Зуднаар хивгээ экспортолж МАЛЧДАА МӨЛХҮҮЛСЭН САЙД Х.БОЛОРЧУЛУУН зун дэлгэрсэн жил өвсөө экспортлохгүй хадланчдаа дампууруулна гэв үү

Admin | 2023-09-18


   Монголын бүхий л ард түмний тогоотой шөлөнд даргитал буцалдаг, буруу зөрүү бодлогогүй хамгийн цэгцтэй байх шаардлагатай салбар бол хөдөө аж ахуй юм. Тиймдээ ч Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамны нэгээр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг зааж уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бодлогоо тодорхойлон ажилладаг.

Харамсалтай нь хэн энэ салбарыг удирдаж байна вэ гэдгээс шалтгаалан Монголын 3.5 сая иргэний тогоонд тарган мах, шинэ ногоо буцлах уу эсвэл... гэдэг асуудал үүсдэг. Тэр дундаа энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй малчин иргэд, газар тариалан эрхлэгчдийн амин зуулга, орлогын асуудал хэн сайдын ямар бодлого баримтлахаас хамааралтай байсаар удлаа. Яг энэ цаг үед Хөдөө аж ахуйн бодлого утгаа алдаж эрх биш бүтэн улсын салбар тулдаа амь, голтой дэнжгэнэж байх шиг.

Х.Болорчулуун сайд энэ салбарыг удирдаж эхэлснээр малчид туйлдаж, хадлан, тариаланчид орлогоо алдаатай бодлогын дэнсэнд алдаж эхэлсэн. Хамгийн ойрын жишээг өгүүлэхэд өнгөрсөн 2022 оны өвөл сүүлийн 1О Гаруй жилд тохиогоогүй хамгийн хүнд, зудтай байлаа. Өвөл тэхий голдоо орж өвс, тэжээлийн үнэ эрэлтээ дагаад өсдөг торгон мөчид Хөдөө, аж ахуйн яам хамгийн харалган шийдвэр гаргасан нь хивэг экспортлох байв. Хивэг тэжээлийн хэрэглээ ердийн үеэс хэд дахин нэмэгдсэн ийм үед хивэг экспортолно гэдэг нь бүрэн утгаараа малчдад “том салаавч” өгсөн явдал байсан. Шийдвэр гараад нэг хоноогүй байхад шуудай нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан нунтаг хивэг 20 мянган төгрөгөөс цааш ханшаар зарагдаж эхэлсэн. Ийм харалган шийдвэр үнийн зохиомол хөөргөдлийг бий болгож горыг нь хүн амын тэн хагас малчин ардууд үүрсэн бодит кэйс болон тэмдэглэгдсэн.

Хахир өвлөөр хивгийн эрэлт ихэсч байх цагт тэжээлээ гадагш гаргах ганцхан шалтгаан Хөдөө аж ахуйн яаманд байсан нь сүүлд тодорхой болсон. Тодруулж хэлбэл Дорнод аймагт байдаг Монголын толгой баячуудын нэгнийх нь зөвхөн экспортод гаргах бодлогын дор баригдсан хивэг тэжээлийн үйлдвэр бүтээгдэхүүнээ урагш нь гаргах шаардлагатай байсан. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд энэ шийдвэр гарсан сурагтай байгаа. Нэгхэн хүний эдийн засгийг дэмжихийн тулд нийт иргэдээ чирсэн гэсэн үг. Тэр хүн хивэг, тэжээлээ Хятадад биш Монголдоо зарахад бүтээгдэхүүн нь борлогдох хангалттай зах зээл үүсчхээд байхад л ийм шийдвэр гаргаж малчдаа санхүүгийн, малаа тэжээлийн дутагдалд оруулсан шийдвэрийн гор одоо ч хөлдүү хэвээрээ байна. Яагаад гэвэл өвөл, хаврын турш үнэтэй өвс, хивгээр тэжээж онд оруулсан малыг одоо хямдхан үнээр өгөх ямар ч боломжгүй учраас мал, махны үнэ тэнгэрт хадаж байна. Тэгэхээр нэгхэн хүнд орлого оруулахын тулд гаргасан шийдвэр өвөл, хаврын турш малчдыг сөхрүүлж, зун намартаа нийслэл, суурин газрын иргэдийн хэтэвчийг дарлаж байна. Уялдаа хамаарал, учир шалтгааныг нь дэнслэлгүй гаргасан бодлого ямар хортой байдгийг эндээс харж болно.

