Их Британийн нэгдсэн хүчний командлагч асан, батлан хамгаалах болон аюулгүй байдлын сэдвээр зөвлөгөө өгч, лекц уншдаг генерал, сэр Ричард Бэрронс Украины дайны тухай “Эрх чөлөө” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр одоо батлан хамгаалах чиглэлийн “Universal Defense & Security Solutions” компанийг удирддаг.
-Украины дайн эхлээд нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд Европ ямар сургамж авсан вэ?
-Европын хувьд маш их сургамж авах үйл явдал өрнөлөө. Нэгдүгээрт, 1990-ээд онд Хүйтэн дайн дуусгавар болсны дараа, ихэнх хүмүүс “одоо дайтахгүй, бүх зүйл дууссан” гэж бодсон ч, өнөөдрийг хүртэл бидний үзэл бодол өөрчлөгдөөгүй гэдгийг ойлголоо. Украины нөхцөл байдал газар дэлхийд хүн байгаа цагт дайн өрнөсөөр байх болно гэдгийг нотолсон. Дайнаас 100 хувь хамгаалах дархлаа гэж байхгүй. Пруссын генерал фон Клаузевицын ярьсанчлан, “Та дайныг сонгохгүй ч гэсэн, дайн таныг сонгох болно”. Мянган жилийн өмнө ямар байсан бол, өнөөдөр ч дайн аюултай, зэрлэг, харгис бизнесийн төрөл хэвээр үлдсэн. Гэсэн хэдий ч үе өөрчлөгдсөн ч, бид дайны тухай ойлголттой танилцахыг хүссээр байдаг.
Хоёрдугаарт, том дайнд 1990-ээд оны Балканы орнуудын, дараа нь Ирак болон Афганистанд харж байсан шиг мэргэжлийн өндөр бэлтгэгдсэн арми биш, энгийн иргэд ялалт байгуулж болно гэдгийг Украин санууллаа. Төр улсад нь мөхөх аюул тулгарвал дайн ард түмний гарт шилждэг. Өнөөдөр Украины дайнд өмнө нь багш, эмч, механикч зэрэг ажил хийж байсан энгийн иргэд тулалдаж байна. Орост ч ялгаагүй, гол хүчийг ард иргэдийн дундаас цуглуулсан. Тэдний хэн нь ч өмнө цэргийн алба хааж байгаагүй.
-“Вагнер” бүлэглэлийг жишээ болгоё. Тэд мэргэжлийн цэрэг биш ч, гэмт хэрэгтнүүдийг цуглуулсан?
-Тийм ээ. Одоо Оросын арми зэвсэгт хүчин, дайчилгаанд хамрагдсан иргэд, хоригдол болон хөлсний цэргүүдтэй “Вагнер” бүлгэмээс бүрэлдэж байна. Тэд аль нь сайн тулалдаж байна, хэн нь ард үлдсэн, ялагдалд хэн буруутай гэсэн өрсөлдөөн дунд үлдлээ. Харин Украинд тийм зүйл байхгүй. Гуравдугаарт, дайн зөвхөн нэг талд нь ашигтай болж, хурдан дуусна гэсэн ойлголт байхгүй гэдгийг харлаа. Украинд томоохон хэмжээний төдийгүй, удаан хугацаанд үргэлжлэх дайн болж байна. Орос ч, Украин ч дайныг хурдхан дуусгахыг хүсч байгаа хэдий ч, тэмцэл удаан үргэлжлэх бололтой. Аль ч тал ялалт байгуулж, эсвэл ялагдал хүлээгээгүй. Бууж өгөхөд ч бэлэн биш. Цаашид асар их хохирол учруулах олон тулалдаан хүлээж байна. Сүүлд хоёр тал ч туйлдаж, дайн мухардалд орно гэсэн таамаг яригдаж буй. Тэгвэл Украин болон Оросын хооронд олон жил үргэлжлэх зөрчилдөөн эхэлнэ. Энэ дайн хэдэн арван жил үргэлжилж магадгүй.
