Манай улс Нийгмийн халамж үйлчилгээний хүрээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой хөдөлмөр эрхлэх боломжгүй айл өрхүүдэд хүнсний талон олгодог. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх тус үйлчилгээ нь бага орлоготой өрхийн эдийн засгийн байдалд дэмжлэг үзүүлж, тэдгээр өрхийн гишүүдийн өдөртөө хүнснээс авч байх илчлэгийн хэмжээг нэмэгдүүлж өгөх үндсэн зорилгыг хангадаг байна. Тэгвэл Хэнтий аймгийн Баян-Овоо сум нь хүнсний талон авдаг өрх бүртээ тусгай төлөвлөгөө гаргаж 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласны үр дүнд 2021 онд хүнсний талон авдаггүй анхны сум болсон. Тус сумын халамжийн мэргэжилтэн Г.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Баян-Овоо сум улсын хэмжээнд анхны хүнсний талонгүй сум болсон. Анх хэчнээн айл өрх хүнсний талон авдаг байсан бэ?
-Сүүлийн 3 жилийн байдлаар 2019 онд 21 өрхийн 113 иргэнд 14 сая 440 мянган төгрөг, 2020 онд 17 өрхийн 88 иргэнд 17 сая 250 мянган төгрөг, 2021 онд 11 өрхийн 55 иргэнд 3 сая 950 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгээр тус тус үйлчилсэн байна.
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлсэн "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд Баян-Овоо сум хүнсний талонд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байранд зуучилсан. Эдгээр иргэдийг ямар ямар ажлын байранд зуучилсан бэ?
-Энэ ажлын хүрээнд "Талын тайхар" ХХК, "Зуун сарнай" ХХК, "Нишин илч" ХХК-нд галчаар, Соёлын төвд хөгжмийн багшаар, ЗДТГазар нийтийн ариун цэврийн байгууламжид тус тус 1,1 иргэн орлогоороо цалинжиж байнгын ажлын байртай болоод байна. Мөн "Тэгш гурван гал" ХХК, "Дэлгэрэх гурван эрдэнэ" ХХК-иудад тус тус 1,1 өрх толгойлсон эмэгтэйг цагаар ажиллуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна. "Хан шашир" ХХК-нд 17 иргэн, туслах малчнаар 1 иргэн, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 1 өрх, нийт 9 өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлэн 23 иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучлаад байна. Цаашид өрхүүдийг байнгын тогтмол орлоготой болгох зорилгоор төсөл хөтөлбөр болон байнгын ажлын байранд зуучлахад илүү анхаарч хяналт тавьж ажиллана.
-Хүнсний талон авдаг айл өрхийн гишүүдийг хөдөлмөрт зуучлахад тулгарсан бэрхшээл бий юу, зарим иргэд ажил хийхээс илүүтэй хүнсний талон авах нь дээр гэсэн хандлагатай байдаг?
-Бэрхшээл байгаагүй. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэд маань олон нийтийг хамарсан ажилд нийтээрээ идэвхтэй оролцдог. Хүнсний талон авах гэхээсээ илүүтэйгээр хаана ямар ажил байна, дуудахад л ирээд оролцож байдаг. Нийтийг хамарсан ажил зохион байгуулахад өрх болгоноос заавал нэг иргэн жилд 2 удаа оролцож өрхийн амьжиргаандаа дэмжлэг үзүүлээд явдаг байсан.
-Нийтийг хамарсан ямар ямар ажлуудыг зохион байгуулав?
-Зуны цагт “Тохилог орчин-Ногоон төгөл”, нийтийг хамарсан ажлын хүрээнд мод бут сөөг арчлах сумын өнгө үзэмжийг сайжруулахад нийтийн эзэмшил газрын хог цэвэрлэх ажлыг тогтмол хийж 250 гаруй мянган төгрөгийн урамшуулал авдаг. Мөн “Эрүүл бэлчээр”, “Сэг зэм устгал”-ын ажилд тогтмол оролцдог. Хавар зуны цагт ямаа самнах, хонины ноос хяргахад баг болоод явдаг. Өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд юу хийж чадна түүнийгээ хэнээр ч хэлүүлэлтгүй хийгээд явдаг иргэддээ манай сумынхан. Хавар зуны цагт эдгээр иргэдийн эрэлт хэрэгцээ их. Айлууд нь хүн олдохгүй гээд эртнээс ямаа самнах, ноос хяргуулах захиалгаа өгдөг байсан. Хоорондоо ярилцаад л явчихдаг. Бидний зүгээс сургалт сурталчилгааны ажил, төсөл хөтөлбөрт хамруулах, байнгын ажлын байранд зуучлах, хамгийн гол нь хандлагыг өөрчлөх тал дээр анхаарч ажилладаг.
-Хүнсний талонгүй сум болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
-Өрхийн амьжиргааг болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр болон аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд, зорилтот өрхийн хөдөлмөрийн насны гишүүдтэй уулзалт ярилцлага удаа дараа зохион байгуулсан. Өрх бүрт тусгай төлөвлөгөө гаргаж 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилсан. Тус төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласны үр дүнд хүнсний талон авдаггүй анхны сум болсон.
-Аймаг болон сумын зүгээс энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллав?
-Сумын засаг дарга Д.Баянмөнхтэй хамтран ажилласан. Ганцхан жил яриад энэ асуудлыг шийдвэрлээгүй. Ээлж дараатайгаар өрхүүдийг төсөл хөтөлбөр болон ажлын байранд зуучлах тал дээр анхаарч Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран өрхийн хөдөлмөрийн насны иргэдийн судалгаанд үндэслэн өрх бүрт тусгайлан төлөвлөгөө боловсруулан ажилласан.
-Айл өрхийг халамжаас хараат болгохын тулд орон нутгийн засаг захиргаа юуг анхаарвал чухал вэ?
-Сумын засаг дарга, удирдлагууд зөвхөн халамжийн мэргэжилтэнд оногдсон өрхүүд шиг хандахгүйгээр зорилтот өрхүүддээ тулгамдаж буй асуудлуудаас шийдвэрлэж болохыг нь орон нутагтаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ажлыг зохион байгуулахад тэдний хандлагыг өөрчлөх нь хамгийн зөв алхам юм. Мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан ч гэсэн араас нь хяналт тавьж ажлын байранд зуучлагдсан газраа ажил хийж байна уу үгүй юу гэдгийг байнга анхаарч ажиллах нь зүйтэй байх аа.
-Баян-Овоо сумын иргэдийн голлох аж ахуй, хөдөлмөр эрхлэлт нь юу вэ? Хөдөлмөр эрхлэлтийн тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сумын иргэдийн голлох аж ахуй нь мал аж ахуй. Хөдөлмөр эрхлэлтийн тал дээр "Ханшашир" ХХК-ны Дожирын уурхай, аж ахуй нэгж байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн нийгмийн баталгааг ханган ажиллаж байна. Мөн манай сум дэд бүтцийн хувьд сүүлийн жилүүдэд хурдацтай бүтээн байгуулалтуудыг их хийж сумын өнгө үзэмж өдрөөс өдөрт сайжирч иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангагдаад байгаа. "Ханшашир" ХХК нь уул уурхайн чиглэлээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 17 иргэний нийгмийн баталгааг ханган ажиллаж байна. Зуны цагт Гүрмийн нуураа түшиглэн аялал зуучлалаа хөгжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13