“Эрдэнэт үйлдвэр” дэргэдээ зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар яригдаж байсан ч энэ ажил олон жил гацаж амнаас ам дамжсан яриа төдий үлдсэн. Тэгвэл зэс хайлуулах үйлдвэртэй болохоор туршилт, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон сэтгүүлчдэд мэдэээлэл өгч, ярилцлаа.
-Монголчууд зэс хайлуулах үйлдвэр барина гээд байдаг. Ер нь дэлхийн зэсний зах зээл ямар онцлогтой байна вэ?
-Дэлхий дээр ойролцоогоор 25 орчим сая тонн зэс үйлдвэрлэдэг. Үүний 6 сая орчим нь хоёр дахь буюу хуучин зэс. 20 орчим сая нь яг уурхайгаас олборлож байгаа хүдрээс гарч буй зэс. Тэрний 50 орчим хувийг Хятад улс өөр дээрээ төвлөрүүлээд байдаг. Хятад улс өөр дээрээ төвлөрүүлдэг гэдэг нь бүх баяжмалуудыг аваад, авангуутаа Хятад улс өөрсдийнхөө байгаа нөөцөөс хамаагүй их хүчин чадалтай хайлуулах үйлдвэрийг бий болгочихсон. Тэр нь сонирхол ямар сонирхол байна гэхээр Хятад улс үндсэндээ зэсийн том тоглогч, зэсийн үнэ дээр глобал тоглолт хийх гээд байгаа юм. Цаашлаад эвгүй ярих юм бол Лондоны металл биржийг Хонконг худалдаад авчихсан. Хятад гэсэн үг шүү дээ.
-Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна вэ?
-Хуучин хайлуулах үйлдвэрүүд рүү юм аа өгөөд явдаг байсан бол өнөөдөр нэгдүгээрт, Хятад 50 хувийг нь аваад тэр зэсийг өөр дээрээ хуримтлуулангуутаа аймар том тоглолт хийгээд үнэд нөлөөлдөг болчихсон. Хоёрдугаарт, Хятадын Шанхай гэдэг газрын бирж байдаг. Лондоны металлын биржтэй өрсөлдөхүйц том. Тэр бирж яадаг вэ гэхээр Лондоны металл биржээс илүү их нөөцтэй байдаг. Сүүлийн үед явагдаад байгаа, батлагдаагүй нэг юм бий. Маш их хэмжээний зэсийг худалдан авсан гэсэн тоо баримт явж байтал “бодитой биш байна”, “худлаа тоглолт хийж байсан байна” гэсэн юм яригдаад байгаа. Тэгэхээр 2022 онд дэлхийн гурван улс зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Барьж эхэлж байгаа.
-Тодруулбал...?
-Нэг нь Индонез, нөгөөх нь Энэтхэг, Конго улс. Конгод бидний мэддэг алдартай Фридланд Оюутолгойгоос том ордыг тэнд нээчихсэн шүү дээ. Камао Какула гээд Конгод орд нээсэн. Агуулга нь Эрдэнэт үйлдвэрээс арван хэд дахин агуулгатай. Оюутолгойгоос арав дахин өндөр агуулгатай. 5-6% агуулгатай. Манай Эрдэнэт үйлдвэрийн зэс 0.4% агуулгатай, Оюутолгойн зэс 0.5, 0.6% агуулгатай. Гэтэл тэнд 5-6% агуулгатай орд нээчихсэн. Тэндээ зэс хайлуулах үйлдвэр барих гэж байна. Энэтхэг зэс хайлуулах үйлдвэр барих гэж байна. Индонез зэс хайлуулах үйлдвэр барих гэж байна. Индонезийн зэс хайлуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл зөвхөн ТЭЗҮ шүү, үйлдвэр биш шүү 326 сая ам.доллароор Финляндын АУТЭТЕК хийж байгаа. Энэ ямар чиг хандлага харуулаад байна гэхээр өнөөдөр дэлхий дахинд Орос, Хятад гэсэн хоёр улсад маш их баялаг төвлөрсөн байдлаас дэлхий салах бодлого баримтлаад байгаа юм.
-Монгол Улсын хувьд энэ зах зээлд ямар бодлого баримтлах чухал вэ?
-Манай Монгол Улсын хувьд бид томоор нь хараад, эн зэрэгцээд том тоглогч болно гэхээсээ илүүтэйгээр бидний хамгийн том зорилго хүмүүсээ тэжээх юм. Ажлын байрыг нэмэгдүүлж бий болгох, нэмүү өртөг шингээх, дараа дараагийн шатны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой.
-Та “Эрдэнэ үйлдвэр” зэс хайлуулах үйлдвэртэй болох тухай ярьж байна уу?
