Сайдын суудлаасаа ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү, Г.Сайханбаяр аа

Admin | 2023-11-15


   Дахин энхийн цагт эх орныхоо дуудлагыг хүлээж аваад цэрэгт мордсон залуу эргэж ирсэнгүй. Түүнийг “унтаад сэрээгүй” гэж албаныхан мэдээлсэн. Харин Батлан хамгаалахын сайд нь “Би энэ хэргийг мэдэж байна. Гадны нөлөөгүй” гээд шүүх шинжилгээний байгууллагаас өмнө ам мэдэн дураараа чалчиж сууна. Эцэг эх нь өвлийн хүйтэнд хөлдүү цемент дээр цурхирч суухад салбарын сайд нь ганц удаа гарч ирээд тайлбар хийсэнгүй. Монголын сайдуудтай уучлал гуйх талаар яриад ч хэрэггүй. Бусад оронд өдийд асуудлыг барьж аваад Г.Сайханбаярыг дүүжлэх үү, дэнслэх үү хэмжээнд хүрчихсэн байгаа. Харин манайд Г.Сайханбаяр нь сайдынхаа суудалтайгаа яажшуухан үлдэх үү гээд утасны цаанаас томроод сууж байна.

Дахиад л “унтаад сэрээгүй” гэсэн үгээр монголчуудын амыг хааж сууна. Тэдний амнаас цэрэг нас барах болгонд “амиа хорлосон”, “өөрийгөө боомилсон”, “гүйлтийн үед бахардаж унасан” гэсэн үгээр амиа хоохойлдог боллоо. Энэ олон сайхан залуусын амийг хэн төлөх вэ, хэн хариуцлага хүлээх вэ Г.Сайханбаяр сайд аа.

Зөвхөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын үед амиа алдсан цэргийн тоо нэг ангийг дүүргэхээр хэмжээнд хүрээд байна. Сүүлийн гурван жилд 2021 онд 5 цэрэг,  2022 онд 4 цэрэг, 2023 онд 5 цэрэг амиа алджээ. Цэргийн дэглэм, оны ялгаа, ангийн даргын дарамт гээд энэ их яргаллын золиосонд хэдэн цэргийн амь хэрэгтэй юм бэ. Энэ удаагийн цэрэг унтаад сэрээгүй гэх боловч гадны нөлөөтэй байвал яах вэ. Салбараа самарч байгааг чинь ард түмэн хангалттай харлаа. Хүний амиар ажил чинь хэмжигдэж байна. Тиймээс сайдын суудлаасаа огцорч, хариуцлагаа хүлээнэ үү, Г.Сайханбаяр сайд аа.

Сүү өргөөд эх орондоо даатгасан аав, ээжийн сайхан хөвгүүд гэртээ халагдаж ирсэнгүй, үүрд хорвоог орхижээ. Энхийн цагт эх орондоо зүтгэж байгаа хүүгээ ирэхгүй гэж хэн санах билээ. Эрүүл саруулаар нь шилж аваад эх орон нь аваад явсан хүүгээ эндчих юм гэж хэн бодох билээ. Иймд энэ асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй байна. Цэргийн албыг танихаараа биш чаддагаар нь удирдуулъя...

 

Д.СҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)