-Та өмнө нь дайн 2025 он хүртэл үргэлжилнэ гэж ярьж байсан. Харин одоо үүнээс ч аймшигтай таамаг дэвшүүллээ. Цаашид урт хугацаанд мөргөлдөөн үргэлжилбэл, стратегийн хувьд цаг хугацаа аль талд ашигтай гарна гэж та бодож байгаа вэ?
-Хэн ялах нь сонголттой холбоотой. Барууны орнууд Украиныг үр дүнд хүргэхийн тулд хөрөнгө мөнгөөр тусалж, зэр зэвсэг өгч дэмжихэд бэлэн байна. Сар бүр 6 тэрбум ам.доллар хуваарилдаг бол, Украин дайнд давамгайлах эсвэл ядаж ялагдахгүй байх боломжтой. Өрнөдийн батлан хамгаалах үйлдвэрлэл Украины иргэдэд зэр зэвсэг сум хэрэгслийн нөөц илгээж байгаа. Украиныг дэмжихэд барууны эдийн засгийн хүчин чадлын багахан хэсэг зарцуулагдана. Тиймээс бүх зүйл сонголттой холбоотой. Тийм ээ, энэхүү сонголт өөрийн гэсэн өртөгтэй. Дээр ярьсанчлан, Украинд барууны баялгийн багахан хэсгийг зарахад хангалттай. Тусламж, дэмжлэг зогсохгүй бол, Украин ялах хүсэл зоригоо алдахгүй, тэмцлээ үргэлжлүүлнэ.
Оросын талын үзэж буйгаар, Кремль дайнд илүү олон хүнийг дайчилж, 2 сая хүнтэй батлан хамгаалах салбарын аж үйлдвэрээ сэргээж байна. Хөрөнгө мөнгө, хүсэл зориг, нийгмийн олон нийтийн хяналтын тогтолцоо, батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар өрнөдийг сөрөн зогсож чадна гэдэгт Москва итгэлтэй байгаа.
Дайн яаж дуусахыг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр дайтаж байгаа хоёр талд техник, зэр зэвсгийн нөөц, ялангуяа артиллерийн сум хүрэлцэхгүй байна. Тиймээс бүх зүйл барууны орнууд Украиныг хэр дэмжихээс, мөн ОХУ батлан хамгаалах үйлдвэрийн салбараа хэр хурдан сэргээж чадахаас шалтгаална. Цаашид нөхцөл байдлыг Хятад болон Энэтхэгийн дэмжлэг өөрчилж магадгүй. Хэрэв Москва дээрх орнуудаас зэр зэвсгийн тусламж авч чадвал, энэ нь Орос, Украины зөрчил биш, барууны эсрэг дайн болох нь батлагдах болно.
-Өрнөд дэмжиж, Энэтхэг болон Хятад тусалбал... Дээрх улсууд сөргөлдөгч талуудыг дэмжих магадлал хэр өндөр вэ?
-Одоо барууны орнуудын хувьд магадлал бага. Учир нь АНУ тэргүүтэй эвслийн гол зорилго нь барууны орнуудын эв нэгдлийг хадгалах явдал байсаар ирсэн. Ер нь Украиныг дэмжих зардал Европын эдийн засагт юу ч биш, шалихгүй бага хэмжээний мөнгө. Гэсэн хэдий ч дайнтай холбоотой Европт газрын тос, шатдаг хийн хангамжийн асуудал үүсч эхэлсэн. Эрчим хүчний түүхий эдийн үнэ өссөн нь ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс өнөөгийн хямралтай нөхцөлд цэргийн тусламжид зориулж мөнгө хуваарилах нь Европын орнуудад хүнд тусах нь ойлгомжтой. Украинд явуулах тусламж, дэмжлэгийн ихэнх хэсгийг АНУ хариуцдаг. Дайны дараа Украиныг сэргээн босгох ажлыг Европ хариуцах болно гэж би бодож байна.
