Ц.ЦЭНДХҮҮ: Засгийн газрын шийдвэрүүд бизнесийн хурдыг гүйцэхгүй байгаа учраас компаниуд дампуурлын ирмэгт тулаад байна

Admin | 2023-04-10


  “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл- ТББ-аас "Барилгын салбарын сэргэлт” анхдугаар Их хурлыг зохион байгууллаа. Их хурлаар барилгын салбарт үүсээд буй үнийн өсөлт, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүүтэй ярилцлаа.

-Засгийн газраас “Сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж буй. Уг бодлогын нэг цөм салбар яах аргагүй барилгын салбар. “Барилгын салбарын сэргэлт” Их хурлын гол зорилго юу байв?

-Монгол Улс даяар царцчихсан барилга буюу 1100 төсөл бий. Товчхондоо төсвийн хөрөнгөөр баригдаж буй 1100 барилга зогсчхоод байна. Энэ барилгын ажлыг хөдөлгөөнд оруулж, хурдан явуулах зорилготой. Компанийн буруугаас биш, магадгүй төрийн байгууллагуудын буруутай ажиллагаанаас болж эдгээр барилгуудыг барьж гүйцэтгэхэд хүндрэл учраад байгаа юм. Тэгэхээр үүний гарцыг олохын тулд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтраад энэхүү их Анхдугаар Их хурал буюу чуулганыг зохион байгууллаа. Чуулганаар асуудлуудаа хэлэлцэж, маш хурдан гарц гаргалгаа гаргахыг зорьсон. Учир нь манай барилгын салбарын ажил дулааны улиралд эрчимтэй явагддаг онцлогтой. Тиймээс асуудлаа хурдан хэлэлцээд, бүтээн байгуулалтаа хурдан хийгээд барилгуудаа хүлээлгэж өгч компаниуд нь санхүүгийн эрсдэлээсээ хурдан гарах чухал байна. Үүнийг цэгцэлж байж Монгол улсын хөгжилт цэцэглэлтэд утгаараа хувь нэмрээ оруулдаг салбар болохын тулд бид “Барилгын салбарын сэргэлт” нэртэй чуулганаа хийсэн юм.

-Та бүхний зүгээс хэлэлцүүлгийн үеэр тулгамдаж буй асуудлаа тодорхой гаргаж тавьж байсан. Энэ талаар дэлгэрүүлж болох уу?

-УИХ-ын 88 дугаар тогтоолд энэ царцчихсан 1100 төсөлд төсөвт өртөгт магадлал хий гэдэг тогтоол гарсан. Хэрэгжилт дээрээ Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалаар зөвхөн материалын магадлан хийгдсэн. Гэтэл барилга барихад шууд гардаг дөрвөн зардал бий. Цалин, материал, тээвэр, машин механизм гэсэн дөрвөн зардлын үнэ бүгд өсчихсөн байгаа тохиолдолд зөвхөн материалын үнийг магадлаад нэмэргүй. Цаашдаа тухайн барилгыг зөвхөн материалын үнийн өсөлтөд олгосон мөнгөөр барих боломжгүй болчхож байгаа юм. Ийм нөхцөл байдалтай л асуудал шийдэгдэхгүй нэлээд удаан явчихлаа. Тиймээс чуулганаас нэлээд ахицтай шийдвэр гарна гэдэгт барилгын салбарынхан найдаж байгаа.

-Төр засгийн шийдвэрүүд цаг тухайд нь оновчтой гарахгүй байгаа нь компаниудын зогсонги байдалд гол нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Төр засгийн шийдвэрүүд бизнесийн хурдыг гүйцэж гарахгүй байгаа учраас өнөөдөр энэ 630 гаруй компани дампуурлын ирмэгт хүрчхээд байна. Дээрх компаниуд бүгд татвар, НДШ-ийн өртэй гээд дансыг нь хаачихсан. Гүйлгээ хийж болохгүй. Дээр нь үнийн өсөлтийн 304 тэрбум гэж яригдаад байгаа ш дээ. Энэ чинь бүх компани харьяа захиалагч, яам, тамгын газруудтайгаа гэрээгээ сунгаж хийгээд дээр нь гүйцэтгэлээ гаргаад авах ёстой мөнгө байхгүй юу. Ухаандаа арматурын үнэ гэхэд 1 сая төгрөгөөр авах байсан бол үнэ нэмэгдэж 2 сая төгрөгөөр авсан учраас зөрүүг өгч байна гэсэн үг байхгүй юу. Гэтэл энэ ажил удаашралтай, шат шатандаа хүнд сурталтай зэрэг асуудал байна. Ийм үед яах юм, бүгдээрээ нийлж нэгдэж байж асуудлыг шийдэх нь зөв.

-Тухайлбал, танай компанийн хувьд ямар ажил гүйцэтгэж байгаад зогссон бэ. Одоогийн бодит байдлаа хуваалцахгүй юу?

