Бидний өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэсэг бол нойроо хангалттай авах билээ. Харин техник технологи хөгжсөн өнөө цагт олон хүний дунд нойр гэдэг нь том асуудал болжээ. Зарим хүн олон цагаар унтах нь сайн амралт болдог гэдэг бол нөгөө хэсэг нь цөөн цаг унтах нь үр дүнтэй ч гэдэг. Эдгээр асуултандаа хариулта авахаар мөн нойртой холбоотой сүүлийн үеийн сонирхолтойг мэдээллийн талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, АУ-ны магистр П.Энх-Учралтай ярилцлаа.
-Нойргүйдэл гэж яг юу болох талаар та шинжлэх ухааны талаас нь бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?
-Нойргүйдэл гэдэг нь хүн шөнө өөрийн тогтсон цагтаа унтаж чадахгүй, удаан хөрвөөх, унтаж байхдаа олон дахин сэрэх, сэрчхээд буцаж унтаж чадахгүй байх, эсвэл сэрдэг цагаасаа хэт өмнө сэрэх зэрэг эдгээр байдал нь долоо хоногийн ихэнх өдөрт давтагдаад байвал нойргүйдэл гэж үздэг. Мөн хэдий хангалттай цагаар унтах боловч өглөөд амарсан, цовоо сэргэг байдалтай сэрж чадахгүй байхыг ч мөн нойргүйдэлд багтаан авч үздэг.
-Нойргүйдлийн эмгэг гэж ярьдаг. Ямархуу шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Хүн олон хоног нойргүй явбал бие болон оюуны маш их ядаргаа сульдаанд орно. Ингээд ирэхээр ачаалал даах чадвар буурах, юм амархан мартах, аливаа зүйлд хэт мэдрэгшиж, цочромтгой болдог. Мөн сэтгэл санаа тогтворгүй болох, хөнгөн гунигт автах, анхаарал төвлөрөх чадвар буурна. Ингээд ч зогсохгүй асуудалд хандах, шийдэх чадварууд буурах гээд олон сөрөг шинж тэмдгүүд бий болдог.
-Хүн өдөрт 8 цаг унтсан байхад хангалттай гэдэг. Гэвч зарим хүн түүнээс их цаг унтсан ч амарсан мэдрэмж авдаггүй. Энэ тухайд?
-Олон улсад хэвийн нойрыг 7-9 цаг гэж үздэг. Гэхдээ хүн хүний онцлогоос хамаарч 5-9 цагийг хэвийн нойр авах цаг гэж үздэг.Таван цагаас бага унтах юмуу 9-өөс дээш цаг унтах аль аль нь хэвийн биш нойронд тооцогддог. Тухайлбал өмнөх шөнөдөө бага нойртой унтаад түүнийгээ нөхөх гэж л дараах өдрүүдэд 9-ээс дээш цагаар буюу олон цагаар унтаж болно. Хэрэв тийм биш хэтийн үедээ хэт их цагаар унтах нь өөрөө далд сэтгэл гутрал байгааг илтгэдэг.
-Удаан хугацаанд муу нойртой явбал ямар сөрөг үр дагавартай вэ?
-Нойргүйдэл эцэстээ нас богиносоход хүргэнэ. Нойр бол хүний цэнэглэгч. Хүн нойрсож өөрийгөө ажиллуулах батарей буюу зайг цэнэглэдэг. Хэрэв нойр дутуу бол дандаа дутуу цэнэгтэй л явна гэсэн үг. Бидний гар утас дутуу цэнэгтэй байхад гацах, удах, гэрэл нь бүдгэрэх, зарим үйлдэл нь ажиллахаа болих гээд л асуудлууд гардаг шүү дээ. Бидний сэтгэцийн үйл ажиллагаа үүнтэй л ижил болно гээд ойлгоход илүү хялбар болов уу.
-Нойргүйдэл нь бусад эрхтэн системүүдэд яаж нөлөөлөх вэ?
-Нойр олон эрхтний үйл ажиллагааг хэвийн байх боломжоор хангадаг зүйл юм. Хүн бүрэн унтсанаар өлсөж цадах мэдрэмж хэвийн явагддаг, бодисын солилцоо зөв гольдролдоо ордог, олон гэмтэж эвдэрсэн, хөгширсөн эсүүдийн цэвэрлэгээ ч явагддаг. Нэг жишээ дурдъя л даа. Дутуу нойртой явахад тархи өөрийгөө ажиллуулах цэнэгийг бүрэн хурааж амждаггүй учраас өөрийгөө ажиллуулах цэнэгийг хоол хүнсээр авах болдог. Энэ нь чихэрлэг бүтээгдэхүүнүүд юм. Тэгэхээр хүн хэт их чихэр идэж таргалах шалтгаан болно. Нөгөө талаар хүнд цадсан мэдрэмж өгөх дааврын нийлэгжилт нойр дутуу байхад алдагдсанаас хэт их өлсөж хэт их идэж эхэлдэг.
-Хүмүүс нойр хулжчихлаа. Их ядарсан ч унтаж чадахгүй байна гэдэг. Энэ үед яах ёстой вэ?
-Хүнд ер нь нойргүйдэх үе хааяа гарч болно. Робот шиг шөнө бүр унтах албагүй шүү дээ. Ямар нэгэн шалтгаанаар ганц нэг шөнө нойр хулжиж болно. Гэхдээ олон хоног нойргүйдвэл мэргэжлийн хүнд хандаж өөрийн нойрны дэглэмээ судлаад түүнийгээ зөв болгох, цаашлаад илүү нарийн тусламжийг авах нь зөв байдаг.
-Өдрийн цагаар унтахын давуу тал нь юу вэ?
-Хүн биологийн хэмнэлийнхээ дагуу өдөр 1-3 цагийн хооронд нойрмоглодог энэ үед дуг хийвэл тархины үйл ажиллагаанд сэргэлт бий болно. Гэхдээ өдөрт 25-30 минутаас илүү удаан дуг хийх нь шөнийн нойрсох хэрэгцээг багасгаж нойрны дэглэмийг алдагдуулах уршигтай байдаг. Тиймээс хэрвээ та дуг хийх бол сэрүүлэг тавиад 25-30 минутад л багтааж унтахыг хичээгээрэй гэж зөвлөх байна.
-Нойргүйдлээс салахад ямар арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй байдаг вэ?
-Энд маш олон зөвлөмж өгч болох ч хүн бүхэн хийж чадах хамгийн амархан атлаа хамгийн чухал зөвлөмжийг өгье. Энэ алхам бол тогтмол цагт сэрж сурах юм. Хүн тогтмол цагт сэрдэг болбол аяндаа тогтмол цагт унтаж эхэлнэ. Нэг цагт сэрж, нэг цагт унтах нь өөрөө эрүүл зөв нойрны дэглэмийн үндэс юм шүү. Тиймээс нойргүйдлээ засахыг хүсвэл хамгийн түрүүнд тогтмол цагт л сэрж сураарай.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13