-Ковидын үед бид маш их юм олж харсан. Үйлдвэрлэл явуулж байхад маш их хэмжээний дутагдалд орчихдог. Жишээлбэл, ганцхан химийн элемент байхгүй байхад л баяжуулах үйлдвэр маань зогсчих гээд байсан. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй эдгээр үйлдвэрийг өөрсдөө бий болгох шаардлага гараад байгаа юм. Зэс хайлуулах үйлдвэр гээд би түрүүн ярьсан. Манай буурлуудын үеэс ярьж байсан чухал асуудал байдаг.
-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал маш олон жил гацсан гол шалтгаан нь юу байв. Зарим хүмүүс хоёр хөрш орны бодлого ч гэж ярьдаг?
-Тодорхой хэмжээнд Хөвсгөлийн фосфоритын ордноос болж гацсан, Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр. Яагаад вэ гэвэл ерөөсөө л фосфоритын орд байх л юм бол зэс хайлуулах үйлдвэр бий болно. Зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гэж маш хортой зүйл гардаг. Тэрийг яаж саармагжуулах вэ гэж хадны мангаа шиг юм ярих болсон. Гэтэл Бүрэнхааны фосфоритын орд Хөвсгөл нуураас 100-аад километрийн зайд байдаг. Яг хажууд нь байдаг Урандөш гэж орд ойрхон байсан учраас болохгүй. Тэр нь тухайн үед байгаль орчноо аврах хүмүүсийн арга байх л даа. Гэхдээ өнөөдөр бид маш олон жил гацсан шалтгаан нь фосфоритын ордноос болж гацсан. Зэсийн баяжмалыг хайлуулахад, хайлуулах процесс нь өөрөө дэлхийд шинэ зүйл биш. Маш олон улс үүнийг хийдэг. Зарим тухайлбал, Орост байсан үйлдвэрүүд агаарт цацагддаг хүхрийн давхар исэл гэдэг юмыг тоохгүй хаяад цацчихдаг байсан. Гэтэл тэр нь байгальд маш хортой. Маш хортой гэхээсээ хортой эд. Гэхдээ хүмүүс тэндээ оршин суугаад амьдраад явдаг л байсан. Одоо болохоор стандарт өндөр болчихсон учраас маш өндөр стандартаар хүхрийн давхар ислээ саармагжуулахын тулд хэд хэдэн янзын арга байна. Натрийн бордоо ч юм уу, фосфорын бордоо ч юм уу. Олон янзын арга байгаад байдаг. Манай сонгож авсан арга болохоор тэр хүхрийн давхар ислээсээ элементийн хүхэр гэдэг юм үйлдвэрлэе. Элементийн хүхэр үйлдвэрлэе гэдэг маань явж явж хамгийн боломжтой шийдэл байна гэдэг дээр бид хүрээд байна. Эрдэнэт үйлдвэр аягүй олон жил энэ чиглэлээр судалгаа хийсэн. Жишээ нь эргэн тойрон байгуулагдсан “Эрдмин”, “Ачит эх” гээд үйлдвэрүүд байна. Энэ бүгд энд хийгдсэн судалгаануудын хүчинд л бий болоод байсан үйлдвэрүүд шүү дээ.
-Одоо туршилтын ажил хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хятадын MFE гээд Төрийн өмчийн маш том судалгааны хүрээлэн байдаг. Уул уурхайн өнгөт төмөрлөгийн том хүрээлэн байдаг. Тэр хүрээлэнтэй бид хамтраад Хятадад элементийн хүхэр үйлдвэрлэлийн лабораторийн туршилтыг хийлгэчихсэн. Туршилт амжилттай болсон. Хагас үйлдвэрлэлийн туршилт хийсэн.Амжилттай болсон. Тэгэхээр хүхрийн давхар ислийг нүүрсээр саармагжуулж элементийн хүхэр гаргана гэсэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийгээд амжилттай болсон. Одоо яг үйлдвэрлэлийн туршилтыг Шинжаанд хийж байгаа. Эрдэнэт хөрөнгө оруулсан. Хятадын MFE хөрөнгө оруулаад хамтраад хийж байгаа. Туршилтын үр дүн тодорхой болонгуут бид 2023 оны зургаадугаар сарын 30-ний дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тодотгоно. Өмнө нь манай ТЭЗҮ чинь Ганбаатар гишүүн “Босоо” Ганбаатар гэж ярьдаг “Наадах чинь ТЭЗҮ байхгүй” гээд байдаг. ТЭЗҮ байгаа. Гэхдээ ТЭЗҮ дээр үйлдвэрлэлийн туршилт хийж тодотгол хийгээрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн учраас тэрийгээ л Эрдэнэт үйлдвэр хийх гээд байгаа.
-Судалгаа хэдийд дуусах вэ?
-Тэр тодотгол нь 2023 оны зургаадугаар сарын 30-ний дотор гарчихвал бид Эрдэс баялгийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулаад сонгон шалгаруулалтаа хийнэ.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14