ТОЙМЧИЙН ҮГ: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байна

Admin | 2023-04-03


Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь гадаадаас импортоор авдаг. Газрын тосны бүтээгдэхүүн, тэр дотор бензин, дизель түлшний ихэнх хэсгийг хойд хөршөөс нийлүүлдэг аж. Гаднаас хараат байгаа учир дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг дагаж Монголд шатахууны үнэ өндөр. Мөн үе үе нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шатахууны хомсдол гардаг. Ковид-19-ийн цар тахлын үеэр дэлхий даяар газрын тосны эрэлт хэрэгцээ буурч, түүхий эдийн зах зээлд үнэ нь буусан ч, 2020 оны хоёрдугаар хагасаас эргэж өссөн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлсний дараа газрын тосны үнэ эрс нэмэгдэж баррель тутамдаа 100 ам.долларыг давж байв. Барууны орнууд Оросын газрын тос, байгалийн шатдаг хийд хориг тавьсан нь үүнд нөлөөлсөн. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас газрын тосны үнэ тогтворжиж, өнөөдрийн байдлаар нэг баррель “Брент” загварын нефтийн үнэ 79.74 ам.доллар байна.

АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын нефтийн баррель тутмын үнийн дээд хязгаарыг 60 ам.доллар болгож тогтоосон. Европын холбоо ОХУ-аас импортлох нефтийн бүтээгдэхүүнийг багасгаснаар Москва БНХАУ, Энэтхэг зэрэг улсуудад хямд үнээр нийлүүлж байгаа. Манай улсын хэрэглэдэг нефтийн бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ нийлүүлдэг. Сүүлийн жил гаруйн хугацаанд АИ-92 маркийн бензиний үнэ тогтвортой байгаа бөгөөд Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд 2390 төгрөгөөр худалдаалж буй.    

 АИ-92 автобензин 20 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 108.391 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 5691 тн, АИ-92 автобензин 24.413 тн, АИ-95 автобензин 4430 тн, дизель түлш 71.854 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 34 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 33 хоног, дизель түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Бүсийн хувьд авч үзвэл Баруун бүс 14.249 тн, Хангайн бүс 5454 тн, Төвийн бүс 22.419 тн, Зүүн бүс 7415 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 467.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс, А-80 автобензин 5.8 мян.тн, АИ-92 автобензин 140.4 мян.тн, АИ-95/98 автобензин 5.3 мян.тн, дизель түлш 267.3 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 9.4 мян.тн, Жет А-1 түлш 11.1 мян.тн, бусад бүтээгдэхүүн 27.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Иргэдийн дунд долоо хоногийн өмнө АИ-92 бензин олдохгүй байна гэх мэдээлэл гарч байв. Тус бензиний нөөц хэр байгаа талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Компаниудын мэдээллээс харахад 10-20 хоногийн нөөцтэй байсан. Бензин байхгүй гэх асуудлаар тухайн компаниудаас асуусан нь дээр байх. Манайд ирүүлсэн тоон мэдээллээр компаниуд нөөцтэй байгаа. Бусад шатахууны нийлүүлэлт улсын хэмжээнд хэвийн байгаа" хэмээв.

Харин "Петровис" ХХК, "Тэс петролиум" ХХК-аас тодруулахад "Ерөнхийдөө шатахууны нөөц хэвийн байгаа. Түгээлт ч хэвийн олгогдож байна" гэв. Тэгвэл "Шунхлай" ХХК "Хүмүүс хэт их ачаалал өгсөн учраас тухайн станцын өдрийнх нь нөөц дууссан. Нөөц нь дууссан ШТС-уудад агуулахаас шатахуун ачиж өгөөд тухайн өдрийнхөө орлогоо авахад 2-3 цаг шаардагддаг. Гэхдээ бүх шатахууны нөөц хэвийн байгаа" хэмээн тайлбарлалаа. Тухайн үед “Сод Монгол”, “МТ” зэрэг компаниудын шатахуун түгээх станцууд АИ-92 бензин худалдаалдахгүй байсан аж. Мөн УУХҮЯ-аас тодруулахад "Улсын хэмжээнд нөөц хэвийн байгаа. Шатахуун хомсдох, тасалдах эрсдэл байхгүй" гэсэн хариулт өгсөн байна.

Томоохон нефть экспортлогчид олборлолтоо бууруулах шийдвэр гаргажээ

Ойрхи Дорнодын газрын тос олборлогч орнууд болон Казахстан олборлолтоо бууруулахаа мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том нефть олборлогч Саудын Араб улс ирэх тавдугаар сараас эхэлж энэ оныг дуустал үйлдвэрлэлээ хоногт 500 мянган баррелиэр багасгахаар болжээ. Энэ тухай өнгөрсөн ням гарагт тус улсын мэдээллийн агентлаг уламжлав. Энэхүү шийдвэр нь зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн идэвхтэй арга хэмжээ гэдгийг тэмдэглэжээ. Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) мөн тийм шийдвэр гаргасан байна. Абу-Даби олборлолтоо хоногт 144 мянган баррелиэр багасгахаа мэдэгдэв. Ирак, Кувейт, Оман зэрэг нефтиэр баян булангийн орнууд ч мөн газрын тосны олборлолтоо бууруулах арга хэмжээ авчээ. Тухайлбал, нэг хоногт олборлох газрын тосны хэмжээгээ Багдад 211 мянга, Эль-Кувейт 128 мянга, Маскат 40 мянган баррелиэр тус тус бууруулахаар болов.

Түүнчлэн Ойрхи Дорнодын орнуудаас гадна манай хөрш зэргэлдээ ОХУ болон Казахстан ч нефтийн олборлолтоо багасгах шийдвэр гаргажээ. Оросын Ерөнхий сайдын орлогч Александр Новакын мэдэгдсэнээр, тус улс газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр хоёрдугаар сарын дундаж олборлолтоос өдөрт 500 мянган баррелиар бууруулах хугацааг 2023 оныг дуустал сунгаж байна. Харин Казахстан хоногийн олборлолтоо 78 мянган баррелиар бууруулах аж.

Газрын тосны дэлхийн томоохон нийлүүлэгчид ийнхүү олборлолтоо багасгаж байгаа нь зах зээлд үнийг өсгөж магадгүй. 

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)