Хот нийтийн аж ахуйд ашиглах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэв

Admin | 2023-11-16


Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт  оруулах төслийн  талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор төлөөлөгч Б.Нэргүй “Нийслэлийн орлогыг төлөвлөхөд учир дутагдалтай байна гэж харж байна. Нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгоход ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Бидэнд татварын орлогоо нэмэгдүүлэх олон боломж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ААН, байгууллагууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид эрх тэгш өгөх хэрэгтэй. Барилгын материлын Зуун айл, Нарантуул зах, автомашины худалдаа зэрэг томоохон газрууд болон зарим худалдаа үйлчилгээний байгууллага НӨАТ огт өгдөггүй. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон.  Түүнчлэн газар, үл хөдлөх хөрөнгөд ч зохих хэмжээний татварыг ногдуулдаг байх шаардлагатай байна” гэв. Харин төлөөлөгч Н.Баярмөнх “Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжид 14.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсвийн тодотголд тусгажээ. Ганцхан өвлийн улирлыг харах бус хаврын халиа, үерийг ч тооцох ёстой. Тиймээс тодотголоор дүүргүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд авах төсвийг суулгаж, шийдвэрлэхийг хүсэж байна” гэв. Төлөөлөгч Ч.Раднаабазар “Орон сууцжуулах төсөл 6 дүүрэгт хэрэгжиж байгаа. Налайх дүүрэгт шаардлага хангаагүй 4 барилга байна. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг төслийн ажлыг хэрэгжүүлэх зарчмын саналтай байна” гэв. Төлөөлөгч Б.Мөнхбат боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэх ёстойг анхаарууллаа. Мөн он дамжин хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгах шаардлагатай байгааг онцоллоо. Төлөөлөгч С.Эрдэнэбаяр “Багахангай дүүргийн Соёлын ордны төсвийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт бодитой суулгахыг хүсээд төсвийн хөрөнгийг эргээд нийгэмдээ үр ашигтай байхад анхаарч, үйлдвэр технологийн 4 паркийн ажлыг идэвхжүүлэн, дуусгах хэрэгтэй” гэж саналаа хэллээ.

Төлөөлөгч М.Тулгат төсвийн тодотголд хөрөнгийн зардлаас хасаж буй барилга байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл  танилцуулахыг  НЗДТГ-аас хүслээ.  

Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч П.Сайнзориг “Хөрөнгийн зардлаас 15.2 тэрбум төгрөгийг бууруулж, тодорхой шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ. Хасагдаж буй хөрөнгийн зардалд Нийслэлийн архивын барилга, Баянгол дүүргийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн барилга, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Зорчигч тээвэр 3-ын Автобус паркийн хоёрдугаар ээлж, инженерийн шугам сүлжээ, Цахим Улаанбаатар төсөл зэрэг багтаж байна” гэсэн юм.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг маргааш буюу баасан гарагт хийнэ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)