-Жишээлбэл, манай компани 2020 онд Ховд аймгийн Цэцэг суманд спорт заалны 1.2 тэрбум төгрөгийн тендерийн ажил авсан. Гэтэл өнөөдөр 2.5 тэрбум төгрөгөөр барих болчхоод байна. Дээр нь гэрээ байгуулж ажлаа авсан даруйд ажлаа төлөвлөөд 300 сая төгрөгийн зээлийг 2021 онд төлнө гээд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авсан. Гэвч 2021, 2022, 2023 онд төлж чадахгүй ингээд мухардалд орж, өрийн дарамтад орсон. Ганцхан манайх ч биш дээрх бүх компани яг ийм байдалтай найдваргүй зээлдэгчид ороод өрийн дарамтад орчхож байна. Тэгэхээр бид цаашдаа бизнес явуулах боломжгүй болчхож байна. Өөр бизнес хийе гэсэн ч банк зээл өгөхгүй. Үүнээс гадна барилгын компаниуд материал үйлдвэрлэгч, импортлогч нартай гэрээ хийгээд зээлээр материалаа авчихдаг. Бас л он сар өдрөө тодорхой хэлээд төлнө гэж хийнэ. Төлбөрөө өгөөгүй тохиолдолд нөгөө харилцагч компаниуд хариуцлагагүй гээд шүүхэд өгчихнө. За ингээд шүүхэд дуудагдчихсан, татвар, НДШ-ийн өртэй гээд дахиад тендерт орох эрх үүсэхгүй болчхож байгаа юм. Харамсалтай нь бид хоолоо олж идэхдээ зүгээр нэг бараа зарчихдаг ажил хийдэггүй. Тендерийн шалгаруулалтад ороод улсын төсвийн ажлыг авч гүйцэтгээд хоолоо залгуулдаг компаниуд. Гэтэл ийм байдлаар бүх талаар компаниуд мухардалд орж байна.  

-Чуулганаар энэ асуудлын гарц гаргалгааг хэрхэн ярилцав. Гол шийдэл нь юу байх вэ?

-Надаас яагаад барилгаа барихгүй байгаа юм бэ? гэж асуухгүй байна. Асуувал бид хариуд нь ийм ийм асуудлууд тулгараад байна гээд тодорхой хэлээд өгнө шүү дээ. Тэгэхээр “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ энэхүү чуулганыг нэг удаа зохиогоод хаяхгүй. Энэхүү хурлаас гарсан шийдвэрүүдээ нэгтгэж байна. Улмаар Засгийн газар, УИХ, яамдад холбогдох бичиг хүргэнэ. Засгийн газар, УИХ, яамдын хэмжээнд шийдэх ёстой. Шийдэл байна. Шийдлийг бид их товчхон тайлбарлаж байгаа. Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, БХБЯ, Сангийн яам, Монголбанк, шүүх зэрэг эрх бүхий байгууллагууд нь ил гарч ирээд хоорондоо ярилцах хэрэгтэй байна. Ингэснээр хурдан шийдвэрт хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн барилгын компаниудын ажил биш энэ бол төр засгийн ч ажил. Тиймээс шийдэл маш ойрхон байгаа гэж харж байна. Их л хурдан шийдвэрт хүрэхгүй бол улс даяар баригдаж дуусаагүй царцсан 1100 барилгын чанарт муу нөлөө үзүүлнэ. Тэгээд ч компаниудаа сэрээж, сэргээж авах нь монгол төрийн бодлого. Тиймээс энэ 600 компани татвар төлөгч, НДШ төлөгчөөрөө үлдэх ёстой. Бас ч ковид өнгөрөөд сэргэх зүйл ажиглагдаж байна шүү дээ. 630 гаруй компанийн ард хэчнээн ажилтан байх уу, тэдний ард гэр бүлийн амь амьдрал яригдах уу. Үүнд л Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлого маш хурдан орж ирэх ёстой.

-Төрийн байгууллагуудын дунд шатанд их хүнд сурталтай байна, нэг гүйцэтгэлд гарын үсэг зуруулах гэж яам, тамгын газар руу хэдэн удаа явж байна. Эсвэл мэргэжилтэн нь солигдоод гарын үсэг зурах хүн олддоггүй чирэгдэлтэй байна гэж компаниуд өнгөрсөн жагсаалын үеэр ярьж байсан. Энэ байдал хэр сөрөг үр дагавар дагуулдаг вэ?

