УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Монгол Улсын төсвийн хууль баталлаа. Хугацаандаа амжиж баталлаа. 2022 оны өдийд буюу жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн өрийн нөхцөл байдал, ялангуяа гадаад өрийн асуудал, төсвийн орлого бүрдүүлэлт, валютын албан нөөц маш хүнд байсан. Ингээд Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сараас хатуу боловч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Ялангуяа нүүрс дагасан, далд эдийн засагтай хэсэгт нэлээдгүй тэмцэл өрнүүлсэн. Маш олон үйл явдал болсон. Ингэсний үр дүн гарсан. Дээр дурдсан гол гурван үзүүлэлт бүгд сайжирсан байдаг. Нэгдүгээр сард дефолт болох эрсдэлээс бие дааж бүрэн гарч чадсан.
Төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн. 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн. Түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоо тодотгол хийсэн нь энэ. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдах зардал байлаа. Эдгээр нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж оруулах суурь зардал шингэсэн. Энэ зардал нийт 3.4 их наяд болж байгаа. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй байхаа гэж бодож байна. Ирэх жилийн төсвийн зарлагын 4.9 их наядын 70 хувь буюу 3.4 их наяд нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл.
Ирэх жилээс Боловсролын багц хууль болон Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулиудыг дагаад шууд зардал нэмэгдэж байгаа зүйл бий. Мөн олимп, сонгууль гэхчлэн удаагийн арга хэмжээнүүд бий. Эрдэнбүрэнгийн УЦС-ын нөхөн олговрууд ч туссан.
4.9 их наядын 300 тэрбум буюу 5 хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж буй хөрөнгө оруулалтууд. Эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг өндөр өртөг шаардлагатай зүйлүүддээ бид гадаад зээл тусламж ашиглахаас өөр арга байхгүй. Ирэх жил шинж сэргэлтийн бодлогын хүрээнд ялангуяа эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалтын жил байх болно. Зарим тоо дурдвал,
- Эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Төсөв болон гадаад зээл тусламж нийлээд гэсэн үг. Ингэснээр 10-13 хувиар нөөц нэмэгдэнэ.
- Зам тээврийн салбарт 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1000 гаруй замын эхлэл болон үргэлжлэл хийгдэнэ. Мөн 350 тэрбум төгрөгөөр анх удаа их засвар хийнэ. Үүнийг дэлхийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. 2000 оноос эхэлсэн мянганы зам 2022 онд амжилттай дууссан. Энэхүү 7000км урт улсын чанартай зам эхнээсээ засвар нэхээд эхэлсэн. ЗТХЯ-ны гаргасан тооцооллоор жилд 500 тэрбум төгрөг шаардлагатай.
- БХБЯ-нд шилжих, шинээр нийлээд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- Хойд, урд хоёр хил дээр барилгын материалын чанар шалгах байгууламж баригдана.
Эрүүл мэндийн салбарт бид зураг төсөл нь хийгдсэн эмнэлгийн цогцолборуудыг эхлүүлж байгаа. Жишээлбэл, Эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн цогцолбор нэгдүгээр эмнэлгийн хашаанд баригдана. Манайх өөрсдөө хийсэн маш сайн ТЭЗҮ-тэй. Гурван жилийн дараа гэхэд өөрсдийн гэсэн үндэсний томоохон эмнэлэгтэй болно.
Соёлын төвүүдийг хүмүүс шүүмжлэх хандлагатай байдаг. Үүн дээр би эсрэг байр суурьтай байна. Улаанбаатар хотын иргэд соёлын томоохон байгууллагуудаар үйлчлүүлээд хөдөө орон нутгийнхан хоцордог байж болохгүй. Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдлийг зогсоохын тулд соёлын бүхий л үйлчилгээгээр хангаж өгөх ёстой" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 22 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14