Д.АМАРБАЯСГАЛАН: Төрийн байгууллагууд тус тусдаа тэтгэлэг олгодгийг болиулна

Admin | 2023-06-15


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэр “Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тэтгэлэг, зээл олгох асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Боловсролын зээлийн сангаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсныг болиулах шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгоно. Ингэхдээ Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг нээлттэй ил тод болгохоор боллоо.

 

Мөн Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй бүрэн автомат системээр ил тод, нээлттэй явуулдаг болно” гэлээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Ган-Эрдэнэ “Сангийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөлд дүгнэлт хийж, процессыг хэрхэн ил тод байхад анхаарч ажиллалаа. Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын материалыг хүн шалгаж үнэлгээ тавьдаг байсныг автомат системээр шалгадаг болгож байна. Хоёрдугаарт суралцах чадварын үнэлгээг оруулж байна. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүн дараагийн шатанд суралцах чадвартай эсэхийг тодорхойлох зөөлөн ур чадварын шалгалтыг авна. Энэ нь шууд шалгуулсны дараа гарах бөгөөд сонгосон мэргэжлээрээ суралцахгүй байх тохиолдлыг багасгах боломжтой гэж үзэж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)