– АН-д бугшсан асуудлууд тэсэрч эхэлснийг Орхон аймаг болон Баянзүрх, Багахангай дүүргүүдийн кейс нотолж байна –
Ардчилсан нам өнгөрсөн нэг сарын хугацаанд аймаг, дүүргийнхээ шинэ дарга нарыг сонгож, олон жил хөдөлгөөн ороогүй дунд шатны намын хороодод хүн хүчнээ сэлгэх нөхөн сонгуулиуд явуулав. Зарим аймаг, дүүрэгт маргаантай байгаа хэдий ч, ерөнхий дүн нуруугаараа ярвигтай энэ ажлыг амжилттай нугалжээ.
“Их ажлын ард” гарсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Тэрэлжид сургалт семинар зохион байгуулж, шинээр сонгогдсон дунд шатны намын дарга нараа батламжлав. Намын ихэнх жирийн гишүүд болж буй үйл явцад сэтгэл хангалуун байгаа нь сошиал болон бусад сувгаар анзаарагдаж байлаа. Харин дунд шатны гурван нэгжид асуудал хурцдах төлөвтэй байгаа аж.
Эрдэнэтийнхэн даргаа эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв
Асуудал нь хурцадсан эхний газар бол ОРХОН АЙМАГ. Эрдэнэт хотын ардчиллынхан улиран сонгогдсон Ц.Батхуягийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, намын удирдлагууд болон Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонуудад өргөдөл гомдол гаргажээ.
Тэд хэрэв асуудлыг ном журмаар шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд буй. Учир нь тус намын дүрмээр төрийн сонгуульд ялагдал хүлээсэн намын хорооны дарга үг дуугүй огцрох ёстой байдаг, харин сүүлд гарсан дүрмийн өөрчлөлтөөр ялагдал авчирсан намын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар намын хороо хуралдаж шийдвэр гаргах ёстой.
Гэтэл ийм хурал болоогүйгээр барахгүй, намын дарга сонгох сонгууль нэртэй жүжиг тавьж, өрсөлдөгчөө санал хураалтаас хасч, ганцаар нэрдэвшсэн байдлаар өөрийгөө ялуулсанд Орхон аймгийн нийт 25 үүрээс 17 үүрийн дарга нар нь, аймгийн ИТХ-ын бүх төлөөлөгчид нь эсэргүүцэж байгаа аж. Орхон аймгийн намынхан ҮДХ болон ДоСХ-нд гомдол гаргасан боловч гомдлыг хэлэлцэх нь бүү хэл хүлээж авахгүй, шууд зугатааж байгаад ихээхэн бухимдалтай байна.
БАЯНЗҮРХ: “Женко”-гийн гар хөлүүд дүүргийн АН-ыг ардчилалгүй болгож байна
Бугшсан асуудал нь дотроосоо тэсэрч эхэлсэн дараагийн газар бол БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ. Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулгын “гарын шавь” дүүргийн намын дарга асан Т.Батцогт нь 2020 оны орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн боловч, өөрийн ангийн найзыг дүүргийн намын даргад тодруулж, өөрөө хөшигний арын эзэн суужээ. Түүнийг өнөө хэр дүүргийн намын хороонд өөрийнхөө гар, хамаатан садан, найз нөхдөө дүүргэн, шинэ чадварлаг хүмүүсийг авах боломжийг хааж, Баянзүрхийн АН-ыг ардчилалгүй нам болгож буйд гишүүд дэмжигчид нь бухимдалтай байна.
Тус намын залуу гишүүн Н.Элбэгбаяр “Саяхан бүх аймаг, дүүргүүдэд болсон намын хорооны гишүүдийг шинэ хүмүүсээр сэлгэх нөхөн сонгууль болсон. Гэтэл манай дүүрэгт нөхөн сонгууль нь хэзээ болох, тийш яаж орох нь тодорхойгүй, ямарваа зар мэдээлэл байхгүй, зөвхөн Д.Пүрэвдаваа, Т.Батцогт гэдэг хоёр хүний тохиролцоогоор хаалттай хүрээнд бүх асуудал шийдэгдэж байна. Энэ нам хоёр гурван хүний хувийн өмч биш байлтай.
