Хуульч Ч.Өнөржаргал 2024 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн "хориг" тавих өргөдөл Ерөнхийлөгчид гаргаснаа Төрийн шуурхай шуудангаар хүргүүлжээ. Тэрээр өргөдөлдөө хэд хэдэн хууль зөрчсөн асуудлыг онцолсон байна.
Тухайлбал, 2024 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг огт зохион байгуулаагүй, төсвийн тухай хуулиар Сонгуулийн тойрог бүрт 3 тэрбум төгрөг тусгагдсан асуудал нь иргэдийн бухимдыг төрүүлж байгааг дурьдсан байна.
Мөн Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу өөрчлөлт орсон 7 хуульд зохих судалгаанууд хийгдээгүй буюу “хууль, тогтоомжийг батлах процессын шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн болохыг онцлон бичжээ.
Монгол Улсын иргэний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд явуулсан өргөдлийн бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАНАА,
Монголын Улсын иргэн Ч.Өнөржаргал миний бие нь 2024 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан энэхүү өргөдлийг гаргаж байна.
Улсын их хурал Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг огт зохион байгуулаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Төсвийн суурь зарчмуудыг хэрхэн хангасан талаар хэлэлцэлгүй баталсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасныг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.
Улсын их хурлын Тамгын газар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг Иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байсан алхмаасаа ухарсанд иргэний хувьд харамсаж байгаагаа энд дурьдая.
Улсын их хурлын дарга Г.Занданшатар 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах Улсын Их Хурлын чуулганыг даргалахаас татгалзан гарсан, Сангийн сайд Б.Жавхлан Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нарын Улсын Их Хурлын гишүүдийн асуултад туйлын ажил хэрэгч бус байдлаар хандсан зэрэг нь 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөл маш их алдаа мадагтайгаар батлагдсаны нэг илэрхийлэл юм.
Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Улсын Их Хурлын 2024 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа гэж найдаж байгаа бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын хууль бус эс үйлдэхүйг залруулах нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7-д “Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.”, мөн зүйлийн 8-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.” Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан бүрэн эрхийнхээ дагуу 2024 оны Төсвийн тухай хуулийн зарим хэсэгт хэсэгчлэн хориг тавьж өгнө үү. Үүнд:
- Төсвийн тухай хуулиар Сонгуулийн тойрог бүрт 3,000,000,000 төгрөг тусгагдсан асуудал нь иргэдийн бухимдыг төрүүлж байна.
Засгийн газар Улсын Их Хурлын гишүүдэд хамгийн багадаа тус бүр 3,000,000,000 төгрөгийг “сул хаяж байгаа нь” эдийн засгийн судалгаагүйгээр төсвийн хөрөнгийг зарцуулан Төсвийн тухай хуулийн төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх зэрэг суурь зарчмуудыг тус тус шууд зөрчиж байгаа хууль бус үйлдэл байж болзошгүй бөгөөд Улсын их хурлын гишүүдийн өөртөө давуу байдал хууль батлах замаар олж авч байгаа үйлдлийг таслан зогсоох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн хууль дээдлэх зарчимд нийцэх юм.
Нөгөө талаар 2024 оны Улсын их хурлын сонгуулийн жил ирсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын одоо байгаа гишүүд сонгуульд өрсөлдөхөд давуу байдал угаас байдаг бөгөөд дээрхи 3,000,000,000 төгрөгийг зарцуулалт тодорхойгүйгээр баталсан бол Улсын Их Хурлын сонгуульд оролцогч нараас илт давуу гарааны нөхцлийг олж авахад хүргэх тул тухайн зүйл хэсэгт “хэсэгчлэн” хориг тавьж өгнө үү.
Монгол Улсын хувьд Авилгатай тэмцэх, Хуулийн засаглалыг бэхжүүлэх асуудал үндэсний хэмжээний асуудал болсон атал Хууль сахиулах болон Шүүх эрх мэдлийн байгууллагуудын хөдөлмөрлөх орчин нөхцлийг сайжруулах зэрэгт Засгийн газар, Улсын Их Хурал хэлбэрийн төдий хандаж ирсэн байх бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуулиар Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн байрыг өргөтгөх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн байрыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлэн, уг байрыг нураан шинээр барих, Нийслэлийн шүүхийн байрыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжөөр хангах, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн байрыг сантехникийн асуудлыг засварлах зэргийг дахин шийдвэрлэхгүйгээр үлдээлээ.
Шүүх эрх мэдлийг эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд “хүйтэн сэтгэл”-ээр хандсаар ирсэн Засгийн газар, Улсын Их Хурлын дээрхи үйлдлүүдэд цаашид анхааралдаа хандахыг хүсч байна.
- Засгийн газар 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг батлахтай зэрэгцүүлэн 21 Дагалдах хуулиудад Нэмэлт, өөрчлөлт оруулан батлахаар оруулж ирсэн байдаг. Үүнээс
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай хамаарал бүхий 3 хуулийн төсөл:
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай
Геодези зураг зүйн газрын чиг үүргийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхтэй холбоотой 6 хуулийн төсөл:
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
Гэтэл дээрхи 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь 2024 оны Төсвийн тухай хуулийг дагаж батлагдах тухай шаардлага огт байхгүй байх бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган, улмаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 76 дугаарт тогтоолд тусгагдаагүй болно.
Улсын их хурлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхайн биржийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хуулийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд уг хэм хэмжээг зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон эдийн засгийн үр өгөөжийг тооцсон судалгаа авагдаагүй байна.
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шилжүүлэх тухай эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу явуулах учиртай.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “хамгийн эхний шаардлага” бол Хууль тогтоожмийн төлөвлөлтийн шаардлага байх бөгөөд уг хуулийн төсөл нь Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгагдсан байх ёстой.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 12 дугаар тогтоолд Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шилжүүлэх асуудлыг дагасан хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгагдан төлөвлөгдөөгүй, мөн Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу зохих судалгаанууд хийгдээгүй буюу “хууль, тогтоомжийг батлах процессын шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн байх тул 2024 оны Төсвийн тухай хуулийг дагаж батлуулсан дээрх нэр бүхий 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсэгт “хэсэгчлэн” хориг тавьж өгнө үү.
Өргөдөл гаргасан: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Ч.ӨНӨРЖАРГАЛ
2023.11.13
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13