Литий бол ховор металлын ангилалд хамаардаг. Литийг та бидний хэрэглэж буй гар утаснаас эхлээд ашигладаггүй салбар тун ховор. Литийг гар утас, анагаах ухаан, атомын цахилгаан станц, химийн үйлдвэр, шаазан эдлэлийн үйлдвэр гээд олон салбарт өргөн ашигладаг бөгөөд гол хэрэглээ нь аккумуляторын батерей хийхэд хэрэглэдэг. Цахилгаан автомашины батарейн гол бүрэлдэхүүн хэсгийн нэг бол литий. Газрын ховор элемэнтэд багтдаг литийн олборлолтоор Европ Хятадтай өрсөлдөж чадахгүй байна. Европын холбооноос зарласан 2035 он хүртэл дотоод шаталттай хөдөлгүүртэй автомашиныг бүрмөсөн хориглох тухай төлөвлөгөө биелэгдэхгүй бололтой. “Financial Times”-т бичсэнээр, цахилгаан батарей хийхэд шаардлагатай литийн хомсдол Европын зорилтыг биелүүлэхэд саад болно гэнэ. Дэлхийн литийн зах зээлийн талаар “Financial Times” сонинд тоймлон бичжээ.
Эдийн засагчдын таамгаар, литийн эрэлт 2030 он гэхэд жилд 550 мянган тоннд хүрэх ба энэ нь одоогийнхтой харьцуулахад тав дахин их үзүүлэлт аж. “Өнөөдөр Европын бүс нутагт жилд 35 мянга гаруй тонн литий үйлдвэрлэдэг” гэж “Benchmark Mineral Intelligence” компани мэдээлэв. Тус компанийн шинжээч Дейзи Женнингс-Грей “2030 он гэхэд дэлхийн зах зээлд литийн хомсдол арилахгүй. Энэ нь Европт хэцүү болж магадгүй бөгөөд өөрийн нутаг дэвсгэртээ энэ ховор металлын олборлолтын төслийг хурдан хэрэгжүүлэх боломжгүй” гэжээ. Дэлхийн хамгийн том литий үйлдвэрлэгч “Albemarle” мөн Европ дахь хомсдолд анхаарлаа хандуулсан. Гэхдээ тус компани арилжааны хувьд ашигтай орд олж чадаагүйн улмаас Европт литий олборлох төлөвлөгөөгөө орхисон. “Европт байдаг бидний мэддэг нөөц өндөр чанартай биш бөгөөд харьцангуй бага хэмжээтэй” хэмээн “Albemarle” группийн санхүүгийн захирал Скотт Тозиер “Financial Times” сонинд өгсөн ярилцлагандаа онцолжээ.
Дэлхийн зах зээл дэх хомсдол болон тонн бүр нь 62.000 ам.доллароос дээш үнэтэй болсноос хохирол амсч буй Европын автомашин үйлдвэрлэгчдэд маш аюултай байж магадгүй. Литийн зах зээлийн үнэ үйлдвэрлэлийн өртгөөс тав дахин их байгаа нь уг ховор металлыг олборлох нь маш ашигтай бизнес болж буйг харуулж байна. Аккумлятор болон цахилгаан батарейг үйлдвэрлэхдээ алттай дүйцэхүйц ховор металлын өөрийн гэсэн нөөц байхгүй бол Европын автомашин үйлдвэрлэгч концернууд цахилгаан тэргийн үйлдвэрлэлээ хурдан өргөтгөж чадахгүй. Ингэснээр тэд Европын зах зээлд идэвхтэй орж байгаа БНХАУ-тай өрсөлдөхөд хэцүү болно. Энэ салбарт Хятад ноёрхож байгаагийн илрэл бол тус улс дэлхийн литийн үйлдвэрлэлийн 60 хувийг хяналтад оруулсан явдал.
Европт литий үйлдвэрлэдэг цөөн тооны компаниудын нэг Австралид бүртгэгдсэн “Vulcan Energy Resources” компанийн ерөнхий захирал Фрэнсис Ведины хэлж буйгаар, Европын бүс нутгийн үйлдвэрлэл өөрсдийн литийгүйгээр ирээдүйд автомашинуудаа цахилгаанжуулж чадахгүй аж. Тэрбээр хэлэхдээ, Хятадын үйлдвэрлэж байгаа литий эхний ээлжинд өөрсдийн автомашинд чиглэгдэнэ. Харин Европын автомашин үйлдвэрлэгчид бүс нутагтаа литийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж чадахгүй бол, “өрсөлдөөнийг тэсвэрлэж чадахгүй” гэж Ф.Ведин өөрийн байр сууриа илэрхийлэв.
Дэлхийн литийн тавны нэгийг үйлдвэрлэдэг Америкийн “Albemarle” компани 2030 он хүртэл Европт уг ховор металлыг боловсруулдаг үйлдвэр барихыг төлөвлөсөн ч, автомашин үйлдвэрлэгчид өнөөдөр өөр хувилбар хайж байна. Европын зарим нэг томоохон автомашин үйлдвэрлэгч концернууд уул уурхайн нарийн төвөгтэй процессийн улмаас ашиг олох баталгаагүй хэд хэдэн бүс нутгийн эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Тэдний нэг бол Пертэд байрлалтай “Vulcan Energy” компанийн эзэмшлийн орд. Тус компани Германд газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглан давсны уусмалаас литий гаргаж авах гэж байна. “Opel Stellantis” өнгөрсөн онд литийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан анхны автомашин үйлдвэрлэгч болжээ. Тэд “Vulcan Energy” компанийн хувьцааны зарим хэсгийг 50 сая еврогоор худалдаж авсан аж. “Renault” болон “Volkswagen” концерн ч “Vulcan”-д литий нийлүүлэх захиалга өгсөн.
“Төсөлд өөрийн гэсэн эрсдэл бий, учир нь бид өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй үйлдвэрлэлийн процессийг зоригтойгоор сонголоо” гэж “Imerys” компанийн гүйцэтгэх захирал Алессандро Дазза хүлээн зөвшөөрөөд төрийн дэмжлэг шаардлагатай гэдгийг тэмдэглэжээ. Эдгээр үйлдвэрлэл нь өрсөлдөгч төслүүдээс хамаагүй өндөр өртөгтэй байх эрсдэлтэй.
“S&P Global” болон “Scotiabank”-ын мэдээлснээр, Европын төслүүдийн зардал нэг тонн литий үйлдвэрлэхэд 30 мянган ам.доллароос давна. Тэгвэл дэлхийд хэрэгжиж байгаа 50 гаруй тэргүүлэгч төслүүдэд нэг тонн литий үйлдвэрлэхэд 17.300 ам.доллар зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, Европт литий үйлдвэрлэх нь хоёр дахин үнэтэй учир, хөрөнгө оруулагчид шинэ төслүүдийг сонирхоогүй аж. Европын эдийн засгийн бүтэц дээрх асуудлуудыг сайн мэддэг. Европт батлагдсан хуулиуд нь лити, кобальт, никель зэрэг батарейны металлыг илүү ихээр худалдан авах замаар цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмждэг. Түүнчлэн лиценз, зөвшөөрөл авах шат дамжлага болон уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг улс төрийн болон орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарах зэрэг хүнд суртлын саад тотгорыг арилгах зорилготой юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, литийтэй холбоотой Европт бий болсон сорилт нь Хятадаас ховор металл нийлүүлэх асуудлыг шийдэхийн тулд асар их хөрөнгө зарцуулсан АНУ-тай харьцуулснаас ч том гэнэ.
“S&P”-ийн шинжээч Кевин Мерфи “Европ дахь олборлогч салбарын хувьд хайгуул хийх эхний шатанд мөнгөний дутагдал болон лиценз, зөвшөөрөл авахын тулд Африк, Австрали, Канадтай харьцуулахад хамаагүй хэцүү шаардлагатай тулгарах учир хоёр дахин төвөгтэй байдаг. Ойрын ирээдүйд Европ тив өөрсдийн үйлдвэрлэлийн салбараа хангахын тулд гадаад эх үүсвэрээс ихээхэн хамааралтай болно” гэв.
Судлаачид газрын ховор элемент агуулсан 250 гаруй эрдэс байгааг тогтоогоод байна. Ерөнхийдөө тэдгээрийн хими, каталитик, цахилгаан, соронзон болон оптик шинж чанарт нь тулгуурлан гар утас, компьютерийн санах ой, дахин цэнэглэдэг зай, хүчтэй тогтмол соронзон, шинэ энергийн технологи, цахилгаан болон хайбрид-цахилгаан хөдөлгүүр, өвөрмөц хайлш зэрэг ухаалаг үйлдвэрлэл болоод өндөр технологид ашигладаг. Манай улсын хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан 3.0 сая гаруй тонн газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөц бүхий 6 орд (Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан Бүрэгтэй, Улаан дэл, Цагаанчулуут), 80 гаруй илрэл, 300 орчим эрдэсжсэн цэг тогтоогджээ. Газрын ховор элементийг олборлох, үйлдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал манай улс дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломж байна.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 12 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13