Д.БАЯНЖАРГАЛ: Нөхрийг маань прокурор, шүүгчид захиалгаар яллах гэж улайрч байна

Admin | 2023-04-04


  Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалтай ярилцлаа.

-Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдоод хойшлогдлоо. Өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт өгсөн ч хэрэгсээгүй юм байна, тийм үү?

-Шүүгч, прокурор захиалгатай ажиллаж байгаа нь надад битгий хэл Монголын ард түмэнд мэдрэгдсэн байх. Ямар хэргээр энэ хүнийг үргэлжлүүлэн хорих гээд байна вэ гээд шүүгчээс асуухаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар байхгүй, хариулж чадаагүй. Прокурор нь “Ээдрээтэй хэрэг учраас хорьж байгаа” гэсэн. Миний нөхөр хүн алж, террорист халдлага хийх гээд байгаа биш эсвэл эрх мэдлээрээ бусдад саад болох гээд байгаа биш ээдрээтэй гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Шүүх хурал дээр хадам аав маань маш хүнд байдалтайгаар явж очсон. Элэгний хүнд хагалгаанд ороод удаагүй, дотуур цус алдсан хөдөлж ч чадахгүй хөдөлгөөний гам барьж байгаа хүн. Хүүгийнхээ барааг нэг удаа харчихмаар байна гэж гуйсан ч хүлээж авсангүй. Тэр шүүгч эмэгтэй, прокурорууд эцэг, эхээс төрсөн л байлгүй дээ. Тийм харгис байна гэж бодсонгүй. Хар нөмрөг нөмөрсөн эрлэгийн элч нар шиг л байлаа.

-Ар гэрийнхэнд нь хүнд л тусч байгаа байх?

-Бидний амьдрал маш хүнд байна. Манайх шилжилтийн насны хоёр хүүтэй. Том хүү маань энэ асуудлыг маш хүндээр хүлээж авч байна. “Аавыг яагаад хориод байгаа юм бэ” гэж үе үе асууна. Дунд хүү ах нь уурлаад байгаа болохоор эмээгээд байна уу “Аав уг нь зүгээр байсан биз дээ” гэх юм. Бага охин бол эхлээд нэг их тоохгүй байснаа саяхнаас гэнэт сэтгэлээр унаад эхэллээ. “Аав 70 хоног гэртээ байсангүй, ээж ээ” гээд л. Багш нь хүртэл охиныг маань хямарч байгааг хэлдэг болсон. Хүүхдийн сэтгэл зүйд ингэж нөлөөлдөг юм байна. Ийм зүйлийг харж байгаа надад ямар байгааг илэрхийлэхэд хэцүү байна.

бүлийнх нь аюулгүй тайван орчинд аж төрөх эрхэнд халдаад байна. Мэдээж нөхөр маань хэрэг хийсэн бол бид ингэж хэн нэгнээс гомдол эрж явахгүй л дээ. Миний нөхөр гэмт хэрэг хийгээгүй. Хөххотод ажиллаж байх үеийн өчүүхэн инээдтэй зардлаар боомилж, ял өгч явуулах гээд шүүгч, прокурорууд улайрч байна. Энэ хүнийг суллаад гадуур байцааж болох байх. Хилийн хориг тавиулчихсан, гэр орон, үр хүүхэд, эцэг эхийгээ гэдэг хүн хаашаа ч оргон зайлахгүй. Энэ бол захиалгатай хэрэг гэдэг нь маш ойлгомжтой харагдаж байгаа.

-Хэн захиалсан гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Насаараа хуулийн дээр ахалж суусан Ц.Нямдорж гэдэг хүний хүүхэд Анхбаярын талаар манай нөхөр маш их баримтыг хэлж байсан. Би бол захиалагч нь Н.Анхбаяр гэж хардаж байна. Хардах эрх нь надад бий. Нэг лайв дээр нь чи шоронд байх ёстой хүн гээд байсныг нь санаж байна. Хэлж байгаад шоронд хийдэг хунтайж нарын үе эхэлсэн гэж бодогдоод байна, аймаар байна. Манай нөхөр энэ хүнийг сургалтын төлбөр хичнээн мянган ам.доллар улсаас төлүүлсэн тэрийгээ улсад төлөөгүй, аав хүү, бэр бүгд төрд өндөр дээд албан тушаал хашиж байгааг нь ил хэлсэн нь буруудсан юм болов уу даа. Ц.Нямдорж гуай чинь өөрөө хүүхдээ ГОК руу шахаа хийлгэж байсан талаараа ч ярьдаг ийм л хүмүүс биз дээ. Үүнийг нь би биш бүгд зурагтаар харсан байх.