-Бас нэг нугалаа нь таны хэлсэн асуудал. Төрийн байгууллагын бага, дунд шатны мэргэжилтнүүд дээр хүндрэл их гардаг. Гэрээг нь хурдан хийж өгдөггүй, гүйцэтгэлийг нь судлаад гарын үсэг зурж чадахгүй. Авлигатай тэмцэх газраас шалгана гээд айх жишээтэй. Юуг нь шалгаж тэгж их уддаг юм. Компаниуд цаг хугацаа алдах тусам хүндэрч байдаг гэдгийг ойлгохгүй байна. Зарим компанийн захирлууд энэ их хүнд суртлыг чинь хүлээж чадахгүй үстэй толгой нь цайчихсан, даралт ихсээд харвачихсан гээд бодит жишээ их байна. Бид хувь хүнтэй холбоотой асуудлыг энэ жилээс гаргаж тавьж байгаа. Учир нь эцэстээ эрдэнэт хүний эрүүл мэнд, амь настай холбоотой зүйл яригддаг боллоо. Өртэй, өдөр болгон өрөө төл гээд шахалтад орж байгаа хүмүүс ямар л олиг байхав дээ. Тийм биз. Тиймээс л бид богино хугацаанд асуудал шийдэгдээсэй л гэж найдаж байна.

-Гэхдээ түрүүн ярьсан шүү дээ, төр засгийн шийдвэр удаашралтай, хүнд сурталтай гэж. Үүнийг чуулганаар хэрхэн хөндөж, шийдвэрлэхээр ярилцав?

-Бид өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хэмжээнд асуудлаа шийдэх, шийдүүлэх гэж жагсаж үзлээ, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж үзлээ, маш их хууль эрхзүйн орчин судаллаа. Нэлээд их дэвшлийг ч олсон. Жишээлбэл, Худалдан авах ажиллагааны хуульд тендерийн баталгаа 1-2 хувь байсныг 0.5 хувь болгож чадсан. Гүйцэтгэлийн баталгаа төсөвт өртгөөс 5 хувь тавьдаг байсан бол тухайн онд санхүүжих үнийн дүнгээс 3 хувь болгож шийдүүлж чадлаа. Болж байна уу, болж байгаа биз дээ. Тэгэхээр өөрсдөдөө итгээд, санаачлаад, оролцоод явах ёстой юм байна гээд манай компаниуд ойлгочихсон. Манай “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ байнгын тогтвортой үйл ажиллагаа руу шилжиж байна.  Төлөвлөлтөөсөө эхлээд буруудаад компанийн нуруун дээр хамаг эрсдэл ирээд байгаа юм. Тэгэхээр төсвийн норм дүрэм, барилгын норм дүрэм рүү бид орж байна. Жишээлбэл, бид судалгаа хийхэд Монгол Улсын Норм, нормативын эдийн засгийн зөвлөх, Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтийн холбоо ТББ-ын тэргүүн Ш.Цэвэлрагчаа гэдэг хүнтэй ажил хэрэгч уулзалтуудыг удаа дараа хийлээ. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, техникийн ухааны доктор 1992-2004 оны хооронд УИХ-ын гишүүн байсан Н.Тогтох гуайтай уулзлаа. Манай барилгын салбарын бурхан ухаантай эдгээр докторуудтай уулзаж хамтарч ажиллахаар боллоо. Эдгээр хүмүүст маш их архив байна. Үүнийг Монголын төр яагаад ашиглахгүй байна. Бид ашиглая, бид хамтарч ажиллая. Барилгын төсвийн норм, дүрмийг шинэчилж барилгын компаниуд эрсдэлгүй бодит төсвийг гаргадаг болгохын төлөө манай төрийн бус байгууллага уг ажлыг эхлүүлэх гэж байна. Бодит төсөв гаргана гэдэг чинь барилгын компаниуд эрсдэлд орохгүй гэсэн үг. 

-Барилгын салбарт танай төрийн бус байгууллагаас гадна маш олон төр, төрийн байгууллагууд байна. Бүгд хүчээ нэгтгэж болдоггүй юм уу?

-Манай барилгын салбарт 40 гаруй төрийн бус байгууллага байдаг. Эдгээр төрийн бус байгууллагууд би сайн, чи муу, би анхдагч, чи хоёрдогч, чи гуравдагч гэж яримааргүй байна. Угтаа бидний зорилго нэг. Монголын барилгын салбарыг шинэ шатанд гаргах. Монголын барилгын салбарт ажиллаж байгаа компаниудыг эрсдэлээс хамгаалах, монголын барилгачдыг орох оронтой болгох. Тийм биз дээ. Дээр нь Барилга хот, байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв бүгд зорилгоо нэгтгээч ээ, үгээ нэгтгээч ээ. Уг нь нэг байхгүй юу. Зүгээр л дор бүрнээ жижигхэн амбицтай. Тэр амбицаар монголын барилгын салбар хөгжихгүй. Өөдлөх айлын үг нэг, Өсөх малын зүс нэг гэсэн ардын зүйр цэцэн үг чинь бие биеэ сонсооч ээ, санаа оноогоо солилцооч ээ, санаа аваач ээ, өгөөч ээ гэдгийг аль хэдийнээ хэлээд өгчихсөн байна. Манай “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч бусад байгууллагууддаа нээлттэй ажилладаг. Та бүхэн манайхтай уулзаач ээ,  ингэж салбараа хөгжүүлье л дээ гээд уриалдаг. Бид нэгдэж байж л хөгжинө.

 

                                                                                                                                                                                     Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)