Хөдөөнөөс хөөгддөг Л.Оюун-Эрдэнэ ИЧИГ, ИЧИГ

Admin | 2023-09-20


  Одоогоос 200-гаад жилийн тэртээ Манжийн харьяат монголчуудын самуурлыг ёгтлон “Ичиг” хэмээн шүлэглэсэн Говийн догшин хутагт Данзанравжаагийн бүтээл энэ цаг үед улам үнэ цэнтэй болж ирлээ. Шүлэг төрсөн тэр цагаас хойш Манжийн харьяалалд 100, МАН-ын дэглэмд дахин 100 жилийг эвхсэн өнөөгийн Монгол түмнийг шоолон инээсэн юм шиг бүтээл. Эл бүтээлийг тогтож нэг уншихад одоо цагийн хувь хүний, албан тушаалтнуудын гаргаж буй бүхий л завхралыг тоочин ичиг хэмээн ичтэл бичсэн байх. Гэхдээ энэ цагт “Ичиг шүлгийг эргүүлж нэг уншаад үнэн төрхөөсөө ичихээ байсан нь харамсалтай, бас ичмээр. Эл бүтээлийн дөрөвхөн мөрийг хуулан оруулахад

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, төрийг шуугиулагч түшмэд ичиг

Аргаа бүү барагтун. Ай хөөрхийнүүд минь ээ гэж байх жишээтэй.

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг, аяа бас, төрийг шуугиулагч түшмэд ичиг гэхийг зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн сүүлийн үйлдэлтэй жишиж харья. Тэрээр Дархан-Уул, Эрдэнэт хотод иргэдтэй уулзалт хийжээ. Уулзалтын эхэнд “Энэ уулзалтыг үймүүлэх гэж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн. Энэ танхимд сууж байгаа. Та хэдэд хэлэхэд яаж ч үймүүлсэн миний үзэл бодлыг ерөөсөө өөрчилж чадахгүй. Та хэдэд захиж хэлэх нэг л юм байна. Гараад явчихсан Ч.Сайханбилэгийгээ, Эрдэнэбилэгтэй нь надтай уулзуул. Та нар шиг төлөөний хүмүүстэй би уулзахгүй” гэх юм аа. Араас нь олон юм ярьж уулзалтад ирсэн хүмүүсийг шавайгаа ханатал загнаж аваад санаа нь амарлаа. Ерөнхий сайдын энэ үйлдэл үнэхээр ичиж үхмээр аргаа барсныг нь илтгэж байна ай хөөрхий минь.

Түүнийг Ховдод очиход зааланд цугласан хүн бүр чичилж Болормаагаа аваад зайл гэсэн. Тийм зүйл болох вий, Ховдоос хөөгдсөн шиг явдал дахин давтагдах вий гэдгээс үнхэлцгээ хагартал айхдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа царай нь энэ. Үүнийг Пи-Арчид вакцинжуулах гэж томьёолдог юм. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Монголын хөдөө гэдэг үгийг мартаад яг гурван жилийн ойн дээрээ гэнэт санаж анх удаа аймгуудаар тойрч орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа нь энэ. Энэ хугацаанд хөдөөгийн иргэд, түүний эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн талаар ганц ч үг ганхийгээгүй бас бодлого тодорхойлоогүй. Тийм ч учраас хөдөөгийн иргэд ууртай байгаа юм. Мал маллахаа марксизмаар заалгаагүй Монгол түмэн хөдөөгөө мартсан Л.Оюун-Эрдэнийг хөөн тонилгох нь энүүхэн хаяаны үзэгдэл байлгүй. Гэтэл мань сайд хөдөөгийнхнөө мэддэггүй, хөдөө галч хийж байгаагүй юм шиг араншин гаргаж “энэ бол улстөржүүлэлт” гэж үзэхдээ, тэр явдлаас айж аргаа барахдаа ийм жүжиг тавьсан нь хэний ч нүдэн дээр ил байлаа.

Энэ бол хөдөөгийнхний араншин. Хэнээс ч айхгүй хэлэх гэснээ хэлчихдэг эр зориг нь сайд дарга нарын зүрхэнд шар ус хуруулж байгаа хэрэг. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн ард түмнийхээ ийм эрүүл үзэгдлийг энгийн бус улс төр болгож хуралд ирсэн хүмүүсээ дайруулан загнаад зогсож байна гэдэг бол амьдралаас хол тасарсны шинж. Аргаа барсан хүний үйлдэл. Түүний хурлыг үймүүлэхийн тулд хаа барааны 300-400 километр дагаж давхиад үг хэлж, загнаж зандардаг хэн байдаг юм. Битгий аргаа бар. Сайханбилэг, сахал Эрдэнэбилэгтэй тэгж их уулзмаар байгаа юм бол хөдөөний иргэдээс аваад ир гэх биш шувуу ажиллагаагаа хийсэн шиг хий гэх байна. Ер нь ерээд оноос хойших Монгол Улсын Засгийн газар бүр тухайлсан нэг хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлж үлдээсэн нь одоо ч үр дүнгээ өгсөөр байдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэндээ байгаагүй төсөв мөнгөөр туйлж байгаа ч монгол Улсад хэрэгтэй нэг ч төсөл, хөтөлбөр одоохондоо хэрэгжүүлээгүй байна шүү. Жил хүрэхгүй хугацааны дараа цаг зогсоно. Ард түмэн дүгнэнэ. МАН-ын энэ удаагийн удирдлагууд орон нутгаа барьж дийлэхээ байсан бололтой, аргаа барж байна.

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг.

 Аяа бас, төрийг шуугиулагч түшмэд ичиг.

Аргаа бүү барагтун. Ай хөөрхийнүүд минь ээ     

Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)