Өмгөөлөгч Б.НАРАНЦЭЦЭГ: Монголын 24,025 иргэн 35 хоногийн тусгаарлалтыг дагаснаар эрхээ зөрчигдөж байгааг, эрхээ яаж сэргээхээ ч мэдэхгүй байна

Admin | 2022-01-09


“Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтай ярилцлаа. Тус фирмийн зүгээс цар тахалтай холбоотой иргэдэд тулгарсан асуудлыг хэд хэдэн чиглэлээр нарийн судалгаа хийж, Захиргааны шүүхэд хүртэл хандаад буй. Тиймээс бид нийтийн эрх ашгийг хөндөн дээрх судалгааг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа билээ.

-Ковидын халдвар анх гарснаас хойш аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай улс тусгаарлах арга хэмжээг авч ирсэн. Одоо ч тусгаарлаж байна. Бусад орны хувьд иймэрхүү зарчмаар л явж байгаа юу?

-Монгол Улсын иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан эдгээр үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, хязгаарлалт нь зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл манай Улсад Ковид-19 анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч тусгаарлах байранд 14 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног нийт 28 хоног тусгаарлаж байсан.

Улсын онцгой комисс дотоодын бүртгэгдсэн тохиолдол 11 болсон 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тусгаарлалтын хугацааг тусгаарлалтын байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног, нийт 35 хоног болгож нэмэгдүүлсэн бол дотоодын тохиолдолд 893 болсон 2020 оны арван хоёрдугаар сарын 09-ний өдөр тусгаарлалтын байранд 14, гэрийн тусгаарлалтад 14 хоног гээд нийт 28 хоног болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 3 хоног тусгаарлах 10 дахь удаагийн шийдвэр гаргасан байна.

-Тухайн үед иргэд халдвараас айгаад юм хэлж чадахгүй байсан болохоос эргээд харахад асар олон хоногоор олон мянган иргэдийг хохироож байжээ?

-Нийт 35 хоног тусгаарлаж байсан 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс мөн оны арван хоёрдугаар сарын 09-ний өдрийн хооронд Монгол Улсын 24,025 иргэнийг нэр бүхий 40 зочид буудалд тусгаарласан байгаа юм. Тухайн үед ДЭМБ-аас 7-14 хоног тусгаарлах удирдамж өгч байсан ба Австри, Швейцарь, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсууд гадаад улсаас ирж буй иргэдийг 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд болон Турк улс 14 хоног тусгаарлан ажиглаж байсан. Манайх шиг ингэж олон хоног тусгаарласан газар дэлхий нийтэд байхгүй.

-Танай хуулийн фирм тусгаарлалтын талаар судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-Манай багийн гишүүн өмгөөлөгч ОХУ-д мастерт сураад ирэхдээ 35 хоногийн тусгаарлалтад орсон. Багийн гишүүний уг тохиолдлыг жишиг кейс болгон сонгож, тус кейс дээрээ шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Бидний гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаартай албан шаардлага гарч, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б (бидний сонгосон кейс)-д учирсан 1.070.000 төгрөг хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгох 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагын хариу гарсан уу?

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч Улсын онцгой комисс, тэр тусмаа хаяглагдсан этгээд болох С.Амарсайхан дарга өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. Тиймээс Улсын онцгой комисс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” гэж хэм хэмжээний акт батлах эрх олгосныг хууль зөрчиж хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, хэрэг үүссэн байгаа.

-Манай улс тусгаарлалтын хугацааг 14, 21, 35 хоног гээд олон өдрөөр тусгаарласан. Үүнийг хүний эрхийн хамгийн ноцтой зөрчиж байна гэж судлаачид үзэж буй. Олон хоног тусгаарлагдсанаар бид юу алдсан байж болох вэ?

-Хүний эрхийн зөрчлийн тухайд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүний албан шаардлагад Улсын Онцгой комиссын тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 2 дахь заалт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 16-р зүйлийн 13 дахь заалт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг шууд мөрдүүлж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, тусгаарлалтын төлбөр гаргуулж иргэнд хохирол учруулсан гэж үзсэн. 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд тусгаарлах, хөл хорионы дэглэм сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш байснаас үүдэн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаас иргэдийн халдашгүй, чөлөөтэй байхад халдсан тохиолдлууд гарсныг онцолж, олон тохиолдлыг бичсэн байсан.

-Халдварыг хумих гол арга тусгаарлалт гэж эрх баригчид тайлбарладаг. Гэхдээ ийм цаг үед өөрөөр яаж асуудлыг шийдэж болох байсан бол. Тусгаарлалтыг хэрхэн зөв зохицуулж болох талаар судалгаа бий юү?

-Манай баг “Нээлттэй нийгэм форум”-ын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг 6 сарын турш хэрэгжүүлж байна. Бид тусгаарлах арга хэмжээ тэр чигтээ буруу байсан, өөр арга хэмжээ авах байсан гэж шүүмжлээгүй. Ер нь шүүмжлэх гэж шүүмжлээд байгаа асуудал байхгүй. Дээр хэлсэнчлэн ДЭМБ-аас 7-14 хоног тусгаарлах удирдамж өгч байсан, улс орнууд 10-14 хоног тусгаарлаж байсан. Бүгд тусгаарлах арга хэмжээг авсан. Харин манай улс, Улсын онцгой комисс дэлхий дээр байхгүй урт буюу 35 хоногийн тусгаарлалт тогтоогоод тус шийдвэрээ гаргах, хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж ноцтой алдаа гаргасанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нийтийн эрүүл мэндийн төлөө гээд авч буй арга хэмжээ нь хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэлгүй, мөн хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэнийхээ эрхийг хязгаарлаж, ингэхдээ үүссэн нөхцөл байдалдаа тохироогүй, зорилгодоо нийцээгүй арга хэмжээ авсантай хуульд заасан журмаар нь маргаж байна.

-Цар тахлын үеэр авсан тусгаарлалтын арга хэмжээ нь Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчиж, иргэдийнхээ үндсэн эрхэд алхам тутамд халдсан нь тодорхой байхад олон нийт хариуцлага нэхэх эрх нь нээллтэй байна. Тийм үү?

-Монгол Улсын 24,025 иргэн Улсын онцгой комиссын 35 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг дагаж мөрдсөнөөр эрхээ хуульд заасан үндэслэлгүйгээр зөрчигдөж байгааг мэдээгүй, одоо мэдсэн ч эрхээ сэргээх арга замыг мэдэхгүй байна. Тиймээс нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох буюу ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нээдэг нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл хэрэгжүүлээд байгаа юм. Түүнчлэн Улсын онцгой комисс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх ... зарчим”-ыг баримтална, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх .. ” гэсэн заалтуудыг илэрхий зөрчсөн.  Тиймээс

Улсын онцгой комиссын тусгаарлан ажиглах 3, 4, 7, 11, 14, 21 хоног тогтоосон бусад шийдвэртэй маргах процесс, хуулийн үндэслэл, гаргалгаа нь бидний сонгосон кейстэй яг ижил юм. Тиймээс эдгээр шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулж, хууль зүйн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг хэрэгжүүлж мөнгө төлж байсан хүн бүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр үүссэн байгаа хэргийг эцэслэн шийдүүлэх хүртэл манай Fidelitas partners хуулийн фирмийн фэйсбүүк пэйж, вэбсайтад нийтлэх мэдээлэлтэй ойр байгаарай гэж хэлэх байна.

Д.Даваасүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)