ТОЙМЧИЙН ҮГ: Зэсийн эрэлт нэмэгдэнэ

Admin | 2023-03-20


Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг бол зэсийн баяжмал. Эрдэнэт, Оюутолгой зэрэг зэсийн томоохон уурхай Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй гол эх үүсвэр. Тиймээс дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байвал манайд их ашигтай тусна.

Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад зэсийн эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд маш ихээр өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа. Тонн тутамдаа 10 мянган ам.доллароос давж байв. Өнгөрсөн жил бага зэрэг буурч байсан ч БНХАУ хилээ нээх шийдвэр гаргасны дараа зэсийн үнэ 2022 оны зургаадугаар сараас дахин нэмэгдсэн. БНХАУ-ын хувьд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын эдийн засаг сэргэхийн хэрээр цаашид зэсийн үнийг өсгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. 2023 онд зэсийн үнэ өндөр байх хүлээлт байсаар байна. Өчигдөр гэхэд нэг тонн зэсийн ханш 8620.35 ам.доллар байв.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саяхан ашиглалтад орлоо. Ингэснээр Оюутолгойн ордын хамгийн өндөр агууламж бүхий гүний уурхайгаас экспорт хийх боломжтой болж байна. Нөгөөтэйгүүр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байсан ихээхэн хэмжээний импортын зардал үгүй болж, цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон гарц нээгдлээ. Ингэснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад манай улсын экспортын орлого 10 орчим хувиар өснө. 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор 2028-2036 онд жилд дунджаар 500.000 тонн зэс олборлохоор байгаа билээ. Оюутолгой өнгөрсөн онд 129.5 мянган тн зэс үйлдвэрлэсэн аж. Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ гэдэг нь ойролцоогоор зургаан сая цахилгаан автомашин буюу 60 том салхин цахилгаан станцад хангалттай хэмжээ юм. Тиймээс Оюутолгойн жилийн борлуулалт 5 тэрбум ам.долларт хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин нэмэгдэнэ. Манай улс зэсийн баяжмалын экспортоос 2022 онд л гэхэд 2.7 тэрбум ам.долларын орлого олсон. Харин гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт нэмэгдэнэ гэдэг нь экспортын орлого болон ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Зэсийн үнэ жилийн өмнөхөөсөө 15 хувь унаж 8600 ам.доллар хавьцаа байгаа ч зэсийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд 10 мянган ам.доллар хүрэх төлөвтэй байгаа юм. Эрэлт нэмэгдэх гол шалтгаан бол цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл. Учир нь дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалт 2022 онд 10 саяыг давсан бол 2030 онд 15 саяд хүрэх төлөвтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн үнэ өсөх нь аргагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)