Аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа. Тэрээр ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн барилдаанд үзүүрлэсэн билээ. (Өдрийн сонин 2014.02.06). Өдгөө О.Хангай нь Монгол Улсын аварга билээ.
-Сар шинийн барилдаанд аймгийн цолтой бөхчүүд өнгөлсөн тохиолдол цөөхөн байдаг. Таны хувьд өнөө жил үнэхээр сайхан барилдаан гаргаж үзүүрлэлээ, баяр хүргэе?
-Баярлалаа. Аймгийн арслан цол хүртсэнээс хойш анх удаа том барилдаанд зодоглож үзүүрлэлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Бэлтгэл сайн хангасан харагдсан. Яаж бэлтгэл хийв?
-"Ховд дэвжээ"-нийхэнтэйгээ хотод бэлтгэл хийсэн. Хөдөө гарч бэлтгэл хийж амжсангүй. Зааландаа л бэлтгэлээ хангасан. Бага наадам гэдэг утгаараа их ач холбогдол өгч өдөр тутмын бэлтгэлийг бодвол арай шахуу бэлтгэл хийсэн. Тэрнийхээ үр дүнг ч хүртлээ.
-Таныг богинохон хугацаанд өндөр амжилт гаргаж байгаа бөх гэх юм. Хичнээн жил бөхийн спортоор хичээллэж байна вэ?
-Би бөхөд хожуу орсон. Энэ жил 25 насны жил орж байна. Нас ч бага байна. Барилдаад гурван жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд сумынхаа наадамд барилдаж цолоо ахиулаад дараа жил нь Ховд аймгийн наадамд аймгийн арслан Батсайхантай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болсон. Өнгөрсөн жил аймгийнхаа наадмын түрүүг авч арслан цол хүртсэн.
-Яагаад гэнэт бөх болъё гэж бодов. Ямар мэргэжлээр сурч байсан бэ?
-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инженерийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолдлоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөвгийн дөрөвт үлдсэн тухайгаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүртэй хүлээж авсан. "Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна" гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд "Сайн бөх болоорой" гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигдсан. Аав, ээжийн маань удамд байсан сайхан бөхчүүдийн буян гэж бодож явдаг.
-Аав, ээжийгээ танилцуулахгүй юу. Одоо хамт амьдарч байна уу?
-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариаланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэргэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Ховдын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа. Харин би хотод дүүтэйгээ болон найз охинтойгоо хамт амьдардаг.
-Эхээс хэдүүлээ юм бэ?
-Эхээс дөрвүүлээ. Гурван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү. -Эцэг, эхийн тань нэр их өвөрмөц юм. Таны нэрийг бас их утга учиртай өгсөн гэж дуулсан?
-Аав, ээж хоёрын нэр хоёулаа үйл үг байгаа биз. Хүмүүс хоорондоо их зохилдлогоотой өвөрмөц нэр гэж ярьдаг. Харин миний нэр бяр тэнхээтэй мундаг зохиолын баатрын нэр юм билээ. Намайг төрөх үед аав "Газар шороо" романыг уншсан гэсэн. Романд Хангай Базар гээд эгэлгүй хүчтэй хүний тухай өгүүлдэг нь санаанд нь буугаад надад Хангай гэдэг нэрийг хайрласан юм билээ. Ихэд бэлгэшээж өгсөн нэр дээ.
-Ээжийн тань тал бөхийн удамтай гэж сонссон?
-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэрнээ их уран барилдаантай. Бас аймгийн арслан Магван, аймгийн начин Дамдинсүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сайхан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүүдийн удам гэгдэж яваадаа үнэхээр бахархдаг.
-Хүүхэд байхдаа хэр ноцолддог байв?
-Нэг их барилдаж байгаагүй. Ер нь би дуу цөөтэй, хөдөлгөөн багатай хүүхэд байсан. Одоо ч бараг тийм дээ. Багадаа аавыгаа дагаад тариа, ногоо тарих ажилд нь тусалж хар бор ажил хийж сурсан. Хичээл амрахаар өвөөгийнд очно. Айлын ганц хүү болоод ч тэр үү өвөө намайг их эрхлүүлнэ. Ийм сайхан том барилдаанд үзүүрлэсэнд өвөө маань их баярласан байна лээ. Утсаар ярьж баяр хүргэсэн.
-Гэрийнхэнтэйгээ золгож амжсан уу?
-Хараахан амжаагүй л байна. Өнөөдөр нутаг руугаа мордох санаатай. Аав, ээж, өвөөтэйгөө очиж золгож үнсүүлчихээд уул усандаа мөргөөд ирнэ дээ.
-Сар шинийн барилдаанд үзүүрлэхэд гэрийнхэн тань зурагтаар үзэж ёстой л суудал дээрээ тогтохгүй хүүгээ дэмжиж байсан байх даа?
-Барилдаан дуусангуут аав, ээж рүүгээ залгатал ерөөсөө утас нь яриад завгүй гээд болдоггүй. Нэлээд удаж байж холбогдсон. Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь "Хүү чинь үзүүрлэчихлээ баяр хүргэе" гээд зогсоо зайгүй залгасан гэсэн. Тэр хэд маань зурагтаар миний барилдааны даваа бүрийг тэсч ядан догдолж үзсэн байна лээ.
