НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ГОЛ ЗАНГИЛАА ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ АСУУДЛЫГ ӨМНӨГОВИЙН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙН  ДУУЛИАНААР ДАРААД ӨНГӨРӨӨЧИХ  ГЭЭД БАЙНА

Admin | 2023-03-29


-НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ НЭГ МӨР ШИЙДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХУЛГАЙ ҮҮРЛЭХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭ АСУУДЛАА УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ-

МАН-ынхан уснаас хуурай гарах гэдэг шалгарсан технологитой болчихжээ. Нэг хэргийг нөгөө дуулианаар дарж мартагнуулах технологи гэх юм уу даа. Үүний нэг нь нүүрсний хулгайн хэргийн хамгийн гол сэжүүр гэгдэх оффтейк гэрээн асуудал байна.

Нүүрсний хулгайн хэргийг илчлэх жагсаал Төв талбайд эд өрнөж байхад Засгийн газар “Шүгэл үлээгчид нь бид шүү. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК бид БЭТ тавиагүй бол нүүрсний хулгай илрэхгүй байлаа” гэх агуулгыг олонд өгч, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хийсэн долоон оффтейк гэрээг ил болгож байлаа. Анх есөн оффтейк гэрээ гэж байсан ч долоон гэрээ л ил болсон байдаг. Сүүлд анхнаасаа долоон гэрээ байсан гэх тайлбар Засгийн газар өгсөн билээ. Энэ нь олны дунд өнөөдрийг хүртэл хардлага дагуулсаар буй.

 Оффтейк гэрээг асуудал нууцын зэрэглэлээс гарахад гэрээ байгуулсан компаниудын олонх нь өөрсдөдөө давуу байдал бий болгож, монголын нүүрсийг үнэгүй шахам худалдсан нь илт болсон ноцтой асуудал хөндөгдөж байв.

Тэгвэл оффтейк гэрээг нууцын зэрэглэлд оруулах шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ-аар Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн гаргасан байдаг. Үндсэндээ манай улс оффтейк гэрээ буюу нүүрсээ урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд үүнийг нууцлалын зэрэглэл гэсэн том тамганы ард нууж, асар том эрх ашгийн зөрчил үүсгэсэн байв.

Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байсан Төв талбайн жагсаалыг дарах гэж Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанийн оффтейк гэрээг ил болгож байсан нь гал намжаах арга  төдий байсан гэдэг нь хугацаа өнгөрөх тусам л илэрхий болж байна даа.

Угтаа бол нүүрсний хулгайн хэргийг нэг мөр болгох гэж байгаа бол улсын нууцын зэрэглэлээс гаргачихсан энэ асуудлыг ул мухрыг нь олтол явах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр жижиг Тавантолгойн нүүрсний асуудлыг л ярьж, хэлж, хэрэлдэж уралдаж байгаагаас биш, нүүрсний жинхэнэ хулгай өрнөж байсан оффтейк гэрээний асуудлыг ярих нь битгий хэл, дурсах нэгэн ч байхаа больж.

Наанадаж, оффтейк гэрээн дундаас хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их өртөгтэй гэгдэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээний асуудал хаана ямар шатандаа яваа нь тодорхойгүй байна.

Ингээд харахад нэг дуулианыг нөгөөгөөр нь дардаг МАН-ын хуучин кампанит ажил нүүрсний хулгайн асуудал дээр ч өрнөж байгаа юм биш үү гэж хардаж болохоор байна. Оффтейк гэрээн нууцын зэрэглэлд багтсан ажлуудыг харахад бүтээн байгуулалттай холбоотой асуудал нэлээд багтсан байсныг санаж байх биз. Бүтээн байгуулалтын эдгээр ажлыг нууцын зэрэглэлд оруулах шаардлага үнэхээр байсан уу гэдэг нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа.

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД БАГТСАН ДОЛООН ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮД

 Тэгвэл нууцын зэрэглэлд оруулсан оффтейк  гэрээнд ямар компанийн ямар ажлууд багтаж байсныг эргэн сануулж байна.

Гэрээ нэг. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 3.6 их наяд төгрөг. Гэрээг 2019 оны аравдугаар сарын 29-нд байгуулсан.

Гэрээ хоёр. Нүүрс нийлүүлэх гэрээ. “Эрдэнэс таван толгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний нэг тоннын үнэ 60 ам.доллар буюу 205 мянган төгрөг. Гэрээг 2019 оны арваннэг дүгээр сарын 13-нд байгуулсан.

Гэрээ гурав. “Богдхан” төмөр замын төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.2 их наяд. Гэрээ байгуулсан огноо 2020 оны зургадугаар сарын 28-нд байгуулсан.

Гэрээ дөрөв. Монголын төмөр замын төслийн тунель болон эсткадан гүүрийн зураг төсөл худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.5 их наяд. Гэрээг 2022 оны зургадугаар сарын 27-нд байгуулсан.

Гэрээ тав. Нүүрс нийлүүлэх “Эрдэнэс таван толгой” ХК,” Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний үнэ. Гашуунсухайтаар экспортлох тохиолдолд нэг тонн нь 388 мянган төгрөг. Замын –Үүд Эрээн боомтоор экспортлох тохиолдолд нэг тонн нь 392 мянган төгрөг хэмээн тооцож байсан.

Гэрээ зургаа. Загийн усны хоолойн барилга угсралтын ажлын гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Набсан” ХХК, “Эс энд Эй трейд” ХХК , “ЧММ” ХХК-иуд 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ингэхдээ  “Набсан” ХХК 39.4 /тэрбум төгрөг,  “Эс энд Эй трейд” ХХК 39.4 тэрбум төгрөг, ЧММ” ХХК 39.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тус тус байгуулсан байдаг.

Гэрээ долоо. Тавантолгойн далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны аравдугаар сарын 15. Үнийн дүн 69 тэрбум төгрөгөөр байгуулсан.

Нүүрсний хулгайн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлгүүд өрнөж, “Эрдэнэс Тавантолгойн” оффтейк гэрээний асуудлыг мөн ч их хөндсөн дөө. Гэвч өнөөдрийг хүртэл сүр дуулиан болж, олны дунд хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн үр дүн гараагүй хэвээр байна. УИХ нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол явуулж, оролцогч талуудаас хуулийн үндэслэлтэй мэдээллүүдийг авна гэж ам гарсан. Тэгвэл энэ хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ нүүрсний хулгай үүрлэх нөхцөл бүрдсэн оффтейк гэрээ асуудлаар эхлүүлье, дарга нараа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)