Ерөнхий сайдыг ХОВДООС ХӨӨСӨН хүмүүсийн ард С.Бямбацогт байсан уу

Admin | 2023-09-13


  Сонгуулийн солиорлын туузыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хайчилж нээлтийг албан ёсоор хийчих шиг боллоо. 2020 оноос хойш хөдөө нутаг, малчин иргэдээ таг мартсан Ерөнхий сайд анх удаа орон нутагтайгаа, тэнд ард түмэн бий гэдгийг санаж баруун аймгуудаа эргээд ирлээ. Сонгуулийн оноо цуглуулах Ерөнхий сайдын компанит ажил Ховд аймагт үнэнтэй нүүр тулж, Л.Оюун-Эрдэнийг буруу ажиллавал шүүмжилж болдог, түүнийг ард түмний зарц гэдгийг сануулан хатуу үгийн зэвээр хэмх ороолгоод буцаах шиг болсон.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайг ил гаргасан, авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа гээд мэр сэр хийсэн ажилтай, өөрийгөө тоймгүй өндөр рейтингтэй яваа гэж бодтол хөдөө талаа барьж дийлэхээргүй болсон гэдэг багцаагаа ямартаа ч авсан байх. Сонгууль ойртоогүй бол Л.Оюун-Эрдэнэ сайд хаа барааны Ховдод очиж хэдэн малаасаа өөрийг мэдэхгүй малчдад загнуулж суух үзэгдлийг Монгол түмэн лав харахгүй. Нэг ч малчины үгийг сонсоогүй байж бүхэл бүтэн улсын тэр дундаа мал аж ахуйн орон Монголын хамгийн том салбар хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлон зангидаж хэрэгжүүлнэ ч гэж юу байхав. Мал мэдэхгүйн дээр малчидтай ярилцалгүй гурван жил болсон Л.Оюун-Эрдэнэ битгий хэл Чингис хаан байсан ч бариад идчих, зэмлээд буцаах эр зоригтон Монголын хөдөөд түм, бумаараа бий. Монголын хөдөөд ийнхүү эр зоригийн туйл болсон хүмүүс уужуу ухаан, алсын хараа, хүн таних эгэлгүй зөн билгээрээ дарга сэтэртнүүдийг хэмх зэмлээд сууж байдгийг мэдээд Ерөнхий сайд цочирдсон нь лавтай. Тэр үүнийг л мэдэрч яваад ирсэн болов уу.

Харамсалтай нь МАН-ын дарга нар сүүлийн найман жил бялдуучлал, аялдан дагагчийн бурам шиг үгээс өөрийг сонсолгүй байсаар алдаа дутагдлыг хурцаар шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээж авах чадвараа нэгэнт алджээ. Хаан мэт байсан нэгнийг үгээгүйчүүдийн арми сүрэглэн боорлож түмний шившиг болгож орхивол ямар олигтой байв гэж. Ерөнхий сайд ч нэг иймэрхүү л мэдрэмжтэй байгаа байх. Тиймдээ ч Ховдын хөх харцуулын хурц шүүмж мэдээлэл технологийн энэ эринд нэгхэн хормын дотор өвсөнд ассан түймэр лугаа Монгол даяар түгсэн нь угаас шүүмжлэл хүлээн авах чадваргүй болсон манай даргад тун хүнд туссан байж таарна. Тэр алдааг сонсож, шүүмжлэлийг хүлээн авахын оронд буруутныг хайж эхэлсэн сурагтай байгаа.

 Ерөөсөө Ховдын Засаг даргын ажил, алдаа мадаг ихтэй байсан учраас л иргэд ингэж олноороо үзэл бодлоо илэрхийлж байгаа байх. Хэдэн зуун километрийн цаадах сумын засаг дарга дэржигнүүртэй шороон замаар хонон өнжин нүдүүлж аймгийн төвдөө ирчихээд Засаг даргатайгаа уулзаж чадахгүй, ажлаа танилцуулж, асуудлаа шийдэж чадахгүй, “уулзах цаг ав” гэдэг үг сонсоод буцна гэдэг нь тэр хүн тэнд тохирохгүй гэсэн хамгийн том баталгаа. Ховдын Засаг Болормаагийн энэ үйлдэл үнэн бол бушуу буцаан тат. Өмөөрөх хэрэггүй. Гэтэл үүнийг олж харж чадахгүй, Ховдын иргэд шүүмжилсэнд эгдүүцэн буруутныг хайж байгаа бол Ерөнхий сайд танд ч гэсэн маш том алдаа дутагдал байна. Та шүүмжлэл хүлээн авч, алдаагаа засч залруулах дархлаагүй болсон байна.

Гэхдээ бас нэг үнэн зүйлийг энд хэлчихье. Юм бүхэн хоёр талтай. Ховдынхон ингэтлээ улайрч уурсан таныг “Болормаагаа аваад Ховдоос зайл” гэж хэлсэн үзэгдэлд буруутан байгаа. Байхдаа хамар дор чинь, Засгийн кабинетэд чинь хамт сууж байгаа. Тэр хүн нь С.Бмябацогт. Тэр эс үйлдлээрээ таны нэр хүндийг Монголын хөдөө талд шороотой хутгачих шиг боллоо. Хатуухан хэлэхэд Ховд нутгийн хаан нь С.Бямбацогтоос өөр хэн гэж. Тэр Ховд аймагт цементийг нь, бензинийг нь нийлүүлэхээс эхлээд улс төрийн бодлогыг нь бүтэн базаж аймгийнхаа ард түмний жаргал, зовлонтой 20-иод жил хамт байгаа. С.Бямбацогтыг боль гэхэд бүгд чимээгүй болно. Түүний үгийг гарцаа байхгүй дагана. Тэгэхээр Ховдод хэмлүүлсэн үзэгдлийг дэглэсэн хүн нь С.Бямбацогт гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хардаж байгаа бол таны түмэн зөв. Таны баруун аймгийг илбэн тохинуулах их ажлын ээдрээ, гогцоо ингэж л уншигдаж байна.     

Д.СҮРЭН

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)