Э.АМАРСАНАА: Нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ч хэрэг шүүхэд шилжээгүй

Admin | 2023-05-29


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хөгжлийн банк” болон “Нүүрс”-ний гэх тодотголтой хэрэг шүүхэд шилжсэн эсэх талаар мэдээллээ. Энэ үеэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож, шүүх хурал ажлын 31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал есөн үе шаттай зохион байгуулагдахаас дөрөв дэх үе шатандаа явж байна. Одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах үйл ажиллагаа явагдаж байгаа. Гүйцэтгэлийн хувьд 85 хувьтай байна" хэмээв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Эрүүгийн анхан шатны шүүхэд нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ч хэрэг шилжээгүй байгаа. Дээрх хэргүүд бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас шүүхээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин прокурорын байгууллагын саналаар шүүхээс 23 иргэнд цагдан хорих, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Одоогоор төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Прокурорын саналаар шүүхээс нэр бүхий төрийн албан тушаалтанд хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Авлига, албан тушаал, нүүрсний болон тусгай сантай холбоотой хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх боломжтой. Мөн Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)