МОНГОЛБАНК: Инфляц 2023 онд эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр буурах төлөвтэй

Admin | 2023-04-12


Монголбанкнаас гаргасан тайланд инфляц эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр 2023 онд өмнөх төсөөллөөс буурахаар байна гэж онцолжээ. Хүнсний инфляцын төсөөлөл өмнөхөөс бага зэрэг нэмэгдэж, хүнсний бус инфляцын төсөөлөл буурчээ. Монголбанкнаас гаргасан судалгаагаар 2023 онд инфляц дунджаар 8.1 хувьтай, 2024 онд долоон хувьтай, 2025 онд 6.6 хувьтай байх төлөвтэй гэж үзэж байна. Инфляцын цаашдын төлөвийг гаргахад бодлогын хүүг энэ оны эхний хагаст 13 хувьд хэвээр хадгалах, Төрийн зохицуулалттай барааны үнэ өөрчлөгдөхгүй, хилийн хязгаарлалт тогтоохгүй, АИ-92 шатахууны гэрээний үнэ 2023 онд өөрчлөгдөхгүй гэж үзсэн байна. Гадаад талаас инфляц алгуур буурах, дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ болон тээврийн зардал өсөхгүй, алгуур буурна гэсэн төсөөллүүдийг ашигласан болохыг Монголбанк тайландаа дурджээ.

Хэдий тийм боловч инфляц нэмэгдэхэд тодорхой бус байдал, эрсдэлүүд байсаар байгаа. Ялангуяа төсвийн зардал огцом тэлж байгаа, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжлэх, хүлээлт зэргээс үүдэн ханш сулрах дарамт нэмэгдэх эрсдэл өндөр гэж үзэж байгаа аж.

Харин БНХАУ-ын ковид-19-ийн хязгаарлалтын арга хэмжээ суларснаар газрын тосны эрэлт нэмэгдэх, нийлүүлэгч улсууд гарцаа танах нь дунд эрсдэлтэйд тооцогдож байгааг Монголбанкнаас гаргасан инфляцын тайланд дурджээ.

Гадаад валютын нөөц өмнөх сараас 1.3 хувиар өсөж, 3.43 тэрбум ам.доллар болов

Гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.43 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээлсэн. Энэ нь өмнөх сараас 1.3, оны эхэн үеэс 1.1, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Валютын нөөц нэмэгдэхэд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Тухайлбал, оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Засгийн газрын тогтоолын дагуу “Оюу Толгой” төслийн валютын орлогыг Төв банканд худалдаж байгаа нь нөөцөд тодорхой дэмжлэг болж байгааг Монголбанк мэдээллээ. Дэлхийн Төв банкнууд хямрал болон эдийн засгийн хүндрэлийн үед валютын нөөц дэх алтны хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Монголбанкны хувьд 2022 онд аж ахуйн нэгжүүдээс 22.9 тонн алт худалдан авчээ.

Өнгөрсөн онд алтны салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнээс таван хувиар өндөр авч байсан нь дэмжлэг болсон гэж Монголбанкны Ерөнхийлөгч онцолж байна.

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсчээ

Монгол Улс он гарснаас хойш нийт 15,021.1 мян.тн нүүрс экспортлоод буй. Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 12,322.2 мян.тн-оор буюу 4.6 дахин өссөн. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 6-ны өдрүүдэд нүүрс экспортын 8583 автомашин, 1443 чингэлэг тээвэр, 1020 AGV тээвэр хийгдэв. Дээрх хугацаанд 1,161.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 442 хувь буюу 4.4 дахин өссөн үзүүлэлт юм.

Зэсийн баяжмалын хувьд мөн хугацаанд 384 автомашин, 150 чингэлэг тээврээр экспортолсон байна. Оны эхнээс нийт 356.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар өссөн дүн болов.

Дээрх хугацаанд 111.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ. Тодруулбал, төмрийн хүдэр, баяжмалын тухайд 89 автомашин, 1469 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн байна. Оны эхнээс нийт 1,388.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 100.6 хувиар өссөн дүн юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 41.2 хувь, зэсийн баяжмал 27.7 хувь, төмөр 16.5 хувь, алт 13.3 хувь, газрын тос 18.8 хувь, цайр 59.9 хувь, хайлуур жонш 46.7 хувь тус тус байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)