Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх ёстой гэж үзлээ

Admin | 2023-03-30


   Засгийн газрын ээлжилт хуралдаан өчигдөр болсон билээ. Тэгвэл уг хурлаар нэг чухал асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Засгийн газар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг нэмж оруулах санал өгчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал боловсруулж хэлэлцлээ. Манай улсын хүн амын тал хувь эмэгтэйчүүд ч гэлээ шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хангалттай бус байна. Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2022 онд Монгол Улс улс төрийн оролцоогоор 146 орноос 113 дугаар байрт бичигджээ. Тиймээс жендэрийн тэнцвэрийг хангаж, иргэдийн дуу хоолойг бүрэн илэрхийлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд Засгийн газраас дараах саналыг гаргаж байна.

- УИХ-н сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах тухай,

- Жагсаалтаар нэр дэвшигч 38 нэр дэвшигчийн нэрсийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах саналыг гаргалаа. Ингэснээр жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломж бүрдэнэ.

Жендэрийн тэнцвэрийг бий болгож, эмэгтэй нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэх нь нам, бүлгээс үл хамаарч нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг, нийгмийн тэгш бус байдлыг арилгахад хүчтэй дуу хоолой болдог, хүний эрхийг хамгаалах ажлыг бодитой үр дүнд хүргэдэг зэрэг олон эерэг үзүүлэлт бий. Тиймээс нийгмийн төлөөлөл бүрийг шийдвэр гаргах түвшинд оролцох боломжоор хангах шаардлагатай гэж үзлээ" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)