Хятадын хувьд энэ дайнаас ямар ч ашиг олохгүй. Өрнөдийн орнууд Бээжинг Москваг дэмжигч гэж үзвэл, үүний эдийн засгийн үр дагавар маш ноцтой гэдгийг сайн мэднэ. Гэхдээ энэ нь БНХАУ Украины дайнаас хол байна гэсэн үг биш. Бээжин ОХУ-д зарим нэг технологийг өгсөн. Үүнийг нууцаар хэрэгжүүлж, хэн ч мэдэхгүй өнгөрнө гэж бодсон байх. Гэхдээ БНХАУ Москва руу зэр зэвсэг илгээгээгүй. Илгээсэн бол тэднийг дайнд оролцсон гэж үзнэ. Хятад энэхүү дайнд оролцохыг хүсэхгүй байгаа.
-Украин сөрөг довтолгоонд хэзээ орох вэ. Киевийн гол зорилго юу бол?
-Украины сөрөг довтолгоо Оросын дайралтыг няцаахын тулд хэчнээн тооны цэргээ алдахаас, мөн зэвсэгт хүчнийхээ одоогийн хүчин чадалтай холбоотой явагдана. Украины цэргүүд ядарч туйлдсан, зарим цэргүүд зургаан сарын турш тасралтгүй тулалдаж байна. Тэд өдөр бүр цуст тулаанд орж, оросуудтай дайтдаг. “Маргааш дайнд орно” гэж байнга бодно. Украин дайнд маш олон хүнээ алдаж байна.
Оросын довтолгоог эсэргүүцэж байхад учирсан хохирол Украины сөрөг довтолгоо хийх чадварыг багасгасан уу? Тэдэнд хангалттай зэр зэвсэг бий юү, хоол хүнсний нөөц хүрэлцээтэй юу? Украины арми сөрөг давшилтад хэр зэрэг бэлэн байна? Эдгээр асуултын хариултыг хэн ч мэдэхгүй. Гэсэн хэдий ч Киев зөв стратеги хэрэгжүүлж, илүү хүчирхэг бүрэлдэхүүнээ дайнд оруулалгүй, сөрөг довтолгоонд бэлтгэснийг бид мэднэ. Тэд газрын гадарга хатаж, Оросын дайралт удаашрах цагийг хүлээж байгаа бололтой.
Сөрөг довтолгоог хаанаас, яаж эхлэх вэ гэдэг чухал. Оросын арми эзэлж авсан газар нутагтаа сайн бэхлэлт хийж, хамгаалалт босгосон. Оросуудын хяналтад байгаа суурин газруудыг эргүүлж авахын тулд Украинд хангалттай зэр зэвсэг байх ёстой. Өрнөдийн орнуудын энэ оны эхнээс хойш илгээсэн зэвсгийн нөөц хүрэлцэхгүй. Украин одоо Оросын армид цохилт өгч чадна, гэхдээ булаан эзлэгдсэн газар нутгаа бүрэн чөлөөлж чадахгүй.
-Крымыг буцааж авахад юу саад болж байна вэ?
-2023 онд сөрөг довтолгооны үеэр Крымыг буцааж авах нь хэцүү байх болно. Яагаад гэвэл хотод хүрэх амаргүй. Крымд хүрэх хоёрхон замтай, тэнгисээр хүрээлэгдсэн. Хотын гадна талд хамгаалалтын хоёр шугам бий. Мөн 2014 оноос хойш ОХУ өөрсдийн дэмжигчдээ Крымд нүүлгэн шилжүүлж, хамгаалалтад бэлтгэсэн. Тийм учраас 2023 онд Украин Крымыг буцааж авна гэдгийг төсөөлөхөд бэрх. Гэхдээ Крымыг Орост өгөөд зүгээр суухгүй байх. Учир нь дайнд буулт хийх орон зай байхгүй. Энэ бол маш төвөгтэй асуудал бөгөөд энэ онд шийдэгдэнэ гэж найдахаас.
-Дайн сунжрахад барууны орнуудын дэмжлэг бага байгаа нь нөлөөлсөн үү?