Сонгуульд дүүргээ ялагдуулсан хүмүүс хариуцлага хүлээж, дараагийн шинэ удирдлага, чадварлаг манлайлагчдад халаагаа өгөх ёстой байтал өөрсдөө хөшигний ард нууц ноёнтон болж, мөнхийн эзэн суух башир санаа гаргаж байна. Дүүргийн намын хороонд шинээр элсч орох хүсэлтэй хүмүүсийн хүсэлтийг хүлээж авахгүй цаг хожиж байсаар өнөөдрийг хүргэлээ. ҮДХ, ДоСХ-нд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч сураг чимээ, хариу алга…” гэв.
Багахангайн АН-ын дарга хурлаа ч хийхгүйгээр “сонгогджээ”
АН-ын дотоодод бугшсан асуудал тэсэрч эхэлснийг батлах гурав дахь том кейс бол БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ. Багахангай дүүрэгт намын хорооны хурлаа ч хийхгүйгээр Д.Жүгдэр намын даргаар “сонгогджээ”. Баганхангай дүүргийн АН-ын ахмад гишүүн Хандаа “Манай нам дүрэмгүй нам болжээ. Дүрэм сахиулах, дүгнэлт гаргах үүрэгтэй Үндсэн дүрмийн хороо нь асуудлыг авч хэлэлцэхгүй, шууд зугатаж байна. Тэнд ямар нэг дүрэм үйлчлэхгүй, зөвхөн ой ширэнгийн хууль үйлчилж байна. Намын дарга, удирдлагууд мөн л гал барихаас зугатаж, зөнгөөрөө зодолдож байгаад хоорондоо шийд гэдэг байр суурь илэрхийлж байна.
Дүрэмгүй нам төрийн сонгуульд ялаад яах юм? Энэ Монгол Улсыг хуульгүй орон болгох юмуу? Би 30 жил АН-ын сонгуульд ажиллаж, Хан-Уул дүүрэгт болсон сонгуулиудад менежер хийхдээ нэг ч удаа ялагдаж үзээгүй. Нэр дэвшигчээ үргэлж ялуулж байсан. Би өөрөө хувийн хэвшилд ажилладаг, төрийн нэг ч ажил авч үзээгүй, авна гэдэггүй, зөвхөн итгэл үнэмшлээрээ сонгуульд оролцож, хувь нэмэрээ оруулаад явж ирсэн. Гэтэл одоо нүдэн дээр энэ нам дампуурч байгааг харахад үнэхээр бачимдаж байна…” хэмээн ярьж байна. Ийнхүү дунд шатны нэгжүүдэд мөнөөх л “Женко Баттулгын хүмүүс” асуудал үүсгэсээр. Үндсэн дүрмийн хорооны дарга гэж өөрийгөө тодорхойлсон Мягмардашаас авахуулаад дээр нэр дурьдагдсан хүмүүс бүгд “Женкогийн” үнэнч албатууд юм.
Ширлэсэн нүүртнүүд тэр хавиас төрж гардаг нь нөгөө л “Женко бол хүний нөөцгүй, хулгайчийн л нөөцтэй” гэдгийг эргэн сануулах мэт. Эвлэрлийн ээдрээт урт замыг туулах АН Кремлийн вирусээ хэзээ ялж гарах юм бол. Анхан дунд шатанд намын даргаа хүлээн зөвшөөрөгдсөн хурлаас, дүрмийн дагуу сонгохгүй бол, мордохын хазгай болж тухайн нутаг дэвсгэрт сонгуулиар ялагдал хүлээдэг нь өнгөрсөн хугацаанд нэгэнт батлагдсан зүй тогтол. АН-ыг ялагдуулах, ардчиллын нэр хүндийг унагах нь Кремлийн хүсэл сонирхолд нийцдэг нь ч нэгэнтээ илэрхий болсон зүйл.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13