Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд мөн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийв. Гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуурт шилжүүлэх, гэр орон сууцны дулааны алдагдлыг багасгах ажлуудыг богино, дунд хугацаандаа зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй цахилгаан болон хосолсон хөдөлгүүрээр солихоор төлөвлөн ажиллаж байна гэсэн юм. Мөн урт хугацаандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины гааль татварын цогц бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэн, гэр хорооллын айл өрхүүдийг “Дэд төв”-д холбох замаар орон сууцжуулах аж.
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдийн судалгааг гарган ажиллаж буй талаараа мөн танилцууллаа. Судалгаанаас харахад ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага хангаагүй уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82,429 зуух, угаар мэдрэгч төхөөрөмжгүй 51,559 айл өрх байна. Иймд айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчээр хангах, цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалж байна гэсэн юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулж байж агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг ярих нь зөв. 2024-2026 оны санхүүгийн жилд гэр хорооллын 20,000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны хорооллуудад ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг төлөвлөсөн ажил бий. Шаардлага хангахгүй байгаа зуухнуудыг шинэчлэх ажлыг ч мөн төлөвлөгөөнд тусгаад байна” гэсэн юм.”
Арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ боловсруулах нээлттэй тендерийг зарлана
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 205 автобус орж ирсэн байна. Харин энэ онд 465 тээврийн хэрэгслийг насжилтаар нь үйлчилгээнээс хасах аж. Сүүлийн 4 жилд нийт 470 автобусаар парк шинэчлэлт хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 600 автобус худалдан авах тендер зарлана гэлээ. Мөн стандартын шаардлага хангасан дулаан автобусны зогсоол байгуулж, богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийн хүрээнд 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгслийг зорчуулах бөгөөд үндсэн гол гудамж замуудад 2 минутын интерваль, бусад чиглэлд 10-15 минутын интервальтай байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана” гэдгийг хэлж байлаа.
Харин Хотын дарга Х.Нямбаатар хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13