгөрсөн 2023 онд улс орнууд 8.3 тэрбум тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн дүн аж. 

Дэлхийн зах зээлд байгалийн хий, нефтийн үнэ өссөнөөс шалтгаалан нүүрснийх ч мөн нэмэгдсэн юм. Түүхэндээ анх удаа эрчим хүчний нүүрсний үнэ коксжихоос өндөр байгаа аж. Түүнчлэн аль ч төрлийн нүүрсний хэрэглээ 2025 онхүртэл өсөх төлөвтэй ч, уг бүтээгдэхүүний 53 хувийг хэрэглэдэг БНХАУ-аас бүх зүйл шалтгаалах гэнэ. Европын холбооны орнууд эргээд нүүрс ашиглах болж, цахилгаан станцуудаа ажиллуулж эхэлсэн бөгөөд Герман, Франц, Дани зэрэг 11 улс нүүрсний уурхайгаа нээжээ. Түүнчлэн Япон, БНСУ, Турк зэрэг оронд том чадлын нүүрсний цахилгаан станц барихаар төлөвлөсөн байна. Дэлхий дахинд нүүрс олборлолтын зардал өсөж буй ч борлуулалтын үнэ, ашиг нь нэмэгдсээр байгаа гэнэ. Түүнчлэн уурхайд ашигладаг бүхийл бараа, материал, шатахууны үнэ нэмэгдэн, ажиллах хүчний зардал өсөн, мэргэжилтнүүд дутагдаж буй сөрөг тал ажиглагдаж буй ч нүүрсний хэрэглээ ахих төлөвтэйг шинжээчид онцолжээ.

М.ХҮСЛЭН


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)