Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа

Admin | 1 Жилийн өмнө


Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оныхоос 29.9 хувиар өссөн дүн аж. Тэгэхдээ 93.1 хувь нь татварын орлогоор, үлдэх хувь нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. Харин төсвийн нийт зарлагын 46.3 хувь буюу 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж, холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал...зэрэг нь томоохон зардлуудыг эзэлж байна.

Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон бол Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг байхаар хуваарилжээ. Төсвийн хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 630 гаруй санал ирүүлснийг Засаг дарга онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж. Тэр тусмаа УИХ-аар баталж буй нийслэлтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад 2024 оны төсөв чиглэгдэнэ гэдгийг Засаг дарга энэ үеэр хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)