Х.Болорчулуун сайдын дараагийн харалган шийдвэр хэдхэн хоногийн өмнө гарчих шиг боллоо. Зуд болоод малчид нь мөнгөгүй, мал нь тэжээлгүй байхад байгаа жаахан нөөцөө Хятад руу зараад байсан сайд маань зун дэлгэрч өвсний илүүдэл үүссэн энэ үед Монгол орон өвсийг гадагш нь гаргаж зардаггүй юм аа гээд мэдэгдчихлээ. Энэ хүнд малчдаа туйлдуулах, хадланчдаа дампууруулах ямар шалтгаан байгаа юм бол. Малчид, хадланчдын өштөн дайсан мэт аашилсаар удлаа. Өнөө жил Монгол орны 90 хувьд бороо хур элбэг байж зун дэлгэрсэн. Ийм үед хадланчдын амин зуулга өвсний эрэлт бага учраас жинхэнэ гадагш нь гаргаад зарж байвал хэдэн муу хадланчид маань намрын турш трактор тачигнуулж хөдөлмөрлөсний үр шим жинхэнэ гарах бус уу. Өнөө жил Өвөрмонголд бороо ороогүйн улмаас өвс, тэжээлийн цочмог дутагдалд орсон гэж байгаа. Тэгэхээр хадлангаа хил давуулбал адаглаад хадланчид орлоготой, цаашлаад улс валюттай болмоор санагдах юм. Хятадад өвс үнэд орох нь маш тодорхой байна. Өөрсдийн мал өлбөрч үхэж байхад нөөцөө гаргаж чадаад байсан Х.Болорчулуун сайд өвс нь малчны гэрийн үүднээс эхлээд тал дүүрэн зэгэлтсэн тарган жилийн намар гаргахгүй ээ гэх ямар шалтгаан байгаа юм бэ. Энэ өвөл нийт малчид нэг боодол өвс авахгүй байсан ч Монголын 70 сая малаас өнчин ишиг ч үхэхгүй гэж барьсан ч алдахгүй. Тэгэхээр зах зээл хилийн цаана байна сайд аа. Хадланчид чинь дампуурах гээд байна сайд аа. Өнгөрсөн өвөл танаас болж амьжиргаанаасаа салсан олон зуун өрх байгаа. Одоо танаас болж олон зуун хөдөлмөрчид дампуурах гээд байна. Бодлого барина гэдэг явж судлаад нийцүүлж захирамжлах биз дээ сайд аа. Хадаж зараагүй өвс хаваржин шатаж Монголын зүүн талд ихээхэн хэмжээний хохирол учирвал яам нь л буруутай шүү. Ийм ил, тодорхой ажлыг зөв зохион байгуулчхаж чадахгүй хүмүүсээсээ эртхэн салах нь Засгийн газарт мөн ч тустайдаа. Тэгээд ч өвс гаргахгүй гэж үлээсэн үгнийх нь ард давхар бодлого явж байгааг учир мэдэх хүмүүс өгүүлж эхлээд байна. УИХ-ын нэгэн гишүүн Хятадад өвс зарахаар гурав хоног ажиллаад ирлээ гэсэн мэдээлэл байгааг нягталж удахгүй уншигчдадаа хүргэх болно. Хятадууд нь Дорнод, Сүхбаатарын талд 50 мянган га талбай авчхаад өвс хадаад эхэлчихсэн мэдээлэл ч байна. Хэрвээ Монголын жирийн хадланчдын өвс үнэгүйдүүлж УИХ-ын гишүүн хүний өвс хил давж, хятадууд нь хадлангаа аваад буцвал хамгийн том асуудал энд л үүснэ шүү. Монголын төр түшилцэж буй эрхмүүд жижиг бизнес эрхлэгчидтэйгээ өвс булаацалдахдаа тулсан намрыг монгол түмэн туулаад гарах нь дээ. Жирийн монгол иргэний хадлангийн бригадад 500 га талбай олдож байвал тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг байтал хятадууд хадуураа үүрч орж ирээд Дорнод Монголын талыг эзэгнэн 50 мянган га талбай эзэмшиж, хадлан бэлтгэж байгаа явдалд тайлбар шаардлагатай болж байна.

Үргэлжлэл бий... Д.СҮРЭН

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)