Д.ТОГТОХСҮРЭН: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр Засгийн газар судалгаа хийж байгаа

Admin | 2022-01-09


УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиуд дээр саналаа нэгтгэхээр хэлэлцсэн. Эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр хэлэлцээд хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэдэг байр суурин дээр тогтлоо.

Ингээд чуулганы хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулж, төрийн бус байгууллага, сангийн төлөөллийг оролцуулж, хэлэлцүүлэг хийн ойлголтоо нэгтгэн, явцын дунд засаад, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Хоёрдугаарт, өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад, дотоод нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, хоёр хөрш орон болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаар мэдээлэл хийлээ.

Харин дотоод нөхцөл байдалтай холбоотой нэлээд асуудал байна. Ялангуяа үнийн өсөлт, инфляц эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс УИХ, Засгийн газраас энэ чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр Засгийн газар судалгаа хийж байгаа.

Түүнчлэн хил гаалийг хэвийн ажиллуулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх шаардлага бий. Мөн утааны асуудал зэрэг цаг үеийн асуудлыг бүлгийн хурлаар ярилцлаа” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)