ЭНТОНИ ХОПКИНС: Зүгээр л амьд явах чинь өөрөө гайхамшигтай бэлэг

Admin | 2023-03-31


Өдгөө 86 настай Холливудын жүжигчин Энтони Хопкинс “The Father” (Эцэг) кинонд бүтээсэн дүрээрээ 2021 оны “Оскар”-ын наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг авч байлаа. Энэ бол түүний хоёр дахь “Оскар” юм. Тэрбээр 1992 онд “Хурга майлахаа болино” киноны Доктор Ханнибалын дүрээрээ кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж байв. 30 жилийн тэртээ анхны “Оскар”-аа гардаж байсан алдарт жүжигчин энэ жил 83 насандаа дахин “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн жүжигчнээр тодорлоо. Ингэснээр Энтони Хопкинс хамгийн өндөр насандаа энэхүү төрөлд шилдгээр шалгарсан эрхэм болж байна. “The Father” киноны хувьд охиноосоо тусламж авахаас цааргалж буй Альцгеймерийн өвчтэй ахимаг насны эцгийн тухай өгүүлдэг аж.

Сэр Филип Энтони Хопкинс 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Их Британийнн Уэльс улсын Порт Толбот хотод төрсөн. Британи гаралтай Америкийн кино жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч юм. Францын зохиолч Флориан Зеллерийн “Эцэг” кино “Оскар”-ын зургаан төрөлд нэр дэвшиж өрсөлдөв. Их Британийн BAFTA кино шагналын шилдэг гол дүрийн шагналыг Энтони Хопкинст авчирсан аж. Түүний ярилцлагыг хүргэж байна. 

-Ноён Энтони, та солиорол өвчнөөр шаналж, бодит байдалтай холбоо тасрах өндөр настай хүний дүрд тоглолоо. Дүрдээ хэрхэн бэлдэв. Та амьдрал дээр ижил төстэй нөхцөл байдалтай тулгарч байсан уу?

-Үгүй, хувьдаа надад ийм туршлага байгаагүй. Гэхдээ асуудал намайг зовоогоогүй. Энэ бол зүгээр теннис тоглож байгаа юм шиг энгийн ажил байсан. Үнэнийг хэлэхэд би өөрөө теннис тоглодоггүй. Зүгээр л өөрөөсөө “тэгээд би үүнийг яаж хийх вэ?” гэж битгий асуу. Тиймээс хэрэг маш энгийн, ихэмсэг сонсогдож байвал уучлаарай. Би үүнийг удаан хугацааны турш хийж байсан.

-Үзэгчид таны дүрүүдийн талаар юу ч мэдэхгүй, гэхдээ та үргэлж өөр өөр хүмүүсийн дүрд тоглодог. Өөрөөр хэлбэл, дүрүүдэд сэтгэлзүйн найдвартай суурь байдаггүй эсвэл тэр маш бүдүүлэг байдаг. Энэ нь танд тус болох уу эсвэл саад хийх үү?  

-Илүү хялбар байсан. Маш амархан. 

-Ноён Энтони, таны замнал хэчнээн баян, олон талт байдгийг бид бүгд мэднэ. “Эцэг” кино танд юу өгсөн вэ?

-Энэ бол бэлэг, гайхалтай бэлэг юм - зүгээр л амьд байх, амьдрах. Зүгээр л амьд явах чинь өөрөө гайхамшигтай бэлэг. Амьдралынхаа ухамсраа алдах нь эмгэнэл. Санах ойгоо алдах, ойлгохоо болих, таныг юу хүрээлж байгааг мэдэхгүй байх, өөрийгөө мартах. Цар тахлаас болж тусгаарлагдсан сүүлийн жилд бид ийм зүйлд улам их автдаг болсон. Хүмүүсийн харилцаа бараг бүрмөсөн зогссон гэхэд болно. Таны ойлголтыг өөрчлөхийн тулд танд олон жилийн хугацаа шаардагдана. Ялангуяа залууст. Би одоо 83 настай, гайхалтай сайхан амьдарч байсан. Гэхдээ бид бүгд үнэт зүйлийг ойлгоно гэдэгт найдаж байна.     

