2023 оны дөрөвдүгээр сарын 9-ний буюу өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг америк доллар 3510.03 төгрөгтэй тэнцэж байна. Бусад голлох валютын хувьд евро 3831.37, БНХАУ-ын юань 510.54, Их Британийн фунт 4365.25, Швейцарь франк 3881.27, Японы йен 26.61, ОХУ-ын рубль 42.57 төгрөгийн хаалтын ханштай байсан аж. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд “ногооны” ханш төгрөгийн эсрэг бага зэрэг суларч ам.доллар 18 төгрөгөөр хямдарлаа. Өнгөрсөн сарын 19-нд нэг ам.доллар Монголбанкны ханшаар 3528.05 төгрөг хүрч байсан бол дөрөвдүгээр сарын 9-нд 3510.03 болж суларсан аж.
2023 оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурчээ. Гуравдугаар сарын 16-наас хойших гадаад валютын дуудлага худалдааны статистикийг харвал, 16-нд 68.3, 21-нд 54.8, 23-нд 22.2, 28-нд 6 сая ам.долларыг нийлүүлж, банкнуудаас 12 сая ам.доллар худалдан авсан байна. Энэ статистикаас харахад банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурсан нь харагдана. Үүнийг дагаад ам.долларын албан ханш 2023 гуравдугаар сарын 19-нөөс хойших 21 хоногийн хугацаанд бараг 18 төгрөгөөр суларч, төгрөг эсрэгээрээ чангараад байна.
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт ийнхүү буурсан бөгөөд зарим өдрийн дуудлага худалдаагаар банкнуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй аж. Харин эсрэгээрээ Монголбанканд ам.доллар худалдах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар банкууд Монголбанканд валют худалдах санал ирүүлсэн, Монголбанк банкнуудаас валют худалдан авсан тохиолдол хамгийн сүүлд 2021 онд тохиож байсан юм. Ингэснээр төгрөгийн ханш тогтворжиж эхэлж буйн томоохон шинж тэмдэг, дохиог зах зээлд өглөө.
2023 оны эхэнд Монгол Улсын Засгийн газар ирэх хоёр жилд төлөх байсан томоохон өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлэх хэлцлийг амжилттай хийж, олон улсын зах зээл дээрээс санхүүжилт татаж чадсан. Гуравдугаар сарын эхээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн зэрэг таатай үйл явдлууд тохиолоо. Эдгээр нь олон улсын зах зээл дээрх Монгол Улсын цаашдын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид онцолж буй.
Гадаад худалдааны хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар 2.2 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 90 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин 1.19 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх жилээс 15 хувийн өсөлттэй, гадаад худалдааны тэнцэл 1.04 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Монгол Улс энэ оны эхний хоёр сард зөвхөн нүүрсний экспортоосоо 1.27 тэрбум ам.долларын орох урсгалыг авч чаджээ. Мөн зэсийн экспортоос 372 сая ам.долларын ашиг олсон нь нийт уул уурхайн салбарын экспортын 90-ээс дээш хувийг бүрдүүлэв. Экспорт ийнхүү сэргэж, ам.долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханшийг чангаруулах хамгийн чухал хөшүүрэг болсон.
Түүнчлэн манай өмнөд хөрш зэрэг томоохон эдийн засагтай гүрнүүд ковид-19-ийн цар тахлын дараах хэвийн байдалд шилжсэнээр улс орнуудын агшаад байсан эдийн засаг сэргэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, амралт чөлөөт цагаараа аялахаас эхлээд хүмүүс хэвийн амьдралд шилжсэнээр эдийн засаг эрчимжиж байна. Жилийн өмнө Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.7 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн таамаглаж байсан ч, 2022 онд 4.8 хувьтай гарсан. Тэгвэл манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувиар нэмэгдэхээр байна гэсэн эерэг төсөөллийг дэвшүүлсэн.
