Д.АМАРАА: Европт 20 мянга гаруй монгол эмэгтэй амьдардаг

Admin | 2023-03-08


Гуравдугаар сарын 8 - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Монгол Улсын нийт хүн амын 50.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Манай олон эмэгтэйчүүд хилийн дээс алхаж дэлхийн олон оронд очиж амьдарч ажиллаж буй. Гадаадад амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудал болон тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Европ дахь монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Дэчинбэгзийн Амараатай ярилцлаа.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Нийгмийн бодлогын хорооны зөвлөх, Европ дахь монгол эмэгтэйчүүдийн холбооны дарга Дэчинбэгзийн Амараа:

-Танай холбоо хэзээ байгуулагдсан вэ. Ямар чиглэлээр ажиллаж байна?

-Манай Eвроп дахь Монголын эмэгтэйчүүдийн холбоог 2013 онд Eвропын 11 орноос төлөөлөн ирсэн 29 эмэгтэй Бeльги улсын Антвeрпeн хотод хуралдаж анх байгуулж байсан. Европын 20 гаруй оронд ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хууль эрх зүйн болон бусад төрлийн тусламж үзүүлэх зорилготой.

-Европ тивд хэчнээн тооны монгол эмэгтэйчүүд амьдарч байгаа вэ?

-Одоогоор албан бус тооцоогоор Европ тивд 20 гаруй мянга орчим монгол эмэгтэйчүүд амьдарч байгаа. Ер нь бол тэнд байгаа нийт монголчуудын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тооцоо бий. Европын 20 гаруй улсад тархан суурьшиж, тэнд ажиллаж амьдарч байна.

-Монгол эмэгтэйчүүд аль улсад голлон амьдардаг вэ?

-Манай эмэгтэйчүүд хамгийн ихээр амьдарч байгаа улс бол Швед. Тэнд ажиллаж амьдарч буй 8000 гаруй монголчуудын нэлээд нь эмэгтэйчүүд.

-Гадаадад буюу Европт амьдарч буй эмэгтэйчүүд голчлон ямар ажил эрхэлдэг вэ?

-Би өөрөө Бельги улсад амьдардаг. Бельгид байдаг эмэгтэйчүүд голчлон ахмад настай хүмүүсийг асардаг, сувилдаг ажил эрхэлдэг. Шведэд байгаа монголчуудын ихэнх нь сүшиний газар ажилладаг.   

-Европт очсон хүмүүст ямар асуудал тулгарч байна?

-Тэнд очсон хүмүүст эхэндээ хэлний асуудал нэлээд тулгардаг. Манай эмэгтэйчүүд маш хурдан арга эвээ олдог. Ихэнх нь Монголоос ирэхдээ тодорхой хэмжээнд хэлээ сурсан байдаг. Европт ирээд ч сурч, боловсорч өөрсдийгөө мундаг авч явдаг аж. Eр нь манай эмэгтэйчүүд Eвропын аль ч улсад ажилгүй байдаггүй. Очсон газар бүртээ хөлөө хурдан олж, хэлээ сурч амьдрал ахуйгаа сайхан аваад явчихдаг юм.

-Европт ял эдэлж байгаа монгол эмэгтэй бий юү?

-Ер нь цөөхөн. Тав дотор багтах байх. Бид хоёр гуравтай нь очиж уулзаж байсан. Тэд ихэвчлэн санамсаргүй байдлаар хэрэг төвөгт холбогдсон. Хэлний бэрхшээлээс болж тухайн орны хууль дүрмийг ойлгохгүй хэрэгт орсон байдаг. Тийм тохиолдолд манай холбооноос үнэгүй орчуулагч явуулаад эрхийг нь хангаж, хурдан суллуулдаг.

-Танай холбоо Европын орнуудад байдаг ЭСЯ-тай хэр харилцаа холбоо, уялдаатай ажилладаг вэ?

-Ер нь байнгын харилцаа, холбоотой байдаг. Манай Брюссельд болохоор Бельги, Нидерланд, Люксембург улсыг хариуцсан Элчин сайдын яам ажилладаг. Элчин сайдын яамдууд ажлаа сайн хийж байгаа.

-Та өөрөө тэнд амьдраад хэдэн жил болж байгаа вэ?

