Г.ГАНБОЛД: Нүүрсний гэх хэргийн нотлох баримтууд зэрэг ил гарах эрсдэлтэй учраас Сонсголыг хойшлуулж байна

Admin | 2023-04-04


Нүүрсний тээвэр, холбогдох асуудлыг шалгах Түр хорооны даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай түр хороо  9 сарын хугацаанд 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг шинжлэн судалсан. Улмаар  энэ дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Түр хорооны сонсголыг нээлттэй  зохион байгуулахаар тов зарлаад байсан. Сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах ёстой. Хуулийн дагуу шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, түр хорооны хурлаа өнөөдөр (өчигдөр) хийсэн. Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн Түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй” гэж үзсэн. Түүнээс гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Нүүрсний  гэх хэрэгтэй холбоотой асуудалд  УИХ-ын Хянан шалгах Түр хороо, АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас нэгэн зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас зарим нотлох баримтууд нь нийгэмд урьдчилж гарах эрсдэлтэй гэж үзсэн учраас сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо 2023 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана. Тиймээс энэ хугацаандаа амжиж сонсгол зохион байгуулах бүрэн боломжтой.  Энэ хүрээнд нууц хэмээн яригдаж байгаа гэрээ, нүүрсний бодит хулгай буюу хоосон гарсан машин, нүүрсний ангиллын бусад хулгай, төрийн өмчит компаниудын дотоод худалдан авалттай холбоотой гэрээ хэлцэлүүдийг нийгэмд ил болгохоор зорьж байна. Энэ хүрээнд 114 хүнийг гэрчээр дуудах шинжээчдийн дүгнэлт гарч, хянан шалгагчдын тайлан бэлэн болсон" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)