ТОЙМЧИЙН ҮГ: Махны үйлдвэрлэлийг төрөлжүүлэх шаардлагатай

Admin | 2023-03-31


Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол хөдөөж аж ахуй бөгөөд 70 гаруй сая малтай. Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд дээгүүр ордог. Тиймээс малын махан бүтээгдэхүүнийг гадаад орнуудад экспортолж валют олох маш их бололцоо бий. Монголын махны холбооны удирдлага болон зарим мах үйлдвэрлэгч, экспортлогч компаниудын захирлууд манай улсын махны үйлдвэрлэл болон экспортын талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Монголын махны холбооноос мах үйлдвэрлэл, боловсруулах салбарын цаашдын шинэчлэлийн талаарх шийдлийг сэтгүүлчдэд танилцуулсан юм.  

Монголын махны холбооныхон “Монгол малын махыг дэлхийн зах зээлд бахархал болсон, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй, найдвартай уургийн эх үүсвэр болгон хөгжүүлнэ” гэсэн зорилт тавьжээ.

Монгол Улсын дотоодын махны жилийн хэрэглээ 629.4 мянган тонн гэсэн тооцоо бий. Үүний 97 хувийг дотооддоо бэлтгэж, үлдсэн 3 хувийг гадаадаас импортолог аж. Махны үйлдвэрлэл буюу мал төхөөрөх хүчин чадал 343.0 мянган тонны хэмжээнд байна. Үлдсэн хэсэг нь гар аргаар төхөөрөгдөж байгаа гэсэн үг. Экспортлох эрх бүхий төхөөрөх үйлдвэрийн хүчин чадал 174.6 мянган тонн. Үүнээс, ОХУ-д гаргах эрх бүхий 36 компани, БНХАУ-д экспортлох эрх бүхий 20 аж ахуйн нэгж, Ойрхи Дорнодын орнууд болон Япон улсад гаргах эрх бүхий 5-10 компани байдаг.

Манай улсын ОХУ-д мах гаргах аж ахуйн тоо давамгайлж байгаа мэт боловч бодит байдал дээр хойд хөрш рүү хийх экспортын хэмжээ бага байгаа нь статистикаас харагдана. Энэ талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал, мал эмнэлгийн ухааны доктор Н.Батсуурь ярихдаа “Монгол махны зах зээл нь өмнө нь тэр чигээрээ хуучин ЗХУ болон Орост байсан. Тус улсын бүх хууль тогтоомжид Монголоос оруулж ирж буй махыг зөвхөн үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар, дахин боловсруулалтад оруулна гэсэн заалттай болсон. Тийм учраас ОХУ-ын зах зээлд их хэмжээний мах экспортлох хэцүү болсон. Оросын дотоод зах зээл дэх байгууллагууд бидэнд хандан, монгол махыг цааш нь зах зээлд худалдах талаар хамтарья гэсэн санал тавьдаг. Манай холбооны хувьд хөрш орнуудын болон зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй байгаа орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн хариу өгсөн юм” гэв. “ОХУ-д мах экспортлох нэг арга зам нь мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах гэсэн санал байдаг. Энэ хэр ашигтай вэ?” гэсэн асуултад Н.Батсуурь хариулахдаа хамтарсан үйлдвэрийг хаана барих вэ, хилийн наана, цаана, аль улсдаа байгуулах гэдгээс хамаарна гэсэн юм. Махны экспортын талаар тэрбээр цааш нь хэлэхдээ, экспорт гадаадын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс онцгойлон хамаарч буйг онцолсон юм. Манай улс махаа экспортлоё гэж байгаа бол наад зах нь өмнөх шигээ малын өвчнийг олон улсын холбогдох байгууллагуудаас нууж далдлаад өнгөрөөх бус, тухайн өвчнийг хянах, хянаж чадаж байгаагаа олон улсад нотлох хэрэгтэй, ингэснээр махаа экспортолж чадна гэдгийг хэлж байв.

Манай улсын махны экспорт 2017-2018 онд 66 мянган тонн буюу хамгийн дээд хэмжээнд хүрч байсан бол сүүлийн хоёр жилд 57.5-аас 39.9 мянган тонн болж бууран, өнгөрсөн оны байдлаар 22.1 мянган тонн болоод байна. Махны үйлдвэрлэлийг мал, мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт худалдаа хүртэл төрөлжүүлэх шаардлагатай.

“Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг нилээн хөгжүүлж эхэллээ. Та ХАА-н салбарт удирдах ажилтнаар олон жил ажилласан мэргэжилтэн хүний хувьд үүний гол зорилго, зарчим юунд төвлөрөх ёстой талаар саналаа хэлнэ үү?” гэсэн асуултад Н.Батсуурь “Одоо бидний яриад буй эрчимжсэн мал аж ахуй болон мал аж ахуйг эрчимжүүлэх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Эрчимжсэн мал ахуй гэдэг бол махны үхэр, гахай, шувууны аж ахуй гээд аль нэг мал, амьтанг тусгайлан, өндөр ашиг шимтэй үржүүлэх, тусгай зориулалтын аж ахуй юм. Үүний эхлэл манай улсад тавигдаад байна. Аяндаа цаашаа зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлаад хөгжөөд явна. Харин мал аж ахуйг бүхэлд нь эрчимжүүлэх шаардлага бол огт өөр зүйл. Энэ нь мөн л бэлчээрийн даацтай холбоотойгоор бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлэх явдал юм” хэмээн хариулав.

Монголын мах боловсруулах аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд нэгдэн гарах, кластерийн хамтарсан компани байгуулжээ. Түүнчлэн мах экспортлогч компаниуд “Халал” стандартаар мал төхөөрч, бүтээгдэхүүнээ Ойрхи Дорнод буюу булангийн орнуудад гаргах нь өссөн байна. Иран, Кувейт, Катар зэрэг улсуудад мах экспортлох боломж нээгджээ. Катар болон Кувейттэй агаарын хэлэлцээр байгуулсан. Тиймээс удахгүй тэдгээр улстай шууд нислэгтэй болсноор мах, ноолууран бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байна. Катар, Кувейт улсууд Монголоос хонь болон хурганы мах худалдаж авах маш их сонирхолтой байдаг гэдгийг мах экспортлогч компаниудын удирдлагууд уулзалтын үеэр онцолж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)