-Би өөрөө болохоор Европт 20 жил амьдарсан. Хамгийн анх Германы “Арвер” гээд казинод гэрээтэй ажиллахаар явж байсан. Тэнд 10 жил ажиллаад, дараа нь Бельгид амьдарч байна.  

-Энэ удаа Монголд ямар ажлаар ирэв?

-Монголд түр ажлаар ирээд байж байна. Ирэх сард буцна. Энэ сарын 6-нд бид “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, спорт хорооны дарга Д.Амарбаясгалан, БНСУ дахь Монголчуудын холбооны зөвлөх П.Майнбаяр бид дөрөв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, холбооны гол ажлаа танилцуулж, гадаад байгаа иргэдийнхээ дуу хоолойг төрийн тэргүүнд хүргэлээ.

-Гадаадад байгаа Монголын иргэдэд тулгамдаж буй гол асуудал юу вэ?

-Зөвхөн Европт ч биш, ер нь гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчуудад олон асуудал тулгамдаж байгаа. Асуудлыг шийдвэрлэхийн тулд манай холбоо зорьж ажилладаг. Бид нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд сүүлийн есөн жилийн хугацаанд манай холбоо олон ажил хийсэн. Би өөрөө бол Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ыг анх үүсгэн байгуулсан хүний хувьд дуу хоолойгоо хүргэхийн төлөө явж байгаа. 2014 онд манай холбооны анхны чуулган Гадаад хэргийн яаманд зохион байгуулагдсан. Дараагийн хоёр чуулганыг Ерөнхий сайд ивээлдээ авч байв. Дөрөв дэх чуулган өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 5-7-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдлаа. Төрийн тэргүүн У. Хүрэлсүх “Хилийн чанадад амьдарч буй иргэд маань Монгол Улсын нэг эд эс юм. Бид нар тэдэнд анхаарах цаг нь болжээ” хэмээн онцолж, бидэнтэй илүүтэй хамтран ажиллах ёстой гэдгийг олж харсанд баяртай байгаа.

Өнөөдөр хилийн чанадад 200 гаруй монголчууд амьдарч байгаа нь 3-4 аймгийн хүн амтай тэнцэж байгаа гэсэн үг. Тэдгээр хүмүүсийн хоёр иргэншлийн асуудал байна. Мөн хэлний асуудал бас бий. Түүнчлэн гадаадад байгаа иргэд нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж чадахгүй. Эдгээр асуудлыг байнга ярьж байгаа. Хилийн чанадад амьдарч, аж төрж байгаа ээжүүд “Алдарт эх”-ийн одонг авч чаддаггүй байв. Энэ асуудлыг бид чуулган болгон дээр ярьсаар байгаад 2019 оноос хойш гадаадад байгаа ээжүүд маань одонгоо авдаг болсон юм. Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 300 гаруй монгол эмэгтэй “Алдарт эх”-ийн одонгоо гардан аваад байна. Иймэрхүү шийдлүүдийг цааш нь ярьж, хөөцөлдөж дуу хоолойгоо хүргэж явж байгаа.

Хилийн чанадад ажиллан амьдарч буй монголчууд маань Монгол руу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Сая чуулганы үеэр “2019 онд хилийн чанадад байгаа 200 гаруй мянган монголчууд маань эх орон руугаа 580 сая ам.долларын валют оруулсан” гэж яригдлаа. Энэ бол зөвхөн банкаар гуйвуулсан албаны ёсны хэмжээний мөнгө. Энд бие биенээр явуулсан мөнгө тооцогдоогүй, зөвхөн банкаар дамжиж гуйвуулсан мөнгөнй хэмжээ аж. Монголд өрнөж байгаа бүтээн байгуулалт, сүндэрлэж буй энэ олон байшин барилгын ард хилийн чанад дахь манай иргэдийн нөр их хүч хөдөлмөр орж байгаа шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдөр Монголд айл бүрээс гадаадад гарсан иргэн байгаа шүү дээ. Тэд эх орон руугаа маш их мөнгө, валют оруулж ирдэг.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 мянга гаруй монголчуудын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд. Энэ бол албан бус тооцоо шүү. Ковид-19 цар тахлын гурван жилийн хугацаанд статистик тооцоо алдагдсан. Би өөрөө Европын олон орноор явсан. Очсон газар болгонд эмэгтэйчүүдийн тоо давуу байдаг. Тэгэхээр монгол эмэгтэйчүүд маань улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд маш их хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)