-Улсын том цолтой бөхчүүдтэй их зоригтой барилдсан. Ер нь үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодогдож байх юм?
-Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулаад шөвгийн дөрөвт үлдсэндээ үнэхээр их баярласан. Би ийм том барилдаанд шөвгөрчихлөө шүү дээ гэж бодсон. Ер нь барилдаан бүр миний хувьд хүнд санагдсан. Учраа бөхчүүд ч гэсэн бяртай, барилдаан сайтай болохоор надад зоригтой дайрч барилдахаас өөр зам байгаагүй. Нэгийн даваанд гэхэд л аймгийн арслан Ганболдтой барилдсан. Аймгийн арслангуудаас бас л барилдаанаараа тодордог бөх. Ганболдыг хийлж хаяад хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг тонгороход нь араар нь мордоод өвдөг шороодуулчихлаа. Удаах даваанд Т.Баасанхүү начинд амлууллаа. Амлуулсан учраас зоригтой барилдана л гэж бодсон. Харин дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргалтай оноолт таарсан. Тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын заан Ч.Санжаадамбатай барилдахдаа нэгэнт өндөр даваанд хүртэл барилдсан хойно дайрч барилдахаар шийдсэн. Гэхдээ Ч.Санжаадамба заантай барилдахдаа жаахан бэргэж байсан. Энэ барилдаанд ихэнх бөх сонирхогчид түүнийг түрүүлэх байх гэж таамаглаж байсан шүү дээ. Бэлтгэл ч сайн байгаа нь мэдэгдсэн. Харин хий гарч өөрийнх нь мэхэнд тохоод өвдөг шороодуулсан. Мөнхбат аваргатай бол удаан барилдаж болохгүй гэж бодсон. Том цолтой бөхчүүдтэй залуу бөхчүүд удаан барилдах юм бол цуцдаг. Тиймээс дайрч барилдах нь зөв байсан.
-Гарьд Д.Рагчаатай барилдахын өмнө Батзориг заан өөрт чинь их л дотночилж үг хэлж харагдсан. Тэгж барилд гэж зааварласан уу, даваа чинь ханасан байна гэж хэлэв үү?
-"Шууд дайрч санасан мэхээ хий" гэж захисан. Гарьд Д.Рагчаатай барилдахад үнэхээр цуцсан байсан болохоор хүнд барилдаан болсон. Хий гарвал дөрөөлөөд мэх гаргая л гэж бодсон. Даанч гарьд үнэхээр бяртай, сайн барилдаантай юм билээ. Гэхдээ миний хувьд үзүүр, түрүүнд үлдэж, тэр өндөр цолтой ах нарыг өвдөг шороодуулна гэдэг том амжилт шүү дээ. Маргааш нь өөрийгөө зурагтаар харсан чинь үзүүрлэчихээд их л догдолж хөөрсөн харагдсан (инээв).
-Гарын багш тань Ц.Мягмарсүрэн заан. Барилдааны үеэр тэг, ингэ гэж зөвлөж байв уу?
-Багш өөрөө хөлийн цэцээр ажилласан болохоор надад зааж, зөвлөх эрх байхгүй. Хэлээгүй л болохоос биш дотроо ингээсэй, тэгээсэй гэж бодож л байсан байх. Үзүүрлэхэд "Сайн барилдлаа" гэж их урам өгсөн. 2010 оны өвөл Ц.Мягмарсүрэн заантай багш шавийн барилдлагатай болж байлаа. Тэрнээс хойш багшаасаа барилдахаас гадна амьдралын туршлага хүртэл хуримтлуулж явна даа. Энэ дашрамд хэлэхэд намайг дэмжиж, надад тусалдаг багшдаа болон "Ховд аймгийн хөгжлийн төлөө сан"-гийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа ахдаа талархаж явдгаа хэлмээр байна. Адьшаа ах бөхийн спортыг их сонирхоно, сайн ч мэднэ. Бас "Автобус нэг" компанийн хамт олон, "Аврагч" спорт хороо, "Ховд бөх"-ийн дэвжээнийхэндээ бүгдэд баярлаж явдгаа илэрхийлье.
-Та сугадаж тонгорох мэхийг тун их гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?
-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тонгорох мэхэнд овоо гаршаад байгаа.
-Одоо биеийн өндөр, жин хэдтэй байна?
-Өндөр 186 см. Жин 100 килограмм хавьцаа хэлбэлзэж байгаа. Сая цагаан сараар бууз их идээд жаахан жин нэмсэн байх аа (инээв).
-Улсын наадамд зодоглож үзсэн үү?
-Энэ жилийн наадмаар л зодоглож үзнэ дээ.
-Сүүлийн хэд хэдэн барилдаанд өнгөтэй барилдаж улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэгдээд байгаа байх аа?
-Саяхан "Талх чихэр"-ийн барилдааны түрүүг хүртсэн. Энэ оны анхны барилдаан. Оны өмнө "ТВ-9" телевизийн арван жилийн ойн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг авсан. Сая сар шинийн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг дахиад авсан. Бас "цахиур хагалах бөх"-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг алдахгүй, цаашид олон сайхан барилдаан харуулахыг хичээнэ ээ.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө