БНХАУ хөгжиж буй орнуудад 240 тэрбум ам.долларын зээл олгожээ

Admin | 2023-04-06


“AidData”-с гаргасан судалгаагаар БНХАУ 2008-2021 онд хөгжиж буй 22 оронд нийт 240 тэрбум ам.долларын зээл олгожээ. Ингэснээр 2010 онд Хятадын гадаад зээлийнх нь дөнгөж 5 хувийг эзэлдэг байсан тусламжийн зээл 2022 онд 60 хувь болтлоо өссөн байна.

Хятадын тусламжийн зээлийнх нь 80 гаруй хувь нь сүүлийн 6 жил буюу 2016-2021 оны хооронд олгогдсон. Энэхүү зээлээ голчлон дундаж орлоготой Аргентин, Монгол, Пакистан зэрэг орнуудыг хамруулжээ. Нийт зээлдүүлсэн гэх 240 тэрбум ам.долларын 170 тэрбум нь Хятадын Төв банкны своп хэлцлээр хийгдсэн. Харин үлдсэн 70 тэрбум ам.долларыг Хятадын төрийн өмчит банкнууд, аж ахуйн нэгжүүд зээлсэн аж.

Манай урд хөрш 2013 оноос “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлж үүндээ 1 их наяд ам.долларыг зарцуулсан. Тусламжийн зээлийн онцлог нь зөвхөн "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн орнуудад л өгөх юм. Түүнчлэн зээлийг ил тодоор тайлагнадаггүй болохоор бүх юм хөшигний цаана л явагддаг. “AidData”-гийн судалгаанд дурдсанаар уг зээлийн хүү нь харьцангуй өндөр буюу 5 хувь байдаг аж. Гэтэл ОУВС-гийнх 2 хувь л байх жишээний.

Гол нь энэ их хэмжээний мөнгийг тэд зээлдэгч орнуудад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох нисэх онгоцны буудал, төмөр зам барьж өгөхөд зарцуулдаг. Харин эсрэг талд зээлдэгч орон зээлээ төлж чадахгүйд хүрвэл өрийн хавханд унах эрсдэл үүсгэж байна гэж “Бүс ба Зам”  санаачилгыг барууныхан шүүмжилдэг.

2021 онд “Бүс ба Зам” санаачилгын санхүүжилт 13 жилийн хугацаанд анх удаа хамгийн доод түвшинд хүрсэн. Гэсэн ч Ши Жиньпин өнгөрсөн оны аравдугаар сард гурав дахь удаагаа дахин сонгогдож Хятад "Өөрийн хөгжлөөрөө дэлхийд шинэ боломжуудыг бий болгоно” гэдгээ зарлаад буй. Тэгэхээр "Бүс ба Зам" санаачилга гадаад харилцааных нь чухал төслүүдийн нэг байна л гэсэн үг.

 

Өрийн хамаарал, Хятадын зээлийн гэрээний нууц

Хятад болон Бээжингээс зээл авсан орнуудын хооронд байгуулсан 100 гэрээнд хийсэн судалгаа дэлхийн хамгийн том зээлдэгч улсын нууц заалт бүхий хэлэлцээрээр өгдөг өрийг өөрсдийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхолд хэрхэн ашигладаг болохыг харуулжээ. Сүүлийн 10 жилд БНХАУ дэлхийн өнцөг булан бүртэй санхүүгийн харилцаагаа бэхжүүлэв. Бээжин “Бүс ба зам” төслийн хүрээнд асар их зээл олгосон. Латин Америкаас Африкт, Зүүн Европоос Өмнөд Азид хүртэлх өргөн нутагт олон оронтой хэлэлцээр байгуулав. Бээжин дэлхийн хамгийн том албан ёсны зээлдэгч, гэсэн хэдий ч гадаадынхныг санхүүжүүлсэн тухай үндсэн мэдээлэл одоог хүртэл тодорхойгүй. Хятадын хэлэлцээрийн чухал механизм болон улсуудын хөгжил, дэд бүтцэт олгодог зээлийн нөхцөл бүрхэг хэвээр байгаа. Гадаад улсын Засгийн газар болон Хятадын хооронд байгуулсан зээлийн гэрээний зөвхөн цөөн хэсэг нь олон нийтэд ил болсон. Вашингтонд байрладаг “Дэлхийн хөгжлийн төв” саяхан Хятадын зээлийн туршлагыг судалжээ. Судалгааны явцад Хятадын Төв Африк, Ази, Европ болон Латин Америкийн улсуудтай, түүний дотор Киргизстан, Серб, Черногор зэрэг 24-н хөгжиж буй оронтой хийсэн 100 гэрээ хэлэлцээрийг нягталсан байна. “БНХАУ дэлхийн хамгийн том зээл олгогч, тийм учраас гэрээг хэрхэн байгуулах нь чухал. Хэлэлцээрээс Хятадын зээл авагч орнуудад нөлөөгөө бэхжүүлж, хамгийн том зээл олгогч улс болоход нь хувь нэмэр оруулах шаардлага болон хязгаарлалтыг харж болно. Бүх гэрээнд ил тод байдал хангалтгүй бөгөөд Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах боломж олгодог зүйл заалт их байна” гэж судалгааны тайлангийн зохиогчдын нэг Скотт Моррис хэлэв. Хятадаас зээл авч, гэрээ хэлэлцээр хийсэн орны тоо нэмэгдэх тусам Бээжингийн чанаргүй өр болон хязгаарлалтын нөхцөл олон нийтийн анхааралд орлоо. Зээл төлөгдөхгүй нөхцөл үүссэн тохиолдолд, Хятадын субъектэд хөрөнгөө буцааж олгох боломжийг олгодог зарим журамд онцгой анхаарал хандуулсан. Энэ нь БНХАУ газар нутаг эсвэл бусад активыг булаан авч, зээл авсан Засгийн газар Бээжинд өртэй болж хоцрох уу гэсэн болгоомжлол төрүүлдэг аж. 

Черногорын Засгийн газар зам барих төсөлд Хятадаас зээлсэн нэг тэрбум ам.долларыг эргүүлж төлөхийн тулд Европын холбооноос тусламж хүссэн нь хардалтыг улам нэмэгдүүлэв. Түүнчлэн Киргизстан улс ч Хятадаас авсан 1.8 тэрбум ам.долларын зээлийг (нийт гадаад өрийн 40 хувь) яаж буцааж төлөхөө мэдэхгүй сууна. Цар тахлын улмаас бий болсон санхүүгийн хүндрэлээс болж Засгийн газар зээлийг төлж чадахгүй байгаа. Харин зээл төлөх хугацаа ойртсоор.

Хүчирхэг зээлдэгч

Дэлхийн хөгжлийн төв энэ оны гуравдугаар сард нийтэлсэн судалгааны тайланг Уильям болон Мэри коллежийн дэргэдэх “AidData” хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтарч бэлтгэсэн аж. Тайлангийн зохиогчид Хятадын зээл өгөх гэрээний ерөнхий заалтад дүн шинжилгээ хийж, Бээжингийн туршлагыг бусад зээлдэгчидтэй харьцуулжээ. Судалгааны явцад БНХАУ-ын хоёр гол зээлдэгч болох Хятадын экспорт-импортын банк болон Хятадын хөгжлийн банкны хийсэн гэрээ хэлэлцээрийг судалсан байна. Зохиогчид гурван үндсэн шинж чанарыг тодорхойлов. Үүнд:

-Хятад улс зээл авсан Засгийн газарт зээлтэй холбоотой мэдээллийг задруулахгүй байх журам хэрэглэжээ,

-Зээлийг хамтын бүтцийн өөрчлөлтөөс хамгаалах нөхцөл тавьжээ,

-Авсан улсын улс төрд нөлөөлж магадгүй зээлийг хүчингүй болгох эсвэл төлбөрийг хурдасгах заалт оруулжээ.

БНХАУ-ын Засгийн газар олон улсыг хамардаг дэлхийн зээлийн хөтөлбөрт элсэхийг эсэргүүцэж байгаа. Бээжин мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын (OECD) зээлийн сүлжээнд, зээл олгох үйл явцын илд тод байдалд уриалдаг “Export Credit Group” бүлэгт ч ордоггүй аж. Түүнчлэн Хятад зээлээ төлөхөд асуудалтай тулгарсан орнуудад тусалдаг зорилготой одоогоос 50 жилийн өмнө байгуулагдсан Парисын клубын ч гишүүн биш.

2020 онд “G20” болон Парисын клубын ерөнхий зарчмын дагуу Бээжин хөгжиж буй орнуудад олгосон 2.1 тэрбум ам.долларын зээлийг хөнгөлж байв. Энэ нь өөрчлөлтийн эхлэл юм шиг харагдсан. Гэхдээ БНХАУ-ын олгосон зээлийн ихэнх хэсэг одоо болтол нууц хэвээр. Дэлхийн хөгжлийн төвийн судалгааны дагуу, зохиогчдын авч үзсэн Хятадын хөгжлийн банкны гэрээ хэлэлцээрийн бүгдэд нь, Хятадын экспорт-импортын банкны гэрээний 43 хувьд нь зээлийг нууцлах заалт байжээ. Судалгааг хийсэн хүмүүс ихэнх гэрээнд нууцлалыг хадгалах тухай шаардлага байгааг, зээл авагчийг бус, зээлдэгчийн мэдээллийг задруулахгүй байх дэлхийд тогтсон туршлагыг Хятадын хэлэлцээрийн шаардлага яг эсрэгээрээ байгаа гэнэ. БНХАУ-ын байгуулдаг хэлэлцээрийн нууцлал маш том бөгөөд зээлийг бүхэлд нь хамардаг.