-Нөхөртэйгөө сүүлд хэзээ уулзав. Юу ярьж байх юм?

-Шүүх дээр хэрэг нь байгаа учраас уулзахын тулд шүүгчээс зөвшөөрөл авдаг юм байна. Гэтэл шүүх маш их хүнд суртал гаргаж байна. “14 хоногт нэг уулзахад л болоо юм биш үү, бид ажил ихтэй байна” гэх маягаар харьцдаг юм байна. Би ажлын ачааллыг нь ойлгож байна. Гэхдээ амьдралаа хамт туулах ханийнх нь хувьд уулзмаар, ярилцмаар их олон асуудал байна биз дээ. Бид ямар улсад шахаа хийж, авлига хээл хахууль авч амьдарч байсан биш, амьдрал баян, айл гэрийн асуудал мундахгүй. Ярианы эхэнд хэлсэн бага насны гурван хүүхэдтэй айл. Биеийн байдлыг нь мэдмээр байна шүү дээ. Уг нь долоо хоногт хоёр удаа уулзуулдаг журамтай юм билээ.

Яахав бүх шүүгч тийм хүнд сурталтай биш байх. Гэтэл бидэнд 14 хоногт уулзахад болоо ш дээ гэж байгаа юм. Тэр шүүгч эмэгтэй өөрөө нөхөр нь үндэслэлгүй хоригдоод ингэж удсан бол гэж тал талын байр суурийг бодож үзсэн болов уу. Энэ бол хүнийг залхаан цээрлүүлэлт гэж би бодож байна. Дахиад хэлье хоригдож байгаа хүнээр зогсохгүй гэр бүлийг нь хамт залхааж байна. Сая шүүх хурлын үеэр нөхрийгөө хараад нүд хальтирмаар байлаа. Хараад л нулимс урсчихсан. Ингэж ч явах гэж дээ гэж хүртэл бодогдлоо. Сахал үсэндээ баригдаад турчихсан, царай нь цонхийчихсон байна лээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарт нэг зүйл хэлмээр санагдаж байна. Тэр хүн бүхэл бүтэн хуулийн салбарыг толгойлж байгаа хүн. Гэтэл дор нь байгаа прокурор Ганхөлөг, мөрдөгч магадгүй шүүгч Отгонцэцэг нар захиалгаар ажиллаж, салбарыг чинь маш муухай харагдуулж байна. Өөрийг чинь ямар ч толгойгүй мэт харагдуулж байна. Хуулийн хонгил гэж ярьдаг байсан, одоо гэтэл энэ мэт нийгэмд ил байгаа хэрэгт ингэж хууль бус шийдвэр гаргаад байгаа хүмүүстээ арга хэмжээ авч, та бүхний яриад байгаа хүн биш хууль засагладаг гэдгийг одоо хармаар байна.

-Биечилж уулзахаар юу ярих юм бэ?

-“Би хэрэг хийгээгүй шүү, миний хань итгэж байгаа биз дээ” гэдгийг л хэлдэг. Мэдээж би мэдэлгүй яахав. Хүүхдүүдээ сайн харахыг захидаг. Өсвөр насны хүүхдүүд цахим ертөнцөөс янз бүрийн мэдээлэл харж байгаа учраас хөвгүүддээ маш их санаа нь зовж байгаа.

-Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллага дөрвөн төрлийн хэрэгт буруутгаж байгаагаа дурдсан. Бусдын биед халдсан, албан тушаалаа урвуулж ашигласан гэх мэт. Та энэ үйлдлүүдэд нь юу хэлэх вэ?

-Н.Анхбаярын биед халдсан гэж би үзэхгүй байна. Яахав, тухайн үед сэтгэл хөөрлөөрөө гар хуруугаараа янз бүрийн үйлдэл хийсэн байх. Мэдээж бүдүүлэг үйлдэл үү гэвэл тийм. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэг болгож цагдан хорих үндэслэл болохгүй болов уу.

