“Хүний эрх хамгаалагч-ЗОРИГТОН-2023” арга хэмжээ болно

Admin | 2023-11-29


Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал-75 жил, Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй НҮБ-ын “Хүний эрх-75” санаачилгыг ХЭҮК дэмжин ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. 

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал болохыг хүлээн зөвшөөрөхийн сацуу хүний эрхийн төлөө тэмцэгч, хамгаалагчдын өөрсдийнх нь эрхийг хамгаалахад чухалчлан анхаарч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал)-ыг баталснаас хойш 25 жил өнгөрчээ. 

Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход өөрсдийн дуу хоолойг хүргэн, олон талт хэлбэрээр сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. 

Монгол Улс нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан, хэрэгжүүлсэн Ази тив дэх анхны улс орон болсон.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдож, Комиссын Тамгын газарт Хүний эрх хамгаалагчийн хэлтэс, мөн хүний эрх хамгаалагчийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд томилогдон ажиллаж байна. 

Хүний эрхийн Үндэсний Комисс, "Монголын Эмнести Интернэшнл", "Монголын Эмэгтэйчүүдийн Сан", "ОюуТолгойн хяналт" Төрийн бус байгууллага, "Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв" байгууллагууд хамтран Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг, тэдэнд тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар олон нийтэд таниулах зорилгоор “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” хөрөг найрууллын уралдааныг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын дунд 5 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ удаагийн “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023" хөрөг найрууллын уралдааныг хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж буй хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг тодорхой бодит жишээн дээр харуулах зорилгоор “Мобайл журнализм” (МОЖО)-ийн арга, техник ашиглан “Хүн төвтэй түүх” бүтээх бүтээлийн төрлөөр 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зарласан.

Уралдааны хүрээнд мэдэх эрх, сонгох эрх, цэвэр усаар хангагдах эрх, эмэгтэйчүүдийн эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хамгаалагчдын талаарх сэтгүүл зүйн МОЖО төрлийн 11 бүтээл хүлээн авсан. 

Тус уралдаанд оролцож, шагналт байр эзэлсэн бүтээл шалгаруулах арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын nhrcm.gov.mn цахим хуудас болон "Монголын Эмнести" Интернэшнлийн amnestymongolia8@gmail.com, "Оюу толгойн хяналт" Төрийн бус байгууллагын otwatch@gmail.com хаягаар авна уу. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)