“Арилжааны нууц зээл авагчийг хамгаалах ёстой, учир нь тэр зээлдэгчид олон нууц мэдээлэл өгдөг. Гэвч Хятад нууцын журамд маш их анхаардаг бөгөөд тэр нь зээл олгогчийг хамгаалдаг” гэж Моррис ярьж байна. Хятадын олгосон зээлийн бас нэг анхаарал татсан зүйл бол “Парисын клубгүйгээр” гэж бичсэн явдал. Энэ нь зээл авсан улс Хятадын өрийг дахин бүтцийн өөрчлөлт хийх эсвэл бусад газар хөнгөлөх боломж олгохгүй гэсэн үг. Мөн зээл авагчид давуу эрх олгохгүй байх заалт оруулжээ. Үүний дагуу, зээл авсан орны хууль болон бодлогод чухал өөрчлөлт гарвал, Хятад хэлэлцээрийг хүчингүй болгох эсвэл өрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэ дүрэм нь дэлхий даяар зээлийн эргэн төлөлтөд саад учруулж болзошгүй өөрчлөлтүүдэд хамаардаг.

Судалгааны тайлангийн зохиогчид Хятадын гэрээнд зээл авсан улсад улс төрийн дарамт шахалт үзүүлэх боломж олгодог хоёрдмол утгатай тодорхойлолтыг ашигласан гэж дүгнэв. “Нэр товъёог маш өргөн хүрээнд хэрэглэж, хоорондын харилцаанд нөлөөлж болзошгүй бодлого эсвэл хуульд заасан ямар ч өөрчлөлтийг хамар­на. Хэрэв зээл олгосон улсын санаанд нийцэхгүй бол, эхний үе шатанд хүчингүй болгож, төлбөрийн хугацааг өөрчилж чадна. Үүний нөлөөлөх хүчин зүйл их” гэж Моррис үзэж байна.

Өрийн хавх уу

Зээл олгогчийн байгуулсан гэрээ хэлэлцээрийн дээрх заалтууд маргаан үүсгэсэн. Шүүмжлэгчид Бээжин зээл авсан оронд хүндрэл учруулж, нөлөөгөө нэмэгдүүлж, Засгийн газрыг хянахын тулд хийсэн “өрийн хавх”-тай зүйрлэдэг. Черногор улс 2014 онд зам барихын тулд Хятадаас зээл авсны дараа буруутгах явдал дахин ихэссэн. Өнгөрсөн онд төрийн эрхийг авсан Черногорын Засгийн газар Хятадаас авсан их хэмжээний зээл Бээжингээс хамааралтай болгоно гэдгийг хэлж, Европын зарим улстөрчид үүнтэй санал нийлэв. Хятадын экспорт-импорт банктай хийсэн хэлэлцээрийн дагуу, банк авто зам болон бусад активыг өөртөө авч болно. Гэхдээ Хятадын банк үүнийг хийх шалтгаан байхгүй. Черногор болон дэлхийн бусад улстай хийсэн гэрээг судалсны дараа, хэлэлцээр Бээжинд заавал зээл олгохыг албадах ёсгүй гэдгийг харуулсан гэж Моррис дүгнэж байна. 

“Хятадын зээл авагч улсуудад тавьсан шаардлага нөхцөл бусад зээлдэгчдийнхээс онцгой. Гэхдээ гэрээ хэлэлцээрийг судалж үзсэний дараа дүгнэлт гаргахад – Хятадын компаниуд зээлийг буцааж төлүүлж авахын тулд өгдөг” хэмээн Моррис ярилаа. Черногорын хувьд, Европын холбоо зээлийг эргэн төлөхөд тусалсангүй. Гэхдээ Брюссель Европын холбоонд орохыг хүсэж буй оронд тусламж үзүүлэх өөр арга зам хайж байгаагаа илэрхийлэв. Моррисын хэлснээр, гэрээний журам Черногорын бусад орнууд дахь боломжийг хязгаарладаг. Бээжин зээл төлөлтийг хойшлуулах эсвэл дахин бүтцийн өөрчлөлт хийх боломж олгож магадгүй, гэвч гэрээ ёсоор ямар ч шийдвэр гарсан Хятад давуу эрхтэй. “Черногорын хүсэж буй ямар ч тусламжийг Хятад үзүүлэх ёстой эсвэл Бээжинтэй тохирох хэрэгтэй. Хөгжлийн зам нь хятадуудыг үл тоомсорлохыг зөвшөөрдөггүй” гэж Моррис ярьж байна.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)