-Консул байхдаа машин борлуулсан гэх хэрэг эртнээс яригдаж байгаа. Шалгаж байгаа хэргүүд дунд ч дурдагдсан байсан...?

-Венийн конвенцоор гадны оронд эх орноо төлөөлөн алба хашихаар очиж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн орондоо автомашин оруулах эрхтэй байдаг юм билээ. Элчин сайд, ерөнхий консул, дэд консул, атташе бүгд машин оруулж хэрэглэдэг. Үүний дагуу л үе, үеийн тэнд ажиллаж байсан хүмүүс тэгж л ирсэн. Гэтэл манай нөхрийг анх удаа автомашины гэх хэрэгт холбогдуулаад байгаа юм.Миний мэдэхээр энэ нь БНХАУлсдаа ч хэрэг гэж үзээгүй хаагдсан. Манай хуулийнхан л хэрэг болгох гэж их оролдоод бараагүй байх.

Өөр бас хэдэн зардлын асуудал дээр буруутгасан байх шиг байгаа юм. Гадаад харилцааны яамнаас тухайн жилийн Консулын газрын төсвийг батлаад явуулдаг. Түүн дээр хүүхдийн сургалтын зардал, алба хаагчдын байрны түрээсийн зардал, тухайн жилд хэдэн хүн нутаг буцах вэ, түүнд замын зардал хэд байх вэ гэдгийг тусгадаг. Түүнийх нь дагуу тогтмол зардлууд гардаг. Нөхөр маань албан ажлаа хийж түүн дээрээ гарын үсэг л зурсан хүн. Ерөөсөө толгой мэдэж хэтрүүлж гаргасан зардал байхгүй. Өөр нэг инээдтэй зардал байгаад байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл дураараа орчуулга хийлгэж 3000 юань завшсан тухай. Тухайн үед нэг юань 380 төгрөг байсан гэхээр 900.000 гаруй төгрөгийг улсаас завшсан гэж буруутгаад байх шиг байгаа юм.

-Ийм асуудал хавтаст хэрэгт байгаа гэж үү?

-Байгаа байх, надаас АТГ тухайн үед эдгээр зардлуудыг л асуугаад байсан. Тухайн үед Консулын газарт хятад хэлтэй ганцхан хүн байсан. Боомтын асуудал, тэнд ажиллаж амьдарч байгаа болон хоригдож байгаа монгол иргэдийн асуудал маш их. Ганц орчуулагч хүрэлцэхгүй юм билээ. Д.Мөнх-Эрдэнэ хятад хэлтэй ажилчин томилооч гэдэг хүсэлт Гадаад хэргийн яам руу их явуулдаг байсан. Огт авч хэлэлцээгүй. Тиймээс өвөрмонгол хүнийг хөлсөлж орчуулга хийлгээд 3000 юанийн цалин өгөөд ажиллуулсан. Тэр нь тайлантай. Түүнийг нь хавтаст хэрэгт том хэрэг болгочихсон болов уу.

-Эхлээд нэг хоригдоод гарч ирсэн. Удалгүй буцаад саатуулагдсан. Ямар үндэслэлээр буцаад орчихов?

-Эхлээд хоригдоод гарч ирэхдээ монгол хүн болсон хойно тийм муу нэртэй газар ороод гарч ирж байгаа учраас хол очиж хувцас хунараа солъё, ус цасанд оръё гээд дүүтэйгээ яваад ирсэн юм. Гэтэл тэр үйлдэл нь зорчих эрхээ зөрчсөн болж таараад дахиад хорьчих шиг болсон.

-Намын хуралд очсоноос болсон гээгүй юу?

-Тийм асуудал хөндөгдсөн. Гэхдээ намын үйл ажиллагаа бол Д.Мөнх-Эрдэнийн хувьд ажил амьдрал шүү дээ. Тэр хүн АН-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбатын албан ёсны зөвлөх. Үйл ажиллагаа, хуралд нь очих эрхтэй байдаг байх. Энэ асуудлыг өмгөөлөгч хөндөж тавихад шүүгч хүлээж авсан. Гэхдээ л өмнөх үйлдэл нь зорчих эрхийг зөрчсөн байна гээд зүтгэсэн дээ. Энэ зүгээр л шалтаг байсан. Хорьж амыг нь барих гэсэн шалтаг.

-АН гэснээс намын нөхөд нь эргэж тойрч байна уу, тантай холбогдов уу?

