Л.НАРАНБААТАР: Алдагдсан лицензээ “Сова” компаниас эргүүлэн авснаар Эрдэнэт үйлдвэрийн технологийн шохойн нөөц 75 жилээр баталгаажна

Admin | 2023-04-25


"Цемент шохой" ТӨХК-ийн “Хөтөл-1” орд газрын 31.5 га талбайн лицензийг хууль бусаар авсан “Сова” ХХК-иас орд газраа буцаан авах тэмцлийг хөтөлчүүд эхлүүлж, тус компанийн лицензийг цуцлахыг шаардсан албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хүргүүлжээ. “Сова” ХХК-ийн хууль бусаар авсан лицензийг цуцалж, цемент шохойн үйлдвэрт буцаан өгснөөр цемент шохойн үйлдвэрийн ордын нөөц 18 жилээр нэмэгдэж, шохойн шинэ үйлдвэр барих хөрөнгө оруулалт татах, цаашлаад Хөрөнгийн биржэд бүртэлтэй нээлттэй хувьцаат компани болох гэх мэт олон боломж нээгдэх юм байна.

Хамгийн гол нь, үйлдвэрээ түшиглэн аж төрдөг 10 мянган хөтөлчүүдийн ажил, амьдралын баталгаа хангагдах бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалд нийлүүлдэг технологийн шохойн нөөц 75 жилээр баталгаажих эдийн засаг, стратегийн тооцоо гарчээ. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн одоогийн нөөц нь 30 сая тонн гэж байгаа боловч технологийн нөөц нь ердөө 2.7 сая тонн бөгөөд энэ нь 10 жил ашиглах хэмжээ бол “Сова” ХХК-ийн хууль бусаар авсан ордын нөөц 5.8 сая тонн бөгөөд үүнээс 4.2 сая тонн нь технологийн шохойн нөөц юм байна.

Хэрэв шохойн ордоо эргүүлэн авч, жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж чадвал ордын нөөц 28 жил, технологийн шохойн нөөц 7 сая тонн, борлуулалтын орлого 1 их наяд төгрөг, цэвэр ашиг 348 тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарчээ. Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Манай үйлдвэрийн шохойн ордын лицензийг "Сова" ХХК-нд хууль бусаар олгосон нь тогтоогдсон. Бид алдагдсан ордоо буцаан авахаар “Алдагдсан лицензийг буцааж олго" уриатай тэмцэл эхлүүлсэн. Үр дүнд хүртэл нь буюу ордоо буцаан автлаа тэмцэнэ.

Энэхүү алдагдсан орд нь ахин нэг цементийн үйлдвэр барих хэмжээний газар юм. “Сова”-д манай ордын лицензийг ямар замаар олгосон нь их сонирхол татаж байгаа. Угаас 1997 оноос өмнө манай үйлдвэрт байсан талбай бөгөөд 1997 оноос хойш үр ашиггүй талбай гээд лицензийг нь цуцалчихсан байсан юм билээ. Ингээд А.Шоовдор даргаас эхлээд тухайн талбайгаа үйлдвэрийн мэдэлдээ авъя гэхэд нь Ашигт малтмалын газраас та нар сонгон шалгаруулалтаар ав гээд хөдлөөгүй атлаа 2015 онд байгуулагдсан шинэ компанид лицензийг маань тэр дор нь олгосон байгаа юм.

Нэг хадаас ч хадаж үзээгүй цаасан дээрх шинэ компанид яг нөөц ихтэй хэсгийг нь таслаад олгоно гэдэг нь анхнаасаа энэ хэсгийг маш их нөөцтэйг нь мэдэж байсан хүмүүс байж таарах нь. Бид архиваас 1981 онд “Хөтөл-1” орд нь манай үйлдвэрийнх болохыг нотолсон баримтаа авсан.

Баялагтаа эзэн суух хөтөлчүүд, сэлэнгэчүүдийн талд иргэний зориг гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хууль бус лицензийг цуцална гэдэгт итгэлтэй байна” гэв. Энэхүү “Сова” компанийн лицензийг цуцлахыг шаардсан тэмцэлд “Цемент шохой”-н үйлдвэрийн 800 орчим ажилтан нэгдэн, гарын үсгээ зурсан бөгөөд энэ тэмцэлд Хөтөл хотын 10 мянган хүн ам, ойрын таван сумын иргэд, улмаар Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтчүүдийг нэгдэхийг уриалж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)