-Тийм. Энэ бол хоёр талд мөн хамаатай. Өнгөрсөн онд Орос болон Украин артиллерийн сумыг хайр найргүй хэрэглэсэн. Одоо тэд сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн. Өрнөд сард 30 мянга, Украин өдөрт 6 мянган ширхэг их бууны сум үйлдвэрлэдэг. Өнөөдөр үйлдвэрийн хүчин чадал хэрэглэж байгаа сумны тооноос бага байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сум, зэвсэг гаргадаг үйлдвэр хэрэгтэй. Үүнд дор хаяж 1-2 жил зарцуулагдана.
Дайн эхлэх үеэр Орост 5-20 сая сум байсан гэж би боддог. Нарийн тоог Москвагаас өөр хэн ч мэдэхгүй. Өдөрт 20 мянган сум буудсан гэж тооцоход, дайн эхэлснээс хойших найман сарын хугацаанд 10 жилд хүрэлцэх нөөцөө барсан. Одоо өдөрт 5-10 мянган сум буудаж байгаа. Орост сум хүрэлцэхгүй байна, үйлдвэрийн хүчин чадал бага. Дайтаж буй хоёр тал бие биенээ дийлэхгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Орост ч, Украинд ч сум, зэвсэг хомс. Тэд нөхцөл байдлыг өөрчилж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд 1-2 жил шаардлагатай гэдгийг ойлгож буй. Энгийн үйлдвэрлэлийн математикаар бодоход, дайтагч талууд мухардалд орж магадгүй.
-Хоёр тал дайнаас залхаж, туйлдах болов уу?
-Одоогийн энэ нөхцөл байдалд хүрнэ гэж хэн ч бодоогүй. Дайн эхэлснээс хойш нэг жил өнгөрчихлөө, хэзээ дуусах нь тодорхойгүй. Нийтдээ 300 мянгаас илүү хүн амь үрэгдээд байна. ОХУ дайнд өдөрт 500 саяас 1 тэрбум ам.долларын хооронд мөнгө зарцуулдаг. Украины хувьд эдийн засгийнхаа гуравны нэгийг дайнд зориулж байна. Дайны улмаас 400 сая хүн үр тарианы хомсдолд орж болзошгүй. Үүний алдагдал нэг их наяд ам.долларт хүрнэ. Хамгийн харамсалтай нь, бид өнөөдөр аль хэдийнэ үеээ өнгөрөөсөн гэж бодож байсан дайн гэдэг зүйлтэй дахин нүүр туллаа.
Байнгын бөмбөгдөлт дор амьдарч, амь эрсдэж буй хүмүүсийг харж, өвөл ундны усгүй болж, цахилгаан дулаан тасарсан нь украинчуудыг ядрааж туйлдуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэдний ялалтад хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл маш их. Украинчууд сэтгэлийн шархтай бөгөөд уур хилэн нь асч байна. Тиймээс Украин дайныг зогсоохыг хүсэхгүй.
Өрнөдийн орнуудын хувьд, зарим иргэд нь эцэс төгсгөлгүй дайнаас, Украинд туслахаас залхсан байж магадгүй. Хавар, зун, намар өнгөрөөд дахин өвөл дахин болно. Эрчим хүч, дулааны хангамжийн асуудал дахин гарч ирнэ. АНУ-д ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Гэхдээ барууны орнуудад тэсэхээс өөр арга замгүй. Энэхүү дайнд зөвхөн украинчуудын цус урсаж байна. Барууны орнууд өөрсдийн аюулгүй байдал болон гэрэлт ирээдүйнхээ төлөө ядаж хөрөнгө мөнгөөр ч болов Украинд туслах ёстой. Энэ өгүүлбэр харгис хэрцгий сонсогдож байгаа боловч хүмүүст үүнийг хүргэж, ойлгуулах шаардлагатай.
ОХУ энэ дайнд их зүйлээ алдаж байна. Төр улсын хувьд уруудан доройтож, эдийн засаг нь ухарлаа. Гэсэн хэдий ч Москва дайнаас татгалзахад бэлэн биш байна.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13