Дэмий зүйлд бид хэчнээн их цаг зарцуулдаг болохыг ойлгох цаг болжээ. Энэ хорвоод бүх зүйл үзэн ядалт, хүчирхийлэл, буруутгалаар дүүрдэг. Бид нэгэн цагт ухаалаг амьтан байсан боловч өнөөгийн байдлыг эмгэг гэж тооцохгүй бол өөрөөр нэрлэх аргагүй. Бид аль хэдийн ухаалаг биш болсон. Хоёр мянган жилийн турш бид өөрсдөө бүтээсэн хамгийн сайн зүйл болох философи болон урлагтай тэмцэж ирсэн. Миний муур үхнэ гэдгээ ойлгохгүй байгаа ч, хүрээлэн буй ертөнцийг хүндэтгэх хангалттай оюун ухаантай. Харин бид эцэс төгсгөлгүй зөрчилдөөнд оролцож байна. Бидэнд өгөгдсөн зүйлийн үнэ цэнийг, амьдралаа ухамсарлах хэрэгтэй. 

-Энэ бол хөгшрөлтийн тухай кино гэж хэлж болох уу. Өндөр нас танд жүжигчний хувьд юу өгсөн вэ?

-Залуу биш байгаадаа баяртай байгаа. Гайхамшигтай эрх чөлөө. Энэ бол оюун санааны гайхамшигт төлөвшил. Хамгийн гол нь сэтгэх, ярихдаа хошин шогийн мэдрэмжийг алдахгүй байх. Энэ тухай залууст байнга хэлдэг.

-Таны тоглосон ихэнх уран бүтээлд та эсрэг дүр бүтээсэн. Ханнибал жинхэнэ галзуу нөхөр байсан?

-Ханнибал галзуу бус зүгээр л өөрийгөө ухаантай, агуу гэж боддог сэтгэцийн өвчтэй нэгний дүр.

-Энэ дүрд тоглохын тулд таныг сэтгэцийн эмнэлэгт нэг сар судалгаа явуулсан гэж сонссон?

-Судалгаа явуулаагүй. Нэг сар эмчлүүлсэн юм. Эмч нар намайг бодоод дунд шатны гурван өвчтөнтэй нэг тасагт оруулсан. Тэгээд л сар хамтдаа амьдарсан даа. Ханнибалын дүр кино зохиолдоо эрүүл хүн шиг харагддаг ч үнэндээ сэтгэцийн өвчин буюу дур хүсэлдээ автсан жинхэнэ гаж донтны дүр. Тиймээс энэ дүрийг гаргахын тулд сэтгэцийн эмнэлгээс өөр тохирох газар олдоогүй. Нэг үгээр хувийн бэлтгэл, зохиолоо илүү их мэдрэх гэж хэлэхэд болно.

-Тэгээд сэтгэцийн эмнэлэгт ямар байв?

-Аймшигтай. Нэг сарын хугацаанд нэг өрөөнд байсан гурван өвчтөн маань намайг долоон удаа алахыг оролдсон. Үнэхээр аймшигтай.

-Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн жүжигчин цөөхөн байх. Анхных нь ч байж магадгүй?

-Золиосгүйгээр амжилтад хүрэхгүй. Би золиос гаргаагүй бол энэ дүрээрээ олон үзэгчдэд хайрлагдаж, “Оскар” хүртэхгүй шүү дээ. Чамайг ч гэсэн сэтгэцийн өвчтэй нэгний дүрийг бүтээж чадна гэж бодож байна. Би жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилдэг газар хэвтэж, сайн судалгаа хийсэн учир өнөөг хүртэл Ханнибал гэж дуудуулж байгаа.

-Та буг чөтгөрт итгэдэг үү?

-Буг чөтгөрийн бодит жишээ нь “Тайлга” киноны гол баатар санваартан Гари Томас шүү дээ.

-Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Би шүтлэггүй хүн биш. Бүх зүйл бурханлиг шинжтэй гэдэгт, бас дэлхийн эхлэл нь хумхын тоос байсан гэдэгт итгэдэг. Би уншиж чадах бүхнээ л уншихыг хичээдэг нэгэн. Саяхан Чарльз Дарвины номыг уншсан.

-Танд муу зуршил бий юү. Байнга давтдаг үйлдэл ч юм уу?

-Би номын хорхойтон. Би донтон гэж хэлсэн ч болох байх. Бас хоолны дэглэм барьдаггүй нь миний нэг дутагдал байх.

-Эрчүүдэд заавал нэг муу зуршил байдаг?

-Би өөрийнхөө бүх үйлдлийг зүй зохистой байлгахыг хичээдэг. Гэхдээ дотоод ертөнцдөө бол сайн муу сүлэлдэж байдаг жирийн л хүмүүсийн адил. Би өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй.