-АН-ынхан нөхрийг маань суллахыг шаардаж дуугарсанд баярласан. Д.Мөнх-Эрдэнэ өөрөө намдаа их үнэнч хүн. “Манай нам хоорондоо эв эеэ олчихвол хүчтэй сөрөг хүчин болно” гэж их ярьдаг. Сүүлд Э.Бат-Үүл гуай бас нөхрийн маань талаар дуугарсан байна лээ. Маш их баярлаж байгаа.

Нөхөр маань энэ нийгэмд болохгүй байгаа асуудлыг хөндөж л үзэл бодлоо илэрхийлж байсан хүн шүү дээ. Угаасаа манайх ардчилсан тогтолцоотой нийгэм биз дээ. Эхэндээ би за яахав, хэлж ярих нь зүйтэй болов уу гэж боддог байсан.

Гэхдээ сүүлийн үед хэтэрхий их сэтгэлийн хөөрөлдөө автаад, үг хэллэг нь хүртэл хурцдаад ирэхэд хориглож үзсэн. “Тэртээ тэргүй дээгүүрээ аалзны тор шиг хэрчихсэн нийгэмд чи мянга орилоод нэмэр байна уу, наад үг хэллэг, лайваа боль” гэж удаа дараа хэлж байсан. Тэгэхээр хариуд нь надад “Үгүй ээ, Баянаа. Бидний үр хүүхэд ийм нийгэмд үлдэж болохгүй. Үүнийг орилж хашхичаад ч болов засч залруулмаар байна” гэж хэлдэг байсан. Тиймдээ ч их ч олон дайсантай болсон байх.

-Д.Мөнх-Эрдэнийг хорьсон нь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэорхийлэх эрхийг боомилсон үйлдэл боллоо гэж хүний эрхийн хуульчид онцолж байсан?

-Монгол Улс ардчилсан тогтолцоотой орон. Хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гээд Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Тэр эрхийг нь боогдуулаад хорьчихоор хүмүүст үгүйлэгддэг юм байна. “Гарч ирээд лайваа хийгээч, энэ хүн яачихав аа” гэж над руу их бичиж байна. Иргэдийнхээ үндсэн эрхийг боогдуулж байгаа нь энэ хэргийг захиалагчид, эрх баригчид өөрсдийгөө маш муухай, ичгэвтэр харагдуулж байна шүү дээ.

-Сонирхож асуухад нөхөр тань энэ нийгэмд их сонин дүр. Магадгүй нийгмийн болохгүй байгаа асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд тийм сэтгэл хөдлөл, үг үйлдэл гаргадаг болов уу гэмээр...?

-Хань маань гэртээ сайн аав. Маш намуухан, гэртээ үг дуугарах нь ховор. Хоёр хүүдээ юмыг учирлаж тайлбарлаж их хэлдэг. “Та хоёрын ирээдүй бол та нараас шалтгаална. Ээж аав хоёр нь мөнгө төгрөг өвлүүлж өгөхгүй, чадах ч үгүй. Та хоёр л эрдэм мэдлэгээ олж аваад амьдарна шүү” гэдэг. Харин нийгмийн асуудлыг хөндөөд лайв хийгээд ирэхээр тэр догшин араншин, үг үйлдэл гаргачихдаг. Дараа нь өөрөө “Би лайв хийгээд асуудал хөндөөд ирэхээр л муухай үг үйлдэл гаргачихаад байна” гэдэг цагаахан хүн. Олон ч хүнд тус болж явсан. Түүнийгээ ил гаргах дургүй.

Гэтэл өнөөдөр Монголын мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэг хийгээгүй хүнийг захиалгаар яллах гээд улайрч байна. Ядаж л батлан даалтад гаргаад гадуур байцаагаад шалгаж болно шүү дээ. Алх бариад яллах гээд улайрч байгаа хууль, шүүхийн хүмүүсийг харах үнэхээр цочирдмоор юм байна. Үнэн гэж байдаг байх, үйлийн үр ч гэж байдаг байх. Хуулийнхан бүгд нүд нь эрх мэдэлд харанхуйлагдсан гэж бодохгүй байна. Шударга хүмүүс хуулийнхан дунд хонгилынхноос илүү олон гэж л найдаж байна даа.

                                                                                                                                                              Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)