БНХАУ хилийн хориг, хязгаарлалтаа цуцалсан явдал манай эдийн засагт эергээр нөлөөлсөн гэдгийг зарим эдийн засагчид онцолсон. Эдийн засгийн дийлэнх ачааг үүрдэг нүүрсний экспорт энэ онд тэлэлт үзүүлж, агшсан эдийн засгийг урагшлуулахад гол хөшүүрэг болно. Тодруулбал, нүүрсний салбар 2023 оны эхний гурван сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортлосон нь 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тоннын өсөлтийг үзүүлэв. Төлбөрийн урсгал дансны алдагдал, гадаад валютын нөөц, инфляцын огцом халалт зэрэг эрсдлийг тооцоолж эерэгээр асуудлуудыг шийдэж чадвал энэ оноос манай улсын гадаад тэнцэл эерэгээр гарч, валютын ханш тогвторжих бүрэн боломжтой.
Ам.долларын эзлэх хувь багасч, юаний худалдаа нэмэгдсээр...
Нөгөө талаас сүүлийн үед дэлхийн даяар ам.долларын ханш бусад валютын эсрэг бага зэрэг суларсан. Дэлхийн II дайнаас хойш олон улсын худалдаа, наймааны төлбөрийн гол мөнгөн тэмдэгт нь Америкийн доллар байсаар ирсэн бөгөөд манай гарагийн хамгийн хүчирхэг валют болсон. Гэхдээ дэлхийн геополитик өөрчлөгдөхийн хэрээр ам.доллар суларч магадгүй хэмээн зарим эдийн засагчид сануулж байна. АНУ бол дэлхийн хамгийн том эдийн засагтай улс. 1970-аад оноос олон улсын банкны систем үндсэндээ ам.долларт төвлөрсөн. Дараа нь Зөвлөлт Холбоот улс нуран унаж, задарснаар дэлхий даяар их бага хэмжээгээр ам.долларын ноёрхолд орсон. Сүүлийн жилүүдэд Хятад, Орос улсууд хамтран ам.долларыг орлох валютыг бий болгохоор ажиллаж эхэлсэн. Энэ нв өнгөрсөн онд ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш бүр ч эрчимжсэн. Одоо Оросын гадаад нөөцийн 17 хувийг юань эзэлж байна. Мөн юань нь Москвагийн бирж дээр хамгийн их эрэлттэй гурав дахь валют юм.
Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ-ын мөнгөн тэмдэгт зах зээлд эзлэх хувь нь 12 хувиар буурч, 71-ээс 59 хувь болсныг Олон улсын валютын сан мэдээлжээ. 2008 оноос хойш дэлхийн хэмжээнд хийгдсэн гүйлгээний 75 гаруй хувь нь ам.доллараар хийгджээ. Мөн гадаад өрийн 60 гаруй хувийг, дэлхийн төв банкны нөөцийн 59 хувийг ам.доллар бүрдүүлдэг. Хэдийгээр ам.долларын нөлөө хумигдсан ч АНУ-ын гол холбоотон Европ болон Япон зэрэг Азийн орнууд ам.доллараас татгалзахгүй гэж эдийн засагчид үздэг. Мөн Саудын Араб болон бусад газрын тосны худалдаа эрхлэгч орнуудын олонх нь ам.доллартай илүү ойр харилцаатай. Тиймээс ам.доллар тийм ч хурдан дэлхийн ноёрхлоо алдахгүй гэж дүгнэжээ. Гэхдээ Хятад бол газрын тос, байгалийн хийн томоохон хэрэглэгч орон. АНУ, Европын холбооны дараа ордог дэлхийн гурав дахь том худалдааны улс. Бээжин Арабын орнуудтай хийх газрын тосны худалдаагаа юаниар хийхээр тохиролцоод байгаа. Ийнхүү БНХАУ-ын юанийн эзлэх хувь дэлхийн зах зээлд аажмаар нэмэгдэж буй. Гэхдээ одоогоор ам.доллартай өрсөлдөх хэмжээнд хүрээгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 8 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13