-Та олон удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан. Үзэгч, судлаач, шүүмжлэгчдийн анхаарлын төвд байсан үе тань үгүйлэгдэх юм уу?

-Үгүй дээ. Горьдлого найдвар их байх тусам хүн амар тайван байж чаддаггүй. Би тэр бүхнийг хэдийнэ хүртчихсэн. Мэдээж хийж бүтээсэн зүйл минь амжилт олох сайхан л даа. Гэхдээ би хүсч байснаасаа ч ихийг авсан. Тиймээс одоо гомдоллох ганц ч шалтгаан байхгүй.

-Алдар хүндтэй байх танд таалагддаг уу?

-Жүжигчний мэргэжил надад олон арван сайн сайхан зүйл хайрласан. Гэхдээ би хаанаас энд хүрснээ огт мартахгүй байхыг хичээдэг. Би тэр тухайгаа товчхон ярьж өгье. Би үндэсний театрт ажилладаг байлаа. Одоогоос 40 жилийн өмнө Шекспирийн нэгэн жүжигт Лауренс Оливертэй хамт тоглож, түүнийг ээж, аав маань ирж үзэж билээ. Гэтэл аав минь наргиа болгож “Чи театрт Шекспирийн жүжигт тоглох биш, Бартон шиг мөнгө хүүдийлэгч болох байсан юм” гэсэн. Харин ээж “Тун сайн тоглолоо” гээд магтсан.

-Та эмэгтэй жүжигчдээс хэнийг нь үнэлдэг вэ?

-Ямар ч эргэлзээгүйгээр Жуди Фостерийг хэлнэ.

-“Хурга майлахаа болино” кино гараад аль хэдийнэ 30 жил болжээ. Та энэ кинонд өөрийн хамгийн алдартай дүр болох Ханнибал Лектерийг бүтээж байсан. Энэ дүр таны хувьд яг ямар ач холбогдолтой вэ. Ер нь түүний талаар яг юу гэж боддог вэ?

-Лектер. Бурхан минь ямар олон жил өнгөрөө вэ. Энэ киног гарсны дараа хүмүүс надад “Та бол мангас!” гэж олон ч удаа хэлж байлаа. Хүмүүс намайг жинхэнэ Ханнибал Лектерийн амилсан дүр гэж бодож байв. Тэдэнд би бол Лектерийн дүрийг бүтээсэн зүгээр л нэг жүжигчин гэдгийг тайлбарлах гэж оролдсон. Гэхдээ хүмүүст намайг хүн төрхтэй чөтгөр гэж бодох нь илүү амар санагдсан байх л даа. Жүжигчний амьдрал ийм л байдаг. Үзэгчид ямар нэгэн түүхийг хэрхэн хүлээж авахыг чи хэзээ ч мэдэхгүй. Би оргилд хүрч, жинхнээсээ бүтэлгүйтэж ч үзсэн. Тийм болохоор л би “The Dresser” кинонд тоглохдоо маш урам зоригтой байсан. Энэ кино харин яг амжилттай болсон бүтээлийн маань нэг гэж бодож байна. Хамгийн түрүүнд миний бууны саванд дарь үлдсэн байгаа гэдгийг би энэ киногоор өөртөө батлахыг хүссэн. “The Dresser” кинонд тайзан дээр бэлтгэл хийдэг хэсгийн зураг авалтыг хийж байхад би бүр жинхнээсээ Лир вангийн дүрийг бүтээмээр санагдсан шүү. Энэ далимд асуухад Лир ван муу хүн мөн үү, үгүй юу. Миний бодлоор тэр хоёр дах хүүхэд насандаа очсон бөгөөд биеэ барьж чаддаггүй, тэвчээрээ алдсан хүн. Порт-Толботод анх ирсэн Америкууд бохь авчирсныг би санадаг юм. Нэгэн цэрэг надад боодол бохь өгөхөд ээж маань хөрш айлын Питер Жонс гэдэг хүүтэй хуваалцахыг зөвлөсөн. Би хүүхдийн томоогүй зангаар Питер Жонсыг үзэн яддаг байсан юм. Тэгээд түүнтэй ямар нэг зүйлийг хуваалцана гэж бодохоос дургуй хүрч, бохио түүнд бүтнээр нь өгч байсан. “Эсвэл бүгд минийх, эсвэл түүнийх, ямар ч байсан хуваалцахгүй” гэж бодсон хэрэг. Лир ван ч гэсэн яг ингэж авирладаг.

-Айдас жүжигчдэд тус болдог уу, эсвэл саад болдог уу?

-Хэрэв чи тайзан дээр гарахын өмнө сандрахгүй байх нь хэвийн бус. Гэхдээ тоглолтын эхний хэдэн минутад чи өөрийгөө удирдаж чадвал, айдсын оронд мэргэжлийн чадвар ба жинхэнэ бүтээл гарч ирдэг. Өөрийгөө болон сэтгэл санаагаа удирдах нь хамгийн чухал юм. Тайзны өмнөх түгшүүр заавал байх ёстой. Дээрээс нь заримдаа өөртөө эргэлзэж байх нь ч сайн. Би эргэлзэх үедээ илүү сайн байхыг хичээдэг. Айдсаа даван туулж сурах хэрэгтэй. Үүнд л би залуу жүжигчдийг сургаж байгаа. Айдас үргэлж байх болно. Тиймээс түүнийг байнга ялан дийлж байх ёстой. Айдас, түгшүүр, сандрал жүжигчнийг карьерынх нь турш дагадаг.

-Сэдвээ Ричард Бертон руу хандуулж болох уу. Тэр өөрийн дотоод чөтгөрүүдтэйгээ тэмцэж чадаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Харин та чадсан шүү дээ. Ингэхэд танд яг юу тусалсан бэ?

-Та яг ямар чөтгөрүүдийн талаар яриад байна. Архинд донтох өвчин үү. Тийм ээ, тэр үнэхээр тэмцэж чадаагүй. Юу гээч, алкоголизм бол их түвэгтэй зүйл. Нэг талаар чи аз жаргалтай байхдаа ууна, нөгөө талаар өөрийн гуниг, шаналалыг давж гарахын тулд бас л ууна. Гэхдээ миний бодлоор бол чөтгөр гэдэг арай л хүчтэй үг байх. Би үүнийг нэг төрлийн эмзэг байдал, айдас гэж хэлэх байсан. Бид бүгд амьдралынхаа тодорхой нэг мөчид заавал айдастай тулгарч, эмзэг байдлыг мэдэрдэг. Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хэрэв энэ тулаанд бид ялагдвал буцах зам гэж байхгүй. Харин хамаг хүчээ дайчилж байгаад эцсийг нь хүртэл явбал бид ялна. Хэзээ ч бууж өгч, шантарч болохгүй. Энэ тэмцэл бол амьдрах хүсэл юм. Надад амьдрах хүсэл байгаа болохоор би ийм их ажилладаг. Ажил бол миний тэмцэл юм.

-Юу таныг сандаргадаг вэ?

-Мөнгө. Бизнес, мөнгөний талаар ярихыг би үзэн яддаг. Миний амьдрал үүнд аль хэдийнэ дасан зохицсон ч төлөөлөгч маань огтхон ч тайван байдаггүй. Нэг л өдөр намайг кино ертөнцийг орхиж, театрт өөрийгөө бүрэн зориулна гэж тэр айдаг. Тэгэхдээ түүний зөв. Яагаад гэвэл би тайзан дээр илүү их тоглохыг хүсдэг. Мөн би энэ мөрөөдлөө биелүүлэх бодолтой байна. Миний бодлоор киноны хамгийн сайхан нь жинхнээсээ дуртай зүйлээ хийж чадах хэмжээний мөнгө олдогт байгаа юм. Харин надад театрт жүжиглэх нь сайхан санагддаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш доогуур байдаг хүн үргэлж анхаарал ба бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг.

-Та нас ахих тусам илүү сонирхолтой болж байна. Нууц нь юундаа байна вэ?

-Би өдөр болгон ажиллаж, бас дахин ажилласаар л байдаг. Үүнд л бүх нууц нь оршиж байгаа байх даа. Миний эрүүл мэндийн байдал хэвийн байсан цагт би жүжиглэх л болно. Би хэдийгээр шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж чадахгүй ч, дүрийнхээ текстийг цээжлэх нь миний тархийг идэвхтэй байлгадаг гэдэгт би итгэдэг. Би өглөө босоод зураг авалтын талбайд ирэх дуртай. Кофегоо ууж, өглөөний цайгаа уугаад зураг авалтандаа ордог. Энэ бол миний хувьд хэвийн үзэгдэл. Ажлаасаа таашаал авах нь маш чухал.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)