Ерөнхий сайдын зарласан нүүрсний хулгайн анхдагч гэх А.Адьяасүрэнг хэзээ явуулах вэ

Admin | 2023-04-03


Нүүрсний хэрэгт холбогдуулан өнгөрсөн 12 дугаар сард АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн нэрсийг зарласан.

Үүнд хамгийн эхэнд А.Адьяасүрэн гишүүний нэр яригдаж байсан. Нүүрсний хэргийг анх нийгэмд шүгэл үлээсэн гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ мэдэгдэл хийхдээ А.Адьяасүрэнг энэхүү хэрэгт холбогдуулан нэрийг нь зарлаж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганаар Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, улмаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл нүүрсний хэрэгт нэр холбогдсон анхдагчдын нэг А.Адьяасүрэнг яагаад явуулсангүй вэ. Явуулах нь битгий хэл түүний хэргийг прокурорын байгууллагаас УИХ-д яагаад танилцуулахгүй өдийг хүрч байна вэ. Ерөнхий сайд буюу эрх баригч намын даргын зүгээс ил хэрэгт А.Адьяасүрэн гишүүн хамгийн их холбоотой гэж мэдэгдсэн. Гэтэл өдийг болтол түүний нэрийг хууль хяналтын байгууллагаас болоод эрх баригчдын зүгээс дуугарахаа больсон нь ямар учиртай вэ. Үүний цаанаа нууц улс төрийн тохироо явагдаж байна уу гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна.

А.Адьяасүрэнгийн хувьд угтаа сөрөг хүчний эмэгтэй гишүүн. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, гишүүн болсон байдаг. Арав гаруй жил авто тээврийн салбарт ажиллаж ирсэн гэх шинэ гишүүн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт - БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгжтэй. Тэгвэл А.Адьяасүрэн дээрх компаниуддаа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн дунд цацагдсан. Тодруулбал, түүнийг Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний газрын нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг хуулийн байгууллагаас удаа дараа мэдэгдсэн.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг нэрлэсэн байдаг бөгөөд эдгээр компанийг дөрөв нь 2020 оны хоёрдугаар улиралд Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн С зөвшөөрөл авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гишүүн А.Адьяасүрэнгийн 20 хувийг нь эзэмшдэг “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэгдэх ба эдгээр хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр УИХ-ын сонгуульд оролцож, намдаа хандив өгсөн гэх мэдээлэл ч гараад байна. Ийм хүн өдгөө ямар ч гэмгүй мэт Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа нь хэр ёс зүйтэй асуудал вэ. Эрх баригч намын дарга та А.Адьяасүрэн гишүүнтэй ямар тохиороо хийсэн бэ. Яагаад анхдагч гэж зарласан хүнээ өдийг хүртэл авч үлдээд яваад байна вэ?